-Ном ирэх нэгдгээр сард худалдаанд гарна-
Германы ард түмний орчин цагийн эмгэнэлт түүхийн эзэн Адольф Гитлерийн “Миний тэмцэл” /”Mein Kampf”/ номыг Германд хэвлэхийг хориглосон хорио энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болж байна. Мюнхений Орчин үеийн түүхийн хүрээлэн энэ номыг хэвлэлд бэлтгэж байгаа бөгөөд ном ирэх оны нэгдүгээр сард худалдаанд гарна тус хүрээлэнгийн цахим хуудсанд мэдээлжээ. Номыг 59 еврогоор худалдахаар төлөвлөж байна. Номыг хэвлэх эрхийг Бавари мужийн Засгийн газар эзэмшиж байгаа бөгөөд мужийн засаг захиргаа номыг хэвлэлтэд бэлтгэх ажилд хамтран оролцжээ.
Энэ ном бол түүхийн чухал баримт бичиг төдийгүй Гитлерийн сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзлийг ойлгох нэг чухал эх сурвалж, мөн орчин цагийн түүх судлаачид түүний үзэл санааг няцаах гол хэрэгсэл болох учраас дахин хэвлэж байгаа хэмээн Орчин үеийн түүхийн хүрээлэн тайлбарласан байна.
Шинээр хэвлэгдэх ном хоёр боть байх бөгөөд Гитлерийн номын талаар өгүүлсэн 3500 гаруй шүүмжийг хавсарган хэвлэжээ. Мөн номын бүлэг бүрийн өмнө агуулга, яагаад үүнийг бичих болсон, ямар зорилготой байсан, ямар үг хэллэг ашиглав зэргийг тайлбарласан тайлбар байх аж. Эдгээр тайлбарыг таван эрдэмтэн бичжээ.
Орчин үеийн түүхийн хүрээлэн нь түүхийн эх сурвалжийг хэвлэх туршлагатай. 1925 оны хоёрдугаар сараас 1933 оны нэгдггээр сар хүртэл Гитлерийн хэлсэн үг, тэмдэглэл, гаргасан тушаал зэргийг нэгтгэн 12 боть болгон хэвлэл байжээ.
2009 онд Их Британийн хэвлэн нийтлэгч Питер Макги “Миний тэмцэл” номын хэсгээс хэвлэн Германы сонин худалдаалах цэгүүдээр худалдаалахыг оролдсон ч Мюнхений шүүх хориглосон шийдвэр гаргаж байжээ.
Гитлерийн номыг дахин хэвлэх нь нийгмийн экстремист бүлгүүдийг турхирах аюултай гэж үзэж байгаа хүмүүс байгаа ч үүнийг эсэргүүцэн энэ бол түүхийн эх сурвалж гэж тайлбарлах хүмүүс ч Германд байгаа аж.
Гитлер “Миний тэмцэл” номоо 1924 онд бичсэн бөгөөд энэ ном нь Гитлерийн үндэсний социалист үзлийн гол тулгуур баримт бичигт тооцогддог. 1945 он хүртэл энэ номыг 18 хэлээр орчуулан 12 сая ширхэг хэвлэсэн. Энэ номыг дэлхийн зарим орон, тухайлбал, ОХУ экстремист үзэл суртлын ном хэмээх жагсаалтад багтаадаг.
1935 онд Швейцарийн Базель хотын National-Zeitung сонинд Тете Харенс Тетенс “Миний тэмцэл” номонд үндэслэн Гитлер дэлхийг эзэгнэх агуу төлөвлөгөөтэй байгаа талаар дэлгэрэнгүй бичиж нийтлүүлж байжээ. Тэрбээр энэ нийтлэлдээ “Гитлерийн номонд байгаа энэ агуу төлөвлөгөөг германчууд яагаад олж харахгүй” байгаад гайхаж байгаагаа бичжээ.
А.ШАРАВ