Эзэн хаан дайны гамшгийг дахин сануулав

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Эзэн хаан дайны гамшгийг дахин сануулав

Японы эзэн хаан Акихито өдгөө 82 нас зооглож байна. Эзэн хаан Акихито төрсөн өдрөө тэмдэглэхийн өмнө хэвлэлийн хурал дээр Дэлхийн II дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, дайн дууссанаас хойш 70 жил өнгөрсөн ч дайны гай гамшиг ямар аймшигтайг хойч үеийнхэн ухамсарлан ойлгохын чухлыг сануулжээ.

 

Хэвлэлийн хурлын үеэр Японы эзэн хаан Акихито хэлсэн үгэндээ "Өнгөрснийг одоо эргэн харахад тэр дайны гай гамшгийг мартаагүй өдөр байхгүй мэт санагддаг. Цаг хугацаа өнгөрөх тусам Япон улс ямар дайныг даван туулж гарсныг мэдэх хүн улам бүр цөөрч байна. Дайн гэж чухам юу болох, дайны аюул гамшиг ямар аймшигтай болохыг ухамсарлан ойлгох нь Японы хойч ирээдүй болсон иргэдэд хамгийн чухал гэдэгт би итгэдэг. “ гэжээ. Японы эзэн хаан Акихито цааш хэлэхдээ “Алдаа оноогоо дэнслэх нь хөгширч буйн шинж бололтой.” хэмээгээд эрх мэдлийнхээ хүрээн “Чадах бүхнээ хийж, болзошгүй дайны гай, гамшгаас зайлсхийнэ” гэжээ.

 

Эзэн хааны нас өндөр болсныг харгалзан хэвлэлийн хурлын үеэр түүнээс асуух асуултын тоог хязгаарлаж, зөвхөн нэг асуулт тавихыг зөвшөөрчээ.

 

Японы эзэн хаан Акихито, хатан хаан Мичико нар Дэлхийн II дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн, дурсгалын цогцолборт зочилж, дайны хатуу хүтүүг туулж, амьд үлдсэн иргэдтэй уулзжээ. Японы эзэн хаан Акихито хатан хаан Мичикогийн хамтаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Номхон далайн Палау арал дээр зочилсон билээ. Палау арал нь Дэлхийн II дайны гол тулаан болж байсан газар юм. Эзэн хаан Акихито “Дайнд хичнээн олон хүн амиа алдсан тухай бодох бүрд сэтгэл өвддөг. Тиймээс ард түмэндээ ухамсарт амьдралаараа үлгэж дуурайл болохыг хичээж ирсэн” хэмээн ярьсан байна.

 

Японы эзэн хаан мөн хэвлэлийн хурлын үеэр энэ жил Японд болсон байгалийн гамшигт үзэгдэл Кучиноэрабу арал дээрх галт уулын дэлбэрэлт болон Японы хойг дахь хүчтэй далайн шуурганы үеэр ажилласан хүмүүсийн сэтгэл зүтгэлийг магтсан байна.

 

Тэрбээр мөн Японы хоёр эрдэмтэн анагаах ухаан, физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэнд баяр хүргэжээ.

 

Н.ЭНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж