-Орос дэлхийн хүч чадалтай нисэх хүчний чансааны хоёрдугаарт бичигджээ-
Оны сүүлчээр сэтгүүлчид, мэргэжилтнүүд жилийн шилдгүүдийн үнэлгээ, чансаагаа гаргаж л байдаг. Британид 1909 оноос хойш хэвлэгдэж байгаа дэлхийн нисэхийн анхдагч сэтгүүлүүдийн нэг “Flight International” тэднээс хоцорсонгүй өөрсдийн чансааг Flightglobal сайтдаа гаргажээ. Дэлхийн хамгийн хүчирхэг нисэх хүчний ТОП-10-ыг гаргахдаа уг сэтгүүл 160 орны нисэх хүчний ажил үйлийг авч судалсан байна.
Чансааны нэгдүгээр байрыг Flight International эргэлт буцалтгүйгээр АНУ-д өгч өнөөдөр энэ улс дэлхийд бүтээгдсэн байлдааны чадвартай онгоцнуудын 78 хувийг эзэмшиж байгаа гэж тэмдэглэв. Сэтгүүлд өгүүлснээр, “АНУ нь агаарт шатахуунаар цэнэглэх онгоцны тоогоор тэргүүлж байна. Тэдний парк нь 586 онгоц. Энэ нь Америкийн бөмбөгдөгч онгоцнуудын байлдааны чадварыг эрс дээшлүүлдэг” гэж сэтгүүл онцлов. АНУ нь 13717 нисэх аппараттай гэнэ.
Flight International сэтгүүлийн шинжээчид Оросын Нисэх хүчнийг хоёрт орууллаа. Оросын нисгэгчид Сирид цэргийн баазаа бий болгосноос хойш байлдааны ихээхэн туршлага хуримтлуулсныг тэмдэглэжээ.
Су-34
Мөн шинжээчдэд Оросын шинэ бөмбөгдөгч Су-34 онгоц сэтгэгдэл төрүүлэв. “Энэ жил арми нь энэ төрлийн 10 онгоцоор шинэчлэгдлээ. Тэдний тоог 123 болгохоор Орос төлөвлөсөн” гэж сэтгүүл бичлээ. Орост 3547 онгоц байгаа нь дэлхийн нийт цэргийн онгоцнуудын долоон хувь нь болж байгаа ажээ.
Дэлхийн хүчирхэг нисэх хүчний гуравт Хятад оржээ. “Энэ жил Бээжингийн эзэмшдэг байлдааны аппаратуудын жагсаалт 80 ширхгээр нэмэгдлээ. Одоо БНХАУ-д 1500 гаруй байлдааны онгоц, 800 гаруй нисдэг түүний тоонд 105 ширхэг цохилтын сэнсэн далавчит Harbin Z-19 шинэ машин байгаа” гэж Flight International тайландаа өгүүлжээ. Бээжин 2942 ширхэг байлдааны зориулалтын нисэх аппараттай нь дэлхийн онгоцнуудын зургаан хувь болж байгаа гэнэ.
Harbin Z-19
Дэлхийн гурван лидерийн дараа Энэтхэг (2086 онгоц), Япон (1590), Өмнөд Солонгос (1429) жагсжээ. Топ-10-т багтсан Европын ганц орон нь Франц болжээ.
Энэ улс 1282 онгоц, нисдэг тэрэгтэй байгаа нь дэлхийн паркын хоёр хувийг бүрдүүлж байна. Францын дараа Египет (1133) ба Турк (мянга гаруй) оржээ.
Топ-10-ыг 944 нисэх аппараттай БНАСАУ төгсгөж байна. “Хойд Солонгосын нисэх хүчин наад зах нь тооноосоо болоод хүчтэй. Харин тэнд хэрэг байдал ямар нь тодорхойгүй. Манайд байгаа мэдээгээр Пхеньянд 35 ширхэг МиГ-29 сөнөөгч онгоц бий” хэмээн Flight International тэмдэглэв. Харьцангуй орчин үеийн машинуудтай нь “музейн үзвэр” байх МиГ-17 онгоцны хятад хувилбар Shenyang J-5 машинууд ч зэрэгцэн байгаа.
Shenyang J-5
Ер нь бол энэ сэтгүүлийн дүгнэлт нь үнэнд ойрхон харагдлаа. Гэхдээ тоон чанараас нь дүгнэх нь хүч чадлыг нь харуулахгүй гэж сэтгүүлийн бус шинжээчид хэлж байна. Сэтгүүлийнхэн ямар онгоцнуудыг сэтгүүл оруулж тоолоод байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв байлдааны, цэргийн тээврийн онгоцнуудыг оруулан тооцох юм бол АНУ-ын Нисэх хүчин Оросынхоос сэтгүүлийн үнэлсэн шиг дөрөв дахин их биш зөвхөн хоёр дахин илүү байх юм. Онгоцнуудыг цогцолбороор нь авч үзэх юм бол Хятад онгоцны тоогоор цөөн ч байлдааны боломжоор дэлхийд тэргүүлнэ гэсэн хүмүүс ч байгаа. Гэхдээ Орос, АНУ хоёр шиг хятад онгоцнууд 10 мянган км-ийн нислэг хийдэггүй мөн Хятадад радио, эклектрон байлдаан хийх хэрэгсэл бараг үгүй.
Оросын шинжээчид дүгнэхдээ, тэд хоцрогдлоо яаралтай арилгах шаардлагатай гэнэ. Дайн боллоо гэхэд АНУ-ын нисэх хүчнийг НАТО-гийн орнууд мөн Япон дэмжих учир заавал АНУ-тай тэнцэх гэж зүтгэлгүйгээр нутаг дэвсгэрээ хамгаалах хүчин чадал шаардлагатай хэмээн орос мэргэжилтнүүд үзэж байна.
Уламжлалаар АНУ нь нисэх хүчин, Тэнгисийн цэргийн флотыг нэгдүгээр тавьдаг журамтай. Оросууд бол Нисэх хүчнээс илүүтэйгээр, агаарын десантын болон хуурай замын цэрэгт илүүтэй анхаардаг. Нислэг ур чадвар, нисэх буудлуудын сүлжээ нь хичэх хүчний чадлыг нэмэгдүүлдэг чухал үзүүлэлт. Гэтэл сэтгүүл тэр талаар муу анхаарчээ.
Энэ чансаанд Европын орнууд бараг ороогүй. Тэд нисэх хүчний тоогоор цөөн мөн Барууны бүх орнууд НАТО-д багтдаг учраас тэд АНУ-ын нисэх хүчин гол үүрэгтэй гэдгийг аль эртнээс хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Хүйтэн дайны дараа тэдний нисэхийн тоо чанар доошилсон бөгөөд түүнийг нь Ливид явуулсан ажиллагаа харуулсан билээ. Их Британи, Франц, Итали гол оролцогчид байсан бөгөөд тэдний ажиллагаа нь Европын нисэх хүчний суларсныг үзүүлсэн гэж болно.
Өнөөдөр Нисэх хүчнээ шинэчлэх ажиллагааг АНУ, ОХУ, БНХАУ хийж байна. Эдгээр орнууд цэргийн тавь дахь үеийн сөнөөгч онгоцнуудыг бүтээж байна. Япон ч ийм төсөл дээр ажилладаг. Мөн Орос-Энэтхэг хоёр мөн л ийм онгоцыг хамтран бүтээж байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР