Сонгуулийн тухай хуулийн төсөл нэг алхмаар урагшиллаа. УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг дээрх төслөөр завсарлага авчихгүй бол батлах алхам ойртож байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ. Тус байнгын хорооноос байгуулсан А.Бакей гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн юм. Ингэхдээ дараах зөвшилцөлд хүрчээ.
- 48х28 тогтолцоог хэвээр хадгалах
- УИХ-ын хувь тэнцүүлсэн сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог байсныг бүсчлэн таван тойрог болгох, бүсчилсэн тойрогт суудал хуваарилах
- Санал өгсөн сонгогчдын 28 хувийн босгогүй болох
- УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр нэг байх
- Техникийн тооллогыг хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хийх
Ажлын хэсгээс оруулж ирсэн дээрх таван санал нэлээд эсэргүүцэлтэй тулж байж, байнгын хорооны босго даваад байна. Энэ тухай тоймлоё.
“Шударга ёс” бүлэг 48х28 тогтолцоог эсэргүүцэв
УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг 48х28 тогтолцоог эсэргүүцэв. Тус бүлэг сонгуулийн тогтолцоо 38х38 буюу 38 гишүүн тойргоос, 38 гишүүн улсад нэр дэвшин сонгогдох ёстой гэсэн байр суурь барьсан юм. Тус эвслийн бүлгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд энэ тогтолцоо суусан байжээ. Давуу тал нь сонгогч намыг бус хүнийг сонгоно. Нэр дэвшигч улсын хэмжээнд санал цуглуулж хамгийн олон санал авснаараа УИХ-д сонгогдоно. Гэвч дээрх санал ажлын хэсэг дээр олонхийн дэмжлэг хүлээгээгүй тул байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнгүй. Дэгээрээ ажлын хэсэг дээр унасан санал байнгын хороо руу орж ирдэггүй аж.
Нөгөө талдаа УИХ дахь Ардчилсан нам, УИХ дахь МАН-ын бүлэг одоогийн 48х28 тогтолцоог хадгалах байр сууринд нэгдсэн нь олонхийн дэмжлэг хүлээсэн юм. Гэхдээ пропорциональ 28-ыг таван бүсэд хуваасныг "Шударга ёс" эвслийн бүлгээс гадна УИХ-ын гишүүн Н.Батбаяр эсэргүүцсэн бол С.Дэмбэрэл гишүүн бүсчлэх нь буруу гэсэн байр суурь барьж байлаа.
Нэг метр саналын хуудсыг автомат машин унших уу?
Пропорциональ 28-ыг таван бүсэд хуваасан нөхцөлд саналын хуудас нэг метр орчим урттай байхыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга тайлбарлав.
2012 оны УИХ-ын сонгуулиар саналын хуудас 14 инч байсан. Хамгийн тохиромжтой харьцаа нь 12-21 инч аж. Харин УИХ-ын сонгуулиа, аймаг, нийслэлийн сонгуультай хамтатгаад, 28-аа бүсчлэхээр саналын хуудас нэг 1 метр урттай буюу байх ёстой харьцаанаасаа хоёр дахин их болж буй аж. Ажлын хэсгээр Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх үед Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлаар санал өгөөгүй, зөвхөн сонгууль зохион байгуулах процесс дээр санал өгсөн байна. Гэхдээ УИХ-аас 28-ыг бүсчлэхээр хуулиа баталсан нөхцөлд хуулиа хэрэгжүүлэхийн төлөө л ажиллана. Саналын хуудасны загварыг тус хороо гаргана. Тийм учраас гурван эгнээнд нэр дэвшигчдийг жагсаах зэргээр боломжит хувилбарыг гаргаж ирэхийг чармайж байгаа аж. Учир нь, саналын хуудас урт байх тусмаа автомат машинаар уншихад гацах магадлал нь өндөр юм байна.
Ийм тайлбар сонссон гишүүд “Улс нэг тойрог болбол саналаа хуудсаа уншуулж чадахгүй юм болох нь” гэж шогширч байв.
28 хувийн босгогүй болох уу?
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг сонгууль дахидаг байдлыг хязгаарлах зарчим барьжээ. Одоо мөрдөж байгаа хуулиар нэр дэвшигч тухайн тойрогтоо сонгогчийн 28 хувийн санал авч чадаагүй бол сонгууль дахин зарлагддаг. 2012 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр /АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч/, МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нарт өгсөн сонгогчийн санал 28 хувьд хүрээгүйгээс дахин сонгууль зарлагдаж байжээ. Харин одоо 28 хувийн босгыг халах санал хуульд суувал хамгийн олон саналтай нь УИХ-д сонгогдох аж.
Техникийн тооллогыг 50 хувьд хийнэ
МАН-ын зүгээс саналын хуудсыг автомат машинаар 100 хувь тоолохоос гадна хяналтын гар тооллогыг 100 хувь хийх ёстой гэсэн байр суурь барьж ирсэн. Гэвч Ардчилсан намтай зөвшилцөх хүрээнд 50 хувьд нь техникийн тооллого хийх гэсэн шийдэлд хүрчээ.
Үүнийг нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд эсэргүүцсэн. Мөн техникийн тооллого гэдэг нэр чинь буруу. Хяналтын тооллого гэж нэрлэх ёстой.
50 хувьд гар аргаар тооллого хийнэ гэж АН, МАН хоёр тохиролцсон нь Ардчилсан нам автомат машинаар сонгогчийн 50 хувийн санал авна, МАН гар тооллогоор 50 хувийн санал авна гэж уншигдаад байна гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлсэн бол УИХ-ын гишүүн Г.Уянга “Автомат машинаар санал уншуулахаар Ардчилсан нам нь идчихээд, гараар саналын хуудсыг тоолохоор Ардын нам нь идчихээд сонгогчийн санал үнэн зөв тоологдохгүй байна” гэх гомдлыг ч тавьсан.
Гэвч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь техникийн тооллогыг 50 хувьд хийнэ гэсэн саналыг дэмжсэн. Нэр бүхий гишүүдийн зүгээс “Хяналтын тооллого хийнэ” гэж горимын санал гарган санал хураалгасан ч олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Хяналтын тооллого гэдэг нь гомдол гаргаснаар хийх тооллогыг хэлнэ. Техникийн санал нь тухайн автомат машинаар уншуулсан санал зөв байна уу гэдгийг нягтална” гэх тайлбар хийж байв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх саналууд дэмжигдвэл Сонгуулийн хуульд эдгээр заалт тусгалаа олох юм.
Г.ДАРЬ