Засгийн газрын хоёр сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа ч Шадар сайдаар хэнийг томилохоос хамаарч, гацаа үүссэн. Тэгвэл Засгийн газар өнгөрсөн баасан гаригт ээлжит бусаар хуралдаж, дараах агентлагийн дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Татварын ерөнхий газрын дарга Д.Ариунсан, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүн А.Ариунболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн тэдний дунд 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хэд, хэдэн хүн бий аж.
Тухайлбал, Татварын ерөнхий газрын дарга асан Д.Ариунсан, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нар ирэх сонгуульд тоосоо өргөх сураг гарч байна.
Д.Ариунсаны хувьд УИХ-ын сонгууль бүрт Ардчилсан намаас Говь-Алтай аймагт нэр дэвшин өрсөлдөж ялагддаг нэгэн. Ирэх сонгуульд даагаа дахин нэхэх нь. Ингэхдээ арга барилаа өөрчилж, намын нэрсийн жагсаалтын ард бичигдэнэ гэх яриа байгаа юм.
Р.Эрдэнэбүрэний хувьд өмнө нь УИХ-ын гишүүн байсан. Өнгөрсөн гурван жил орчмын хугацаанд Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2015 оны есдүгээр сард Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болж, салбараа өөрчилсөн. Үндсэндээ гурван сар орчим хугацаанд дээрх албанд ажиллаж байгаад чөлөөлөгдлөө.
Харин Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатын хувьд гаалийнхан тойрсон хэрэг мандсантай холбоотойгоор чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэх яриа байгаа бол МАН Засгийн газраас гарсан тул Т.Аюурсайханыг төрхөмд нь буцаажээ.
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяагийн хувьд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаад байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн хүн гэгдэж ирсэн түүнийг “Шонхор” фракцынхан 2016 оны УИХ-ын сонгуульд сойхоор шийдэв үү гэх таамаглал дэвшүүлэхэд хүргээд байна.
Мөн дээрх хуралдаанаас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар Д.Болдыг, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар Д.Мөнхтөрийг тус тус томилсон байна.
Танхимын зарчмаар ажиллах зарчмыг зөрчсөн гэх үндэслэлээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг нарын цалинг гурван сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Ийм хариуцлага оноосон нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьцааг Хятадад зарах нь гэсэн дуулиант мэдээлэлтэй холбоотой байж болзошгүй нь.
Мөн танхимаар ажиллах зарчмыг зөрчсөн гэх үндэслэлээр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн цалингаа гурван сараар 20 хувь хасуулах шийтгэл хүлээжээ.
Г.ХОРОЛ