Чангалсан бүсний эрч сулрахгүй

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Чангалсан бүсний эрч сулрахгүй

-Эдийн засгийн уналт 2016 онд ч үргэлжилнэ гэж таамаглаж байна-

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2015 оны эхний есөн сарын байдлаар Монгол улсын ДНБ-ий өсөлт 2.5 хувьтай гарчээ. Харин Монголбанкны мэдээгээр өнгөрч буй 2015 онд эдийн засгийн өсөлт огцом саарч, 2016 онд төдийлөн өөрчлөгдөхгүй, потенциал үйлдвэрлэлийн түвшнээсээ доогуур хадгалагдахаар байгаа аж. “Эдийн засгийн өсөлт огцом саарч 2015 оны эцэст дөрвөн улирлын нийлбэрээр хоёр орчим хувьд хүрэхээр байна” гэжээ. 2014 онд эдийн засгийн өсөлт 7.8 хувьтай гарч байсантай харьцуулахад энэ бол үнэхээр огцом саарсан гэсэн үг. Жилийн эдийн засгийн өсөлт нь 17 хувьд хүрч дэлхийн хамгийн хурдацтай өсч байгаа орноор нэрлэгдэж байсан 2012 оноос хойш ийнхүү гуравхан жилийн дотор дэлхийн хамгийн огцом эдийн засгийн уналттай орны тоонд багтахаар боллоо.

Оны турш эдийн засаг муу байна, хямрал болж байна хэмээн ярьсан. Харин мэргэжлийн хүмүүс эдийн засгийн онолын хувьд энэ бол хямрал биш, хүндрэл хэмээж байгаа. Онолын хувьд ДНБ буурах, зээл олголт зогсох, үнэ огцом өсөх, эсвэл буурах, ажилгүйдэл өсөх зэрэг үзүүлэлтэд үндэслэн хямрал болсныг тодорхойлдог байна. Гэсэн ч жирийн иргэдийн хувьд орлого буурах, цалин нь нэмэгдэхгүй байх, гэр бүлийн ердийн хэрэглээгээ хангаж чадахгүй байх нь хямрал юм. Энэ жилийн хувьд цалин нэмсэн аж ахуйн нэгж хэд байгаа бол. Цалингаа тавьж чадахгүй сул зогссон гэсэн мэдээ хавраас хойш тасраагүй гэж хэлэхэд болно. Монголбанкны дүгнэлтээр иргэд зээлээр өрхийн хэрэглээгээ хангаж эхэлжээ. “Эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил саарч, өрхийн сарын дундаж орлого буурч байгаа үед өрхүүд хэрэглээний өсөлтөө зээлээр санхүүжүүлж байна. Нийт зээлийн хэмжээ жилийн өмнөх түвшнээсээ буурч байгаа боловч өрхүүдийн хэрэглээний зээл жилийн өмнөх түвшнээсээ найман хувийн өсөлттэй байна. Харин өрхийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар буурсан бөгөөд үүнд цалин, хувийн аж ахуйн орлого буурсан нь голлох нөлөөг үзүүллээ” хэмээн дүгнэжээ.

Монгол улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал ингэж муудах болсныг дараах хоёр хүчин зүйлээс болсон гэж тайлбарлаж байгаа. Үүнд, хөрөнгө оруулалт хумигдсан, экспортын өсөлт буурсан. Хөрөнгө оруулалтын хумигдах шалтгаан бидний өөрсдийн харалган бодлогоос болсон бол хоёр дахь шалтгаан дэлхийн түүхийн эдийн зах зээлийн үнэ унасантай холбон тайлбарлаж байгаа. Гэсэн ч хоёр дахь шалтгаан нь ч гэсэн биднээс өөрсдөөс болсон. Эдийн засгаа солонгоруулна, зөвхөн уул уурхайн шүтэж амьдрахгүй гэж олон жил ярьж байгаа ч ярихаас цааш гараагүйтэй холбоотой.

Энэ оны төсвийг хоёр удаа тодотгосон нь чухамхүү уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос орж ирэх орлогыг хэтэрхий өөдрөгөөр харж төсвөө баталсанаас үүдэлтэй юм.

Харин энэ онд инфляцийн түвшин төсөөлж байснаас ч доогуур түвшинд байгаа нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байгаагаа хамгийн голлох шалтгаан нь махны нийлүүлэлт эрс нэмэгдэж, өнгөрсөн оныхтой харьцуулахад нэг килограмм махны үнэ 2-3 дахин буурсантай холбоотой. 2015 оны Мөнгөний бодлогод энэ оны эцэс гэхэд инфляцийг долоон хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан. Харин энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар инфляци 2.9 хувьтай байгаа юм. Махны нийлүүлэлтээс гадна дотоод эрэлт хумигдаж, эдийн засгийн өсөлт саарсанаар эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт буурсан, төгрөгийн ханшийн сулрах хурд 2014 оны сүүлийн хагасаас саарч эхэлсэнээр хэрэглээний импортын үнийн өсөлт сөрөг болсон нь хэрэглээний сагсан дахь импортын барааны үнийг бууруулах нөлөөг үзүүлж байна, мөнгөний бодлогын хүүг 2015 оны нэгдүгээр сард нэг нэгж хувиар нэмэгдүүлж, уламжлалт бус аргаар нийлүүлж байсан мөнгөний тэлэлтийг бууруулж мөнгөний бодлогын төлөвийг хатууруулсан зэрэг хүчин зүйлийг Монголбанк дурдаж байна.

2016 онд эдийн засаг сайжрах уу?

Харамсалтай нь энэ асуултад нааштай хариу олдохгүй байна. Эдийн засгийн уналт 2016 онд ч үргэлжилнэ гэж таамаглаж байна. Хэдийгээр улирч буй оны эцэст хоёр жил шахам гацсан Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг босгож чадсан ч эдийн засагт шууд ирэх өгөөжийг бид 2016 ондоо үзэхгүй. Манай экспортын гол бүтээгдэхүүнүүд болох зэс, нүүрсний үнэ гадаад зах зээлд унасаар байгаа бөгөөд эргэн хэзээ өсөх таамгыг гаргахад төвөгтэй хэвээр байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ супер цикл буюу арав орчис жилээр өсч, урууддаг зүйл тогтол бий гэх боловч энэхүү супер циклийн онол энэ удаа эвдэгдэх магадлал өндөртэй гэж гаднын шинжээчид бичиж байгааг тоолгүй орхиж болохгүй. Төмөр зам тавьж, тавьсан төмөр замаараа нүүрсээ зөөгөөд Хятад болоод Азийг хангана хэмээн өөдрөгөөр ярьж байсан 2012 онтой харьцуулахад байдал ихээхэн өөрчлөгдөөд байна. Дэлхий даяараа түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзах хандлага давамгай болж ирж байна. Нүүрс шингэрүүлэх төслийг гадаадын хэд хэдэн оронтой хийнэ хэмээн Монголын нэг бус компани өнгөрсөн жилүүдэд ярьж байсан ч ажил хэрэг болсон нь бас л үгүй.

Монголчын эрх баригчдын хаврын тэнгэр шиг бодлого, шийдвэрээс болж хоёрхон жилийн дотор бараа сураггүй талийж одсон хөрөнгө оруулагчид буцан ирэх магадлал бас л алга. Тэр тусмаа ирэх жил бид шинэ парламентаа сонгох учиртай. Парламент болоод Засгийн газрын залгамж халаа байхгүй, шинэ ирсэн дарга болгон өмнөхөөсөө тэс хөндлөн зүйл ярьж, өмнөх бодлогоо үгүйсгээд эхэлдэгийн мэдэхийн хувьд сонгууль болох жил орж ирж хөрөнгөө үрэх тэнэг хөрөнгө оруулагч одоо байхгүй нь тодорхой.

Мөн төсвийн мөнгийг сонгуулийн амлалтандаа тохируулан баталж, өөрсдийнх төлсөн мөнгөөр гурил, будаа тараадаг явдлыг халсан ч энэ жилийн сонгуулиййн хувьд орон сууцны ипотекийн зээл гэдэг молиго явах нь тодорхой байна.

Эдийн засгийн ил тод байдлын хууль, шинээр хэрэгжиж эхлэх НӨАТ-ын хуулиар санхүү, бизнесийн шинэ орчин бий болж байгаа нь харин сайн мэдээ юм. Гэсэн ч энэ арга хэмжээний үр дүн ирэх ондоо тийм ч хурдан гарахгүй. Өөрөөр хэлбэл, 2015 оны чангарсан бүсний эрч ирэх жил ч сулрахгүй нь.

Д.НАРАНТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж