Зээл олгодог хуулиа өөрчлөх ёстой

Хуучирсан мэдээ: 2015.12.25-нд нийтлэгдсэн

Зээл олгодог хуулиа өөрчлөх ёстой

Үндсэн хуулийн цэцийн гаргасан Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтыг өөрчлөх шийдвэр банкны салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар “Ард” санхүүгийн нэгдлийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуягаас тодрууллаа.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтаар барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэж Үндсэн хуулийн цэц үзлээ. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Банк, санхүүгийн байгууллага итгэлцэл дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Огт танихгүй хүн орж ирээд мөнгөө хадгалуулаад авдаг. Дараа нь огт танихгүй хүн орж ирээд тэр мөнгийг нь зээлээд авчихдаг. Тэр хоёр хүн гудамжид таараад бие биедээ итгээд мөнгө өгөхгүй. Банк бол тийм л үндсэн үүрэг гүйцэтгэж байгаа байгууллага. Итгэлцэл мэдээлэл дээр тулгуурладаг. Тэр мэдээллийн зөрүү дээр барьцаа авдаг. Зээлийг барьцаа, тухайн хүний бизнес дээр тулгуурлаад өгдөг. Хэрэв эргэж төлж чадахгүй бол барьцааг зарж, хадгаламж эзэмшигчийн мөнгийг өгнө гэсэн гэрээ хийдэг. Түүнийг нь Үндсэн хуулийн цэц тайлбарлахдаа хүний өмчийг хүчээр хураагаад авчхаж байгаа гэдэг талаас нь хараад шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрээс үүдэж зээлээ төлөхгүй ч байж болох юм байна гэдэг ойлголт гарч ирж байна. Нөгөө талаас нь харахад банкууд хадгаламжаа өгөхгүй ч байж болно гэсэн үг шүү дээ. Одоо бол зээл өгөхөд хэцүү болчхоод байна. Үүнийг би хувьдаа дөнгөж босож ирэх гэж байсан эдийн засгийг нураалаа гэж харж байна. Энэ бол аюултай байдал үүсэж байгаагийн илрэл. Банкин дээр эдийн засаг тогтдог. Банк эдийн засагт байгаа мөнгийг эргэлдүүлдэг.

-Банк эрсдэлээ бодоод зээлээ зогсоочихсон байна. Энэ байдлаар удаан үргэлжилвэл ямар нөхцөл байдалд хүрэх вэ?

-Банкны үндсэн үйл ажиллагаа орлогын эх үүсвэр бол зээл байдаг. Тиймээс улс төрийн шийдэл гарч байж, ҮХЦ-ийн шийдвэрийг буцааж байж зээл олгогдож эхлэх болов уу.

-ҮХЦ-ийн шийдвэр эцсийнх байдаг шүү дээ.     

-Хуулиаа өөөрчилж болно.

-Үндсэн хуулийг уу?

-Үгүй л дээ. Зээл олгох зарчмыг зохицуулдаг хуулиа өөрчлөх шаардлагатай. Тэгж байж байдал тогтворжино.

Та “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг иргэдтэйгээ хамтарч худалдан авах санаачлага гаргасан. Хэдийгээр зорилгодоо хүрч чадагүй ч эдийн засагчид таны алхамыг үнэлж байна лээ. Ийм алхам манай орны эдийн засагт хэрэгтэй гэдгийг ч хэлсэн. Үүнийгээ цааш үргэлжүүлэх үү?

-Тиймээ үргэлжлүүлнэ. Хувьчлалыг жинхэнэ ардчилах арга хэмжээг бид нийлж байгаад хийсэн. Энэ бол авсан аваагүйдээ гол нь биш. Бид хувьчлалыг илүү шударга, иргэндээ ойрхон хийж болох юм байна гэдгийг харуулж чадлаа. Тэгвэл өнөөдөр иргэн хүн үнэ цэнэтэй обектийн эзэн нь байж болох юм байна, иргэд эзэн нь байж болох юм байна, өмчтэй байж болох юм байна, ашиг олж болох юм байна гэдийг ойлгосон байх. Тун удахгүй бодит сектор дээр харагдаж эхэлнэ. Одоогоор энэ талаар ярихад эрт байна.  

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж