Сонгуулийн хуулиар санал хурааж эхлэв

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулиар санал хурааж эхлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төсөлд сонгуулийн тогтолцоо 48х28 буюу одоогийн холимог тогтолцоог хадгалахаар тусгажээ.

Саналын хуудаст бичигдэх намын нэр Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн он дарааллаар бичигдэнэ.

Саналыг автомат машинаар хураана, мөн 50 хувьд нь техникийн тооллого хийхээр тусгаж өгчээ. УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгууль нэг өдөр буюу зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр байхаар зааж өгчээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

– 48х28 –аа хэвээр нь хадгалаад аваад явахад Үндсэн хууль зөрчсөн зөрчил давтагдахгүй юу. Сонгуулийн хуулийг өөрсдөдөө тааруулж хийх ёсгүй. Ард иргэдийнхээ хүсэл сонирхлыг хангах ёстой.  Хар машинаар тоолоод 50 хувь нь гар аргаар тоолно гэж үзэж байна. Маргаан гарвал аль саналыг хүчинтэйд тооцох вэ. УИХ-д сонгогдсоныхоо дараа өөр нам эвсэлд ордгыг зохицуулсан уу. Буцаан татах заалт орсон уу?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн дарга А.Бакей:

-48х28 тогтолцоог хэвээр хадгалахаар олонхын санал авсан. Өөрчлөх тухай яригдсан, зарчмын зөрүүтэй санал хураалгахад олонхын дэмжлэг хүлээгээгүй. 2012 оны УИХ-ын сонгуулийг 48х28 тогтолцоогоор зохион байгуулахад Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан, шийдсэн зүйл байхгүй тул хэвээр явуулахаар шийдсэн. Нам, эвслээ сольсон нөхцөлд эргүүлж татах асуудлаар “Шударга ёс” эвсэл санал тавьсан, УИХ-ын тухай хууль бусад хуулиар зохицуулж өгөх ёстой гэж үзсэн.

УИХ-ын дэд дарга, ажлын хэсгийн гишүүн Л.Цог:

-Үндсэн хуульд хүн сонгогдохоор заалт байгаа. Намын нэрсийн жагсаалтаар сонгогдох заалтын өмнө хүн дугуйлах санал гаргасан олонхын дэмжлэг хүлээгээгүй. УИХ-д сонгогдсоныхоо дараа өөр нам, эвслийн бүлэгт шилждэг тохиолдол бий. Нэгэнтээ УИХ-ын гишүүний тангараг өргөчихсөн байдаг учраас Сонгуулийн хуулиар зохицуулах боломжгүй гэж үзэн УИХ болон бусад хуулиар зохицуулах ёстой гэж үзсэн.

Р.Амаржаргал гишүүн Үндсэн хууль зөрчсөн юм байна уу гэж асуугаад байна. Шүүхэд ч очдоггүй, Цэц дээр ч очдоггүй юм байсан. Үүнийг зохицуулж өгсөн.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Ард түмэн хүнийг сонгоё гээд байхад яагаад намын нэрсийн жагсаалт оруулаад ирж байгаа юм бэ. Намын нэр сонгогдчихоод янз бүрийн юм хийж байгаа улсууд байна. Ард түмнээ хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүлнэ гэсэн. Хаа байна, эдийн засаг тартагтаа туллаа. Гэр хороололд амьдрал ямар хүнд байна вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн дарга А.Бакей:

-Нам, эвсэл нь сонгуульд ялахын тулд нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүнээ тодорхой шалгуураар дэвшүүлсэн байхад аль ч хэлбэрээр орсон УИХ-д ажиллах боломжтой. Аль алиных нь төлөөлөл бий. Хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгогдоод ороод ирсэн хэрнээ маш сайн ажиллаж байгаа гишүүн өнөөгийн УИХ-д бий.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Н.Энхболд:

-Тогтолцоог олон дахин ярьсан учраас өмнөх тогтолцоогоор явахаар ойлголцсон. Намаа тавьчихаад ард нь нэрээ тавъя гэх мэтчлэн хэд хэдэн хувилбарыг авч үзсэн. Намууд жагсаалтаа гаргана, сонгогдоё, бодлогоо хэрэгжүүлье гэвэл зөв хүнээ жагсаалтад оруулж, сонгогч хүлээн зөвшөөрч шийдвэр гаргах хэмжээний хүнээ дэвшүүлсэн байх нь чухал.

Намын нэрсийн жагсаалтын оронд нэр тавина гэхээр онолын хувьд 24 нам оролцоно, нэг намаас 8 хүн нэр дэвшүүлэхэд техникийн хувьдаа ч боломжгүй байгаа. Бүх намаас нэрс зооход 7 метр орчмын урттай саналын хуудас гарна. Цөөн хэдэн хүн нэр дэвшүүлэхэд 1 метр урттай саналын хуудас хэвлүүлэх шаардлагатай болж байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулсан. Тийм учраас 28-ын ард намын нэр бичихээр болсон. .

Эргэлзээг тайлахад тооллого хийх ёстой.  Дүн зөрүү буруу гарвал шийдүүлдэг газрууддаа хандаад зохицуулаад явах ёстой гээд байж байна. Тохиолдлын аргаар буюу сугалаагаар 50 хувийг сонгочихоод тооллого хийнэ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-2008 онд сонгууль будилаантай явснаас таван хүний амь нас үрэгдсэн. Хар машин бол авралын машин. Техникийн тооллогыг нь 100 хувь хийлгэчихэж болоогүй юм уу. Хэн нэг нь энэ хуулийг Үндсэн хуулийн цэцэд өгдөг, тэгээд түдгэлзчих юм биш биз дээ. Тэр яриад байгаа 112.4, 116.2 гэсэн заалт Үндсэн хуулийн цэц дээр очоод уначих юм биш байгаа. Тэгээд сонгуулийн хуульгүй болж, сонгууль хийж чадахгүй болчихвий дээ.

Сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар нь дэлхийн жишиг болсон Засгийн газар болж ажиллахаар Сонгуулийн хууль боловсруулж чадсан уу.  

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн дарга А.Бакей: Өмнөх сонгуулиар ажиглагдсан алдаа дутагдлаас сургамж авч, сайжруулж оруулж ирсэн гэж ажлын хэсэг, байнгын хороо үзэж байна.

УИХ-ын дарга З.Энхболд: Сонгуулийн хууль өмнөхөөсөө сайжирсан. Өчигдөр орой би байнгын хорооны хуралдааны сүүл хэсэг рүү нь орсон. Их эв найрамдалтай хуулийн төсөл дээрээ ажиллаж харагдана лээ.

Одоо хуулийн төслөөр санал хурааж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж