Халх голоо авч үлдэх үү, алдах уу

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Халх голоо авч үлдэх үү, алдах уу

Халх голд хөдөө аж ахуй, газар
тариалангийн зориу­лалтаар газар түрээслэх, ашиг­лах сонирхолтой буйгаа
Солонгосын сайтуудад ил тодоор мэдээлэх болсон. Монголын талаас хөдөө аж
ахуйн зориулалтаар ашиглахаас бус олон жилээр түрээслүүлэх талаар албан
ёсны асуудал яригдаагүй гэж албаны хүмүүс хэлж байгаа. Энэ мэтээр байр
суурийн зөрүү их байна. Гэхдээ энэ асуудалтай холбоотойгоор хэд хэдэн
баримтуудыг сөхье.

Өнөөдөр л бид газар нутгаа бусдад булаалгах нь гэж хэн хүнгүй шуугиж,
шаагиад байгаа болохоос өнгөрсөн оны тавдугаар сарын 07-ны өдрийн Дорнод
аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 26 дугаар
тогтоолоор “Халхгол” төслийг  хэрэгжүүлэхэд орон нутгийн зүгээс дэмжлэг
үзүүлэх асуудал яригдаж. Өнөөдөр Халх голын сав газрын 170 мянган га
газрыг бусдад эзэмшүүлэх, түрээслэх гэж буй гэдгийг төрийн эрх
мэдэлтнүүд бүү хэл аймаг, орон нутгийнхан мэдэхгүй л сууж байна. Хамгийн
хачирхалтай нь 170 мянган га газар буюу бүхэл бүтэн нэг сумын нутаг
дэвсгэртэй тэнцэх хэмжээний том газрыг эзэмшүүлэх шийдвэрийг аймгийн
Засаг дарга Иргэдийн хурлын төлөөлөгч 5-6 хүнтэй нийлж суугаад л
гаргачихаж. Аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 26 дугаар тогтоолд
“Халхгол төсөл”-ийн хүрээнд 170 мянган га шинээр атар газар эзэмшихтэй
холбогдуулан газар эзэмших, хөрөнгө оруулах сонирхол бүхий гадаад,
дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудын хөрөнгө оруулалтын 5-10 хувьтай
тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгийг гүйцэтгэлийн баталгаа болгож, аймгийн
Хөгжлийн санд төвлөрүүлсний үндсэн дээр газар эзэмших эрхийг олгохыг
аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэсэн үг дурайж байна.
Гэвч энд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэн хийх, аймгийн Хөгжлийн
санд тушаах ёстой 5-10 хувь гэдэг нь хэчнээн төгрөг болох, Дорнодын 170
мянган га газарт хэн хөрөнгө оруулах гэж байгааг огтхон ч дурдсангүй.
Зүгээр л битүү хатуу үг хийгээд, ямар ч байсан газар зарах эрхээ 26
дугаар тогтоол гэгчээр баталгаажуулаад авсан гэхэд болно. Энэ том
тогтоолыг гаргахдаа аймгийн Иргэдийн төлөөлөгч нарт ч мэдэгдсэнгүй.
Хэдхэн хүний дунд яригдаад өнгөрчихөж. Орон нутгаас аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хуралд сонгогдсон эрхмүүд энэхүү тогтоолыг цаг алдалгүй
мэдсэнээр уг тогтоолыг хүчингүй болгоод авч. Ингээд аймгийн
удирдлагуудын шийдвэр эцэс болж.

Гэхдээ энэхүү тогтоолын талаар орон нутгийн удирдлагууд ам нээхийг
хүсэхгүй байгаа. Энэхүү төслийг дэмжигч хэсэг нөхөд энэ асуудлаар
Ерөнхий сайд С.Батболдод хандахад “Их хэмжээний газар нутгийн асуудал
бол миний мэдэх асуудал биш, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр
хэлэлцэж, Засгийн газрын гишүүдийн төвшинд яригдах ёстой асуудал” гээд
огт халгаагаагүй байна. Харин саяхны УИХ-ын чуулганы хуралдааны үеэр
солонгосчуудтай хамтрах эсэхээ бодолцохыг анхааруулаад авсан.

Газар нутгийг ашиглуулах, түрээслүүлэх талын асуудлыг хууль эрхзүйн
зохицуулалтаар бол засаг захиргааны анхан шатны нэгж болох сум, орон
нутгийн Иргэдийн төлөөлөгчид шийдэх учиртай. Халхгол сумын Засаг даргын
орлогч Д.Отгонбаатар  “Сумын Иргэдийн төлөөлөгчдийн энэ төсөл өнгөрсөн
жилээс хэрэгжиж эхэлсэн. Одоогоор сумын төвийн Ташгай багийн нутаг
дэвсгэрт 200 га талбайд усалгаатай газар тариалан эрхэлж байгаа” гэж
байсан.  Энэ сарын 16-нд буюу өчигдөр сумын Иргэдийн төлөөлөгчид
солонгосчуудтай хамтрах асуудлаар Засгийн газраас чиглэл ирүүлсний дагуу
хуралдаж, талууд эцсийн шийдэлд хүрэлгүй завсарласан байна. Арга ч үгүй
биз. Нутаг орны байгаль орчин, эдийн засаг гээд бүхий л зүйлстэй
холбогдож эцсийн шатанд буруутан болохгүйн тулд бүхий л асуудалд
нухацтай хандахыг хүссэн нь дамжиггүй. Халх гол сумын ИТХ-ын дараагийн
хуралдаан хэзээ болох нь хараахан товлогдоогүй байгаа аж.

Төслийг Өмнөд Солонгос улсын “Койка” олон улсын байгууллага зуун хувь
санхүүжүүлнэ гэж байгаа. Ямар ч байсан тухайн улс орон зүгээр нэг
өгөөгүй, тодорхой шаардлагуудыг тавьсан нь мэдээж. Одоогоор бидний мэдэж
буйгаар Халх голд тариалсан хүнсний ногоогоор Зүүн өмнөд Азийн хүнсний
хэрэгцээг хангана гэсэн болзлыг тавиад байгаа. Төслийн багийнхан саяхан
Дорнодод очиж, нэг өдрийн өдөрлөг зохион байгуулжээ. Энэ үеэр төсөл ажил
хэрэг болоод эхэлбэл танай хүү, охин ажилтай, цалинтай болохоос гадна
хар зам, төмөр зам, гэрэл цахилгаан, сумын цэвэр, бохир усны асуудлыг
шийдвэрлэх гээд алтан загасны эмгэн шиг л хүссэн бүхнийг нь биелүүлчих
юм шиг ам мэдэн орон нутгийн иргэдэд ухуулга хийжээ. Үнэхээр хууль
эрхзүйн хүрээнд Дорнод нутгийнхан болоод байгал экологид сөрөг нөлөө
үзүүлэхгүйгээр их ажлыг эхлүүлж байгаа бол сайн л хэрэг. Гэхдээ
анхнаасаа хууль, журмаа зөрчин байж эхлүүлж буй “Халхгол” төсөл өгөөжөө
өгч, амласан бүхэн нь ширхэгчлэн биелнэ гэдэг юу л бол.

Солонгосчуудын хорхойсоод байгаа Халх голын сав газар бол үнэхээр үржил
шимт хөрстэй. 1970-аад онд тэнд Халх голын сангийн аж ахуй гэж байлаа.
Халх голын сангийн аж ахуй 1989 онд 35 мянган тонн үр тариа хураан авч
улсын аварга болж байсан түүхтэй. Тэр үед үтрэм дээр ургац нь багтахгүй
хальж, Чойбалсан хотын гурилын үйлдвэр рүү ачуулаад ч дийлдэхгүй. Ямар
сайндаа тэр их буудайг агуулах сав олдохгүй сандарч, хөрш зэргэлдээ
Хэнтий аймаг руу ачуулж байх вэ. Тэр ч бүү хэл Чита муж руу ачуулж
байсан гэдэг. Хэдхэн жилийн өмнө ургац найгаж байсан энэ газар өнөөдөр
атаршчихаад байгаа нь үнэн. Гэхдээ Атрын гурав дахь аяныг эхлүүлж,
өөрсдийн хүч хөрөнгөөр өөрсдийнхөө идэх хүнсийг бэлтгэж, нэг ч гэсэн
хүнийг ажлын байртай болгох хүсэлтэй олон мянган хүн эх орны торгон хил
Халхын голыг харийнханд өгөхөд лав таатай хандахгүй нь мэдээж. 2020 он
гэхэд Зүүн өмнөд Азид хүнсний хомсдол нүүрлэх аюулыг амархан шийдэх гарц
гэдгийг Япон болоод солонгосчууд эртнээс тооцоолсон нь гарцаагүй.
Тиймдээ ч 10-аад жилийн өмнө япончууд Халхголд цагаан будаа тариалсан нь
амжилтгүй болж, чимээ алдарсан. Харин өдгөө солонгосчууд санаархаад
эхэллээ.

Зөвхөн хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ч бус аялал
жуулчлалыг бас хөгжүүлэх зорилго давхар цохиж яваа гэнэ. Өмнөд хөрш
маань Халх гол сумтай хил залгаа орших Рашаант хотоо эртнээс аялал
жуулчлалын чиглэлээр хөгжүүлээд амжсан. Жуулчдыг татахын тулд Халх
Нөмрөгийн сав газрыг “онилсон” нь гарцаагүй. Энэхүү бай нь манай оронд
ургадаг бүхий л эмийн ургамал, ховордсон ан амьтнаар баялаг газар нутаг.
Нөгөөтэйгүүр хил хязгаар нутгийн онгон дагшнаараа үлдсэн ганц “үүц” гэж
хэлж болно. Энэ л тэдний нүдний хор, шуналын аазгайг хөдөлгөчихөж.

Эхний ээлжинд 30 мянган га талбайг газар тариалангийн зориулалтаар
ашиглах, цаашид 170 мянган га талбайг эргэлтэд оруулах сонирхол төслийн
багийнханд бий. Түүнийгээ ч нуухгүй байгаа. Хэдий мөнгө төгрөг одоо цагт
бүхнийг хөдөлгөх хүч гэлээ ч Дачин тамсаг шиг тусгаар тогтносон “вант”
улс болох вий гэсэн болгоомжлолыг дагуулж байна. Өвөг дээдсийн минь
залуу нас, халуун цусаа урсган байж авч үлдсэн зүүн өмнөд хязгаар нутаг
Халхын гол, Хайлааст манхан уулсыг минь дайны бус далд аргаар эзлэн авах
санаа энэ биш гэж үү.

Д.Долгор

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж