Хойд Солонгосын үйлдлийн систем тагнуулын хэрэгсэлтэй

Хуучирсан мэдээ: 2015.12.29-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын үйлдлийн систем тагнуулын хэрэгсэлтэй

 

Хойд Солонгост хэрэглэгддэг “Red Star OS” компьютерийн үйлдлийн систем нь дотроо нууц тагнуулын хэрэгслүүд агуулдаг болохыг Германы мэргэжилтнүүд олж илрүүлжээ. Уг үйлдлийн системд “нуусан” тагнуулын хэрэгслүүд нь интернетэд холбогдоогүй үед ч тухайн компьютер дэх бичиг баримтыг нягталж, тэмдэглэн мөшгөх чадвартай гэнэ. Ингэснээр тухайн тэмдэглэсэн файлыг хуулж дамжуулсан компьютерүүдийг тогтоох боломжтой аж. Түүнчлэн уг үйлдлийн систем нь сэжигтэй файлыг хэрэглэгчийн зөвшөөрөл шаардахгүйгээр устгах тохиргоотой гэнэ. Мөн хэрэглэгчид “Red Star OS” үйлдлийн системийг өөрчлөх бараг боломжгүй аж.

 

“Microsoft Windows” – ийг ашигладаг байсан Хойд Солонгосчууд “Red Star” үйлдлийн системээ 2002 оноос хөгжүүлж эхэлжээ. “Linux”- т суурилсан энэхүү үйлдлийн системийн 3.0 хувилбарыг 2013 онд гаргасан ч иргэд нь “Red Star 2.5” – ыг нь түгээмэл хэрэглэдэг гэнэ. “Red Star 3.0” үйлдлийн системийг хүмүүс маш бага мэддэг бөгөөд зөвхөн Солонгос хэл дээр ашиглах боломжтой байдаг аж . “Red Star 3.0” үйлдлийн систем “Apple” – ийн “OS X” – тэй маш адилхан дизайн, үйлдэлтэй гэнэ. Шинэ хувилбарыг ингэж гаргах санааг удирдагч Ким Чен Ун 2013 онд өөрийн “iMac” – аасаа авсан гэж үздэг.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж