Буудлагын “Дэлхийн цом” маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Буудлагын “Дэлхийн цом” маргааш эхэлнэ

Ирэх жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчдад өгөх олимпийн эрхийг эс тооцвол “Лондон-2012”-ын эрх олгох сүүлийн тэмцээн маргааш Германы Мюнхен хотноо эхлэх гэж байна. Энэ удаагийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд дэлхийн 80 гаруй орны 900 орчим тамирчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм. 1972 оны Мюнхений зуны олимпийн наадмын буудлагын тэмцээн болж байсан талбарт зохиогдох “Дэлхийн цом”-д Монголоос Л.Ундралбат дасгалжуулагчтай эрэгтэй зургаа, эмэгтэй долоон тамирчин онч мэргэнээ сорино. Сонирхуулахад, тус тэмцээнд хийн бууны төрөлд эхний гурван байр, харин калибрт эхний хоёр байр, нийтдээ олимпийн 24 эрх олгох юм.

Тэмцээн маргааш буюу 18-нд эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар буу, 10 метрийн хийн урт буу болон эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт буу, 50 метрийн спорт гар бууны дасгалаар эхэлж, эхний өдөр эрэгтэй болон эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд аваргууд тодорно. Харин хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар буу, эрэгтэйчүүдийн 50 метрийн спорт гар бууны дасгалд медалийн эзэд тодрох хуваарьтай.

Эдгээр төрлийн тэмцээнээс эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Т.Баярмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар, 10 метрийн хийн урт бууны дасгалд О.Янжинлхам, Ч.Нарантуяа, З.Батхуяг, эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд Н.Баяраа, Б.Бишрэл, Д.Ганзориг, Б.Мөнх-Эрдэнэ нар, 50 метрийн спорт гар буунд В.Ганцоож, Э.Даваахүү нар өрсөлдөх юм.

Тэмцээн энэ сарын 23-нд өндөрлөнө.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж