Jacquelyn Martin/AP
ОХУ-ын эсрэг авсан хоригоо өргөжүүлэх шийдвэрийг АНУ гаргалаа. АНУ руу зорчих, тус улсын компаниудтай холбоотой байхыг хориглосон хар жагсаалтад багтсан хүмүүс, компанийн тоог нэмсэн байна. Тухайлбал, ОХУ-ын Гадаад худалдааны банк, Хадгаламжийн банк, “Ростех”-ийн охин компаниудыг нэмжээ.
Вашингтоны энэ үйлдэлд Кремль хариу арга хэмжээ авах болно гэж “айлгав”. Харин Москва дахь АНУ-ын ЭСЯ “хар жагсаалтыг өргөтгөөгүй, өмнөх жагсаалтаа тодотгосон” гэж мэдэгдлээ.
“Хоригт хамрагдсан хувь хүн, компаниуд хязгаарлалтыг тойрох замыг олж, хоригоос гарахыг оролдож байдаг учраас энэ нь ердийн хэрэг юм. Хориг арга хэмжээнийхээ үр дүнг нэмэгдүүлэхийн тулд бид жагсаалтаа тодотгох шаардлагатай” гэж АНУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн атташе Уильям Стивенс хэлснийг РИА Новости агентлаг дамжууллаа. Хоригийн жагсаалтад Европын холбооны хоригийн жагсаалтад байгаа хувь хүн, хуулийн этгээдийг нэмсэн гэж тэр хэллээ.
Харин Кремль энэ тодотголыг “нөхөрсөг биш” гэж үзлээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын яриагаар Москва шинэ жагсаалтыг судлан үзээд хариу арга хэмжээгээ төлөвлөх аж. Харин ямар арга хэмжээг хэзээ авахыг хэлсэнгүй.
АНУ-ын хоригийн шинэчилсэн жагсаалтад хэд хэдэн банк, санхүүгийн байгууллага нэмэгджээ. Тухайлбал, ВТБ24 банк (Гадаад худалдааны банк), VTB Africa банк, ВТБ-ны Казахстан дахь салбар оржээ. ВТБ24 нь өмнө нь АНУ-аас зээл авч байгаагүй, үйлчлүүлэгч нарт тэр нь нөлөөлөхгүй гэж мэдэгджээ. Банкнуудын хоригийн жагсаалтад Беларусь, Украин дахь Сбербанкны (Хадгаламжийн банк) салбарууд, “Сбербанк. Худалдааны автомат систем”, “Сбербанкны улсын бус тэтгэврийн сан” багтав. Энэ жагсаалтад “Яндекс.Деньги” компани орлоо. Жагсаалтад орсоноор компаниуд АНУ-аас ямар нэг төрлийн санхүүжилт авах эрхгүй болж байгаа юм. Мөн Генбанк, Инресбанк, Севастополийн Тэнгисийн банк, КБ "Верхневолжский», Крайинвестбанк, Мособлбанк зэрэг санхүүгийн бүтцийг жагсаалтад хамруулсан байна.
Гэтэл Мособлбанк (Москва мужийн банк) ба “Волгограднефтемаш” нь ах дүү Ротенбергийн хөрөнгө оруулалт бөгөөд Оросын нефть, байгалийн хийн тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгч юм. Гэхдээ амнө нь “Газпромын” охин компани байсан юм.
Оросын тэрбумтан Геннадий Тимченко жагсаалтад оржээ. Түүний Шереметьево дахь бизнес-терминал нь “Авиа Групп”-т багтдаг.
Хоригийн жагсаалтад Крымын “Ялта хотын кино урлан”, “Доод Ореанда” гэх амралт сувиллын газар, дарсны “Массандра” улсын үйлдвэр, оргилуун дарс “Шинэ ертөнц” комбинат, хөдөө аж ахуйн “Магарач” цогцолбор бас багтсан байна.
Мөн “Ростех”-ийн харъяа “Рособоронэкспорт”, “Вертолеты России” холдинг, “Төхөөрөмжийн нэгдсэн корпораци”, “Технодинамика” холдинг, “Швабе” компани, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “Өндөр тусгалын цогцолборууд” нэгдэл жагсаалтад нэмэгджээ.
Тодотгосон жагсаалтад “Универсал-Авиа”, Fentex Properties, LTS Holding (Виргиийн аралд бүртгэлтэй), Lerma Trading (Панамд бүртгэлтэй), Maples (Люксембургт бүртгэлтэй), White Seal Holdings Ltd (Кипрт бүртгэлтэй), "Волгограднефтемаш», ОАО "Технопромэкспорт», ООО "Транссервис», Азовийн архи, дарсны завод багтжээ. Батлан хамгаалахын цогцолборуудтай холбоотой хувь хүмүүсийг хоригт бас оруулжээ. Украины зүүн нутгийн олон улстөрчийг шинэ жагсаалтад оруулсан байна.
Хоригийн ерөнхий жагсаалтаас харвал Сирид хийсэн цохилтын дараа ОХУ-ын батлан хамгаалах чадварыг сулруулахаар шийдсэн бололтой. Тэд өмнө нь Оросын армийг ийм хүчтэй, шинэ зэвсэглэлтэйг тааруу анхаарч ирсэн бололтой. Хоёрдугаарт, элдэв охин компани бусад сувгаар орж ирэх санхүүжилтийг хаахаар шийдсэн гэлтэй. Европын холбоо хоригийн хугацааг сунгасан, АНУ сая хар жасаалтаа өргөтгөсөн зэрэг нь Украины хэрэг явдлаас үүдэн Барууныхан ОХУ-ыг араандаа баттай зуусан нь харагдаж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР