“Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлэг” нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болно

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

“Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлэг” нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болно

  Эрдэс баялгийн салбарын “Малгай” хууль буюу Ашигт
малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг УИХ хаврын
чуулганаар багтаан хэлэлцэхээр төлөвлөсөн. 
Олон удаа зүсээ хувиргасан гэх тодотголтой энэхүү хуульд зарчмын чухал
өөрчлөлтүүд орох шаардлагатай хэмээн төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн
холбоод, эрдэмтэн судлаачид үзэж буй. Энэхүү хууль чухамдаа ямархуу өнгө
төрхтэй гарч ирэхээс Монголын уул уурхайн салбарын тогтолцоо эрүүлжих эсэх нь
хамаарах  юм.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,
УИХ, Засгийн газрын дэргэд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт
оруулахтай холбоотой саналуудыг нэгтгэж боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгүүд
дор бүрнээ идэвхтэй ажиллаж байгаа билээ. 

  
Уул уурхай, эдийн засгийн Mongolian Mining Journal
сэтгүүл  “Ашигт малтмалын тухай хуулийн
хэлэлцүүлэг” нэвтрүүлгийн эхний дугаараа 
“Ийгл” телевизээр хүргэх гэж байна. Зургадугаар сарын 19-ний ням
гаригийн 19  цагаас олон нийтэд хүрэх юм.
Хэлэлцүүлэгт  Монголын уул уурхайн
ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын
Байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр,
УИХ-ын гишүүн С.Оюун, Ашигт малтмалын газрын Уул уурхай судалгааны хэлтсийн
дарга Ц.Даваацэрэн, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны тэргүүн
Д.Бат-Эрдэнэ, Монголын экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж, Ашигт
малтмалын баяжуулагчдын холбооны хүндэт Ерөнхийлөгч М.Дамдинсүрэн, Эрдэс баялаг
зүйн ухааны доктор Ч.Хурц, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатар  оролцож, байр сууриа илэрхийллээ.  

   Монголын уул уурхайн салбарт хуримтлагдаад буй ээдрээтэй
олон асуудлыг эмх цэгцэнд оруулах чухал зорилго бүхий Ашигт малтмалын тухай
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл тойрсон хэлэлцүүлгийн эхний хэсгийг   Mongolian Mining Journal сэтгүүл 2011 оны
зургадугаар сарын   №006 /032/ дугаартаа
нийтэлсэн билээ. Мөн хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн үнэ цэнэтэй саналуудыг төр
засаг болоод олон нийтийн сонорт хүргэх 
зорилгоор  телевиз, сайт, өдөр
тутмын хэвлэлүүдээр давхар цацаж буйг онцолъё. Энэхүү хэлэлцүүлэг нь
хуулийн  төслийг УИХ-аар хэлэлцэн батлах
хүртэл үргэлжлэх юм.

                                                                                                                                          
Г.Идэр  

                                                                                                                                         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж