“Энержи ресурс”-т ажилд зуучилна хэмээн залилжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

“Энержи ресурс”-т ажилд зуучилна хэмээн залилжээ

“Энержи ресурс” компанид өндөр цалинтай ажилд оруулна хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан эмэгтэйг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Баянзүрх дүүргийн харьяат, 31 настай иргэн О гэх эмэгтэй өнгөрсөн оны есдүгээр сараас иргэдийг залилсан бөгөөд одоогоор мөрдөн байцаалтын шатанд түүнд мэхлүүлсэн есөн хүн тайлбар мэдүүлэг өгчээ. Тэд О-д 20 гаруй сая төгрөг өгч мэхлүүлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тэрбээр “Буянт төв” ХХК-ийн байранд ажлын байр түрээслэн “Good job” гэдэг хөдөлмөр жуулчлалын алба ажиллуулж, иргэдийг залилдаг байжээ. Тус албаных нь үйл ажиллагаа явуулах эрх өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард дууссан ч тэрбээр хууль бусаар ажиллуулж байжээ. Тэрбээр цагдаагийнханд “интернэтээс ажлын байрны зар харж, “Зар мэдээ”, “Шуурхай зар” сонинд зар өгдөг байсан. Анх нэг хүнээс 700 мянган төгрөг авч “Энержи ресурс” компанид ажилд оруулах гэсэн бүтээгүй. Тэр хүн мөнгөө нэхээд ирэхээр нь өгөхийн тулд дараа, дараачийн хүмүүсийг залилсан. Ах дүү, хамаатан садан, таньдаг хүн маань “Энержи ресурс” компанид ажилладаг гэж итгүүлдэг байсан” хэмээн мэдүүлжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж