УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа 1.30 цагаар хоцорч эхэллээ. Хуралдаанд 76 гишүүн оролцох ёстойгоос 39 нь хүрэлцэн иржээ.
Чуулганы хуралдаанаар Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэ нь импортоор оруулж ирэх үрийн буудайг татвараас чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт юм.
Монгол Улс энэ онд 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хурааж авсан байна. Ирэх оны тариалалтад зориулж 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд хаврын тариалалтад 48 мянган тонн орчим улаан буудайн үр шаардлагатай аж. Ургац хураалтын дүнгээр дараа оны тариалалтад нийтдээ 28 мянган тонн улаан буудайн үрийн нөөц бүрдсэн ч 20 мянган тонн улаан буудайн үр дутагдахаар байгаа аж. Энэ тооцоог үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2016 онд 20 мянган тонн үрийн улаан буудай импортлох зөвлөмж гаргажээ. Иймээс импортоор оруулах үрийн улаан буудайг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зайлшгүй шаардлагын үүднээс чөлөөлөх уг хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт тавьж эхлээд байна.
Г.ДАРЬ