Сэлгэн суулт үнэгүй болгосон үеэс буюу энэ сарын эхнээс “Улаанчулуутаас -МУИС” хүртэл том оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэмэлтээр гаргасан нь олон иргэний талархлыг хүлээгээд байна. Дээрх чиглэлийг нэмж гаргаснаар Ханын материал, Баянхошуу, Баруун салаа, Зүүн салаа, Их наран, 21 дүгээр хорооллын иргэд хотын төв рүү буюу МУИС хүрэхэд амар болж байгаа юм. Өмнө нь дээрх чиглэлд том оврын автобус үйлчилгээнд гаргадаг байсан ч нийтийн тээврийн үйлчилгээнд цахим карт нэвтрүүлж, маршрут өөрчлөхтэй зэрэгцүүлж хассан. Үүнээс болж, иргэд МУИС хүрэхийн тулд 2-3 автобус сэлгэж, тэр хэрээр цаг алдаж, мөн хэтэвчин дэх “бор”-ыгоо сэгсэрсэн. Харин өмнөх чиглэлийг дахин сэргээснээр зорчигчдын хувьд цагаа, ч мөнгөө ч хэмнэсэн үйлчилгээ болж иргэдэд хүрч байна.
Одоо “Баянхошуу-ТЭЦ-3” хүртэлх чиглэлд явуулж байгаа автобусны эргэлтийг богино болгон, хуучнаар нь буюу “Баянхошуу-Ард”-аар эргүүлдэг болчихвол зорчигчиддоо ч, автобус компанидаа ч хэрэг болохуйц байгаа юм. Учир нь шинээр бий болгосон “Баянхошуу-ТЭЦ-3” чиглэлд үйлчилгээнд явж буй автобусны эргэлт удаан байгаагаас иргэд Баянхошуу орохын тулд “Бөмбөгөр” худалдааны төвийн буудалд 30-40 минут хүлээхээс аргагүй болдог. Дээр нь зорчигчдын олонхи нь “Ард”-ын буудалд буудаг учраас энэ чиглэлд явж байгаа автобус зорчигчгүй шахам явсаар ТЭЦ хүрч буй юм. Тэндээс нь суудаг зорчигч ч гэж бас ховор. Энэ хооронд Баянхошуу орох иргэд “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх автобусны буудалд хүлээж цаг алддаг бол автобус компани нь тэр хүртэл зорчигчгүй автобус явуулснаар шатахуунаар ч шатаж гүйцэж байна.
Орон нутгийн өмчит компани үйлчилгээ эрхэлдэг тулдаа өдийг хүртэл гүрийж байгаа болов уу.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлхэд алдагдал ихээр хүлээж байгаа тухай автобус компанийнхан ярьдаг. Хэрэггүй, хэрэгцээгүй газар луу явж байгаа энэ мэт маршрутаа оновчтой болгож гэмээнэ зардлаа бууруулна.
Тэр хэрээр иргэдэд ирэх ачаалал багасч үйлчилгээ сайжрах ёстой.
Г.ХОРОЛ