”Багануур”-ын галыг хэнээр мануулах вэ

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

”Багануур”-ын галыг хэнээр мануулах вэ

"БАГАНУУР"-ЫН ГАЛЫГ ХЭНЭЭР МАНУУЛАХ ВЭ
-Одоогийн захиралтай хэтэвч нэгт Ц.Энхболд уурхайн захирлын суудалд улайран зүтгэж байна-

Багануурын уурхайн дараагийн даргыг томилох шийдвэрийг ТӨХ өнөө, маргаашгүй гаргах гэж байна. Энэ уурхай Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 50 хувь, төвийн бүсийн хэрэгцээний 60 хувийг дангаараа хангадаг учраас олны анхаарлын төвд байдаг.

Багануурын уурхай гал алдах нь л гэнэ, шинэчлэл хийж чадаагүйгээс зогсож магадгүй, алдагдалтай ажиллаж байна гэхчилэн олон асуудлыг араасаа ямагт дагуулж явсан уг уурхайн даргаар олон жил ажилласан гавьяат уурхайчин Д.Дамбапэлжээ гавьяаныхаа амралтыг эдлэхээр болсон нь оронд нь очих гэсэн хүмүүсийн хооронд цусгүй тулааныг эхлүүлээд байна.

Мэдээж ТӨХ хуулийн дагуу шийдвэрээ гаргана. Гэтэл үүнээс өмнө өөрсдөөс нь өөр хүн оччихвий гэсэн хар сэр, хэтэрхий их болгоомжлолоос сонин хэвлэлээр ор хоосон мэдээлэл тарааж буй хэсэг бүлэг хүн бий болоод байгаа аж.

Энэ нь уурхайн захирал, гавьяат Д.Дамбапэлжээгийнхнээс явуулж буй акц гэнэ. Тэрбээр хэтэвч нэгт Ц.Энхболд гэгчийг өөрийн оронд захирлаар үлдээхээр улайран зүтгэж буй аж. Хэтэвч нэг гэхийн учир нь Багануурын "Монцахим" компанийн нийт хувьцааны 49 хувийг Ц.Энхболд, 46 хувийг "Багануур" ХК, таван хувийг "Шарын гол" ХК эзэмшдэг бөгөөд "Багануур"-ын захирал Д.Дамбапэлжээг албан бусаар багагүй хувийг эзэмшдэг гэх яриа байдаг аж.

"Монцахим" ХК нь уул уурхайн машин механизмын засвар үйлчилгээ хийдэг компани бөгөөд Багануурын уурхайн бүх л засвар, сэлбэгийн асуудлыг ямар нэг хяналтгүй, өрсөлдөгчгүй, өндөр үнээр хийж гүйцэтгэсээр иржээ. Тус компанийн төсвийн хувиарлалтыг харахад л жир хүний нүд нь орой дээр нь гарна. Багануурт ийм нэг бизнесийн сүлжээ үүсгэсэн тэндэхийнхээ олигархи Ц.Энхболдод уурхайчид төдийгүй Багануурынхан тун ам муутай ханддаг байна. Ц.Энхболд нь "наймаачин" гэдэг хочтой, мөрийтэй тоглоомонд гүнзгий орсон л нэг нөхөр юм байх. Сүүлийн үед Багануурын уурхайн ажилтан, ажилчид "улстөрчдийн халаас"-ны хүнийг хүлээж авахгүй гэсэн өргөх бичгийг ТӨХ, ЭБЭХ-ний сайдад илгээсэн гэх зэрэг мэдээлэл цацагдсан нь үнэндээ Ц.Энхболд нарын зүгээс идэвхийлэн хийж буй үйлдэл ажээ. Тэд өөрсдөө л тэнд мөнхөд эзэн сууж байх, өөрсдөө үгүй бол өөр хэн ч биш гэсэн хандлагаар асуудалд хандаж, мөнхийн эрх ашиг, мөнгө хөрөнгөний сонирхлоо хадгалж үлдэх гэсэн увайгүй үйлдлээр зарим нэг улстөрчийн нэр хүндэд халдсан үйлдэл хүртэл гаргаж буй юм байна.

Ингэж хэл ам хийсээр уурхайн захирлыг томилуулахгүй яаж ийгээд долдугаар сарын 1 хүргэчих нарийн төлөвлөгөө ч энэ бүх үйлдлийнх нь цаана нуугджээ. Ингэж цаг хожих нь нэгдүгээрт, өөр шинэ хүнийг уурхайн захирлаар томилуулахгүй цаг хожих, хоёрдугаарт, Д.Дамбапэлжээ аль болох удаан захирлаараа ажиллах хүсэл сонирхолтой нь холбоотой гэнэ.

Захирлыг томилуулахгүй саад тээг тавьсаар долдугаар сарын 1 болгочихвол Д.Дамбапэлжээ ээлжийн амралтаа аваад бараг хоёр сар явах төлөвлөгөө зохиожээ. Түүнийг ажилдаа ирэхэд намар болж, өвөлжилтийн бэлтгэл энэ тэр гээд юун дарга, захирал солих манатай юм болно гэж тооцоолж сууна.

Ийм л нэг албан тушаал, хөрөнгө мөнгөний эрх ашгаа хадгалж үлдэх гэсэн хөгийн гэмээр үйл явдал Багануурын уурхай тойрон өрнөж байна.

Улс орны галыг маналцаж явдаг том уурхай өнөөдөр данс нь улайсан, ажилчдынхаа цалинг зээл авч тавьчихаад тууж явна. Бас болоогүй ээ, ойролцоогоор 60-70 тэрбум төгрөгийн өртэй санхүүгийн хувьд сөхөрчихөөд байна. Ийм дүр төрхтэй уурхайг удирдаж явсан хүнийг сайн ажиллаж байсан, түүнтэй ямар нэг байдлаар хамтрагчдыг итгэж найдаж болох түншээ гэж үзэх үү.

Төр, засаг нүдтэй бол, эх орны галын манаач болсон энэ уурхайгаа уурхай шиг ажилуулъя гэвэл арай өөр шийдвэр гаргах шаардлагатай нь энэ бүхнээс харагдана. Багануурын захирлаар очих гээд байгаа Ц.Энхболд, түүний захирлаар нь ажилладаг "Монцахим"-ын но-той, ноцтой асуудлыг дэлгэвэл өөр ч их зүйл гарна гэдгийг нутгийн иргэд хэлж байна лээ. Тэр бүү хэл уурхайчид Ц.Энхболд л биш бол хэмээн гарын үсэг зурж, хөдөлгөөн өрнүүлэн бослого гаргах сурагтай.

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж