Татварын өршөөлд хамрагдах хугацааг сунгахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Татварын өршөөлд хамрагдах хугацааг сунгахыг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Уг хуулийн өөрчлөлтөөр татварын өршөөлд хамрагдах хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20-н хүртэл сунгахаар зааж өгчээ.

УИХ-аас өнгөрсөн наймдугаар сард дээрх хуулийн төслийг батлахдаа хэрэгжих хугацааг нь 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нээр хязгаарлаж өгсөн юм. Гэвч  хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг Засгийн газар цаг алдалгүй баталж чадаагүйгээс хугацаа алджээ. Тодруулбал, Засгийн газар холбогдох журмыг өнгөрсөн аравдугаар сарын 10-нд баталсан байна. Ингэснээр иргэн, хуулийн этгээд нуугдмал орлого, хөрөнгөө ил болгон тайлагнах бололцоо бүрджээ. Хууль оройтож хэрэгжсэнтэй холбоотойгоор Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, мөн Татварын газраас ажиллуулж байгаа иргэдэд зөвлөгөө өгөх утсаар холбогдсон иргэд хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж өгөх хүсэлт ирүүлж буй юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Дэмбэрэл нар хуулийн хэрэгжих хугацааг хоёрдугаар сарын 20-ноор тогтоох болсон үндэслэл нь юунд байгаа талаар тодрууллаа.

Сангийн яамны холбогдох газрын даргын тайлбараар бол IV улирлын тайланг хүлээн авах хугацаа иргэнийх хоёрдугаар сарын 15-наар, аж ахуйн нэгжийнх хоёрдугаар сарын 20-ноор дуусгавар болдог аж. Тиймээс дээрх хугацаа зохистой хэмээн үзжээ.

Гэхдээ дээрх нэр бүхий гишүүд “Хугацааг хоёрдугаар сарын 20-н бус, хоёрдугаар сарын 15-наар тогтоох нь зөв. Ингэхгүй бол бусад хуультай зөрчилдөж болзошгүй. Хуульд зааснаар 20-нд аудитын дүгнэлтэд шилжүүлсэн байх ёстой, дээр нь тайланг 15-наар эцэслэдэг тул энэ хугацаанд нь багтаан бариулах. Ингэхгүй бол хоёрдугаар сарын 17-нд хуулийн этгээдээс тайлан хүрээд ирдэг. Түүнтэй холбоотойгоор тайлангаа дахин өөрчлөх асуудал тулгарч ажил сунжирна. Тиймээс хоёрдугаар сарын 15-наар хязгаарлах нь зүйтэй” гэв.

Мөн тэд Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль хэрэгжсэнээр ирэх онд эдийн засагт ямар эерэг үр дүн дагуулна гэж тооцож байна вэ гэдгийг тодруулав.

Үүнд Сангийн яамны холбогдох албан тушаалтан УИХ-аас 2016 оны төсвийн хуулийг батлахдаа Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хүрээнд 140 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө хэмээн тооцсон аж.

Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс энэ сарын 16-н хүртэлх хугацаанд 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болсон. Тиймээс төсөвт тодотгол хийх хүрээнд төсөвт төвлөрөх хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах боломжтой гэдгийг ч онцолж байлаа.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Дэмбэрэл, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг нар оролцлоо.

Хуулийн төслийг хэлэлцэх болоход Сангийн сайд Б.Болор ирээгүй байсан тул Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ орлож танилцуулсан юм. Харин байнгын хорооны хуралдаан өндөрлөх тийшээ хандаж байхад Сангийн сайд Б.Болор хүрэлцэн ирсэн юм.

Байнгын хорооны хуралдаан өндөрлөөд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж