Энэ сарын 23-ны орой Налайх дүүргийн орчимд ЗХЖШ-ын 337 дугаар ангийн сургалтын нислэг үйлдэж байсан Ми-8 нисдэг тэрэг осолдсон талаар бид урьд нь мэдээлсэн. Ослын улмаас нисдэг тэрэгт явж байсан 11 цэргийн алба хаагчийн нэг нь амиа алдаж, 10 хүн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар цэргүүдийн биеийн байдал ямар байгаа талаар Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга Б.Элбэгжаргалаас тодрууллаа.
-Цэргүүдийн биеийн байдал өнөөдрийн байдлаар ямар байна вэ?
-Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Нэг хүн сэхээнд, бусад нь тасагт эмчлүүлж байгаа. Өнөөдрийн хувьд анхаарал татсан нэг өвчтөн байна. Шилбэний хугаралтай, яс нь няцарсан өвчтөн юм. Энэ өвчтөнийг мэс заслын тал дээр анхаарал хандуулж байна.
-Нэмж хүмүүсийг хагалгаанд оруулахаар болсон юм уу?
-Өнөөдөр хоёр хүн хөлийн ясны хагалгаа, нэг хүн эрүүний мэс засалд орно.
-Биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарах өвчтөн бий юу?
-Би нь сайжирч, эмнэлгээс гарахаар хүмүүс бий. Гэхдээ гурав дахь өдөр хүртэл өвчтөнүүдийнхээ биеийн байдлыг ажиглана. Ямартай ч өвчтөнүүдийнхээ биеийг долоо хоног ажиглая гэж үзсэн.
Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс өвчтөнүүдийн талаар ийм мэдээлэл өглөө. Харин Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс одоогоор ямар нэг мэдээлэл өгөхгүй гэв. Одоогоор Ми-8 нисдэг тэргийн ослын шалтгааныг тодруулахаар ажлын хэсэг гаран ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн дүгнэлт гарахаар ирэх долоо хоногоос мэдээлэл өгч магадгүй гэсэн юм.
Б.ЗАЯА