Хүчирхийлэл биш хайр хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Хүчирхийлэл биш хайр хэрэгтэй

Нийгмийн хөгжил, хэв шинж, хямрал, ядуурал, хуулийн завхралыг дагаад бидний сэтгэл зүйд ч өөрчлөлт орж, тэр нь хувь хүмүүсийн зан ааш, өөрийгөө илэрхийлж буй илэрхийлэл, дуу хөгжим, шүлэг, найраглалд ч ил тодоор тусгалаа олох болжээ.

Хайртай хайртай гэхдээ
Хайчаар тоглуулаагүй аав минь ээ
… хэмээх дуу шиг монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх ерөнхий чиг хандлагад ч өөрчлөлт орж байна. Сүүлийн үед хүүхдээ орхиод явсан, харгислал, хүчирхийллийг эсэргүүцсэн утга, учир бүхий дуу цөөнгүй төрөх болжээ. Үүнийг хувь уран бүтээлчид нялзаахаас илүүтэй нийгмийн оюун санаа, сөрөг үр дагавартай холбон тайлбарлавал илүү зохих биз ээ.

Учир нь судалгаа, тоон үзүүлэлтүүд үнэхээр хүүхдийн эрх ашиг, тэдэнд тавих хайр,  халамж доод түвшинд унасныг харуулж байна. Өнөөдөр 11-17 насны 10 хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртөж байна. Тэгвэл насанд хүрсэн буюу 18-24 насны таван хүн тутмын хоёр нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн аймшигтай тоо зурайна.

Бид тулга тойрсон, албан тушаал, ашиг сонирхлынхоо асуудалд илүү анхаарснаар улсын хэмжээнд нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа хүүхдийн тоо 211 мянга 700-д хүртлээ амьдралын чанар  урууджээ.  Өмнө нь 90-ээс дээш үзүүлэлттэй гардаг байсан сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 2014 оны хувьд улсын дундаж 80,5 хувь байна. Баян-Өлгий, УБ болон Архангай аймгуудад бүүр 70,1 хувь байна. Мэдээж энэ нь цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муудсантай холбоотой. Төрийн захиргаа, дүүрэг, яамдын өндөр өндөр барилга барих, түүндээ тансаг тавилга авахад мөнгө хайрладаггүй дарга нар өнөөдөр нэг цэцэрлэгийн төсөвтэй тэнцэх дайны тансаг өрөөнд тухладаг болсон нь нууц биш билээ. 

Өнчин хүүгийн дуу олшроод байгаачлан улсын хэмжээнд хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон шүүхийн шийдвэрийн биелэлт хоёр  хүүхдийн нэгд л хангагдаж байна. Тиймээс орхиод явсан аавдаа гомдсон хүүхдийн дуу төрөлгүй яах вэ?!

Аав нь орхиод явсан эсвэл анхиагүй архичин, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсээр буйг улсын хэмжээнд 5-17 насны хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо  нийт хүүхдүүдийн 18  хувьд хүрсэнээс харж болно. Тэдний 10 хувь нь илүү цагаар, эрс тэс уур амьсгалд ажилладаг бол есөн хувь нь аюултай, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх орчин, нөхцөлд ажилладаг аж. Гэтэл тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрөөс хүүхдийг хамгаалах асуудал улсын хэмжээнд 34 хувьтай байна. Бид үүнээс энэ хөдөлмөрийн эсрэг төдийлөн арга хэмжээ авдаггүй, авах сонирхолгүй байгаа нь харагдаж байна. Зах, гудамж талбайд хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо нийслэлд 300 орчим.   Иймэрхүү байдлаар л хөл хучих хүүхдээ бид бүхэн зарж байна. Энэ үзүүлэлт ядуурал их байгаагаас буурахгүй байна гэж тооцлоо гэхэд хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн хувь хэмжээ санаа зовооно. 2014 оны зургадугаар сараас эхлэн “Хүүхдийн тусламжийн утас 108”-ыг ажиллуулж эхэлснээс хойш нийт 3739 хамгаалал хүссэн хүссэн дуудлага иржээ. Үүнээс яаралтай тусламж хүссэн 388 дуудлагыг Мэдээлэл Шуурхай Удирдлагын Төвд шилжүүлсэн байна. Тус төвийн мэдэгдсэнээр, өдөрт дунджаар 434 дуудлага ирдэгээс 63 дуудлага тутмын нэг нь хүчирхийллийн дуудлага байдаг гэнэ. Энэ нь Монголд өдөрт нэг хүүхэд хүчирхийлэлд өртдөг гэсэн үг. Энэ жишгээр тооцвол жилд 365 хүүхэд хүчирхийллийн золиос болж байна гэж ойлгож болох нь. 

Хүчирхийллийг ангилбал,

  • бие махбодын хүчирхийлэл 1154 дуудлага буюу 28,5 хувь, үл хайхрах байдал 901 буюу 10 хувь,

  • сэтгэл санааны  хүчирхийлэл 346 дуудлага буюу 3,8 хувь, бэлгийн хүчирхийлэл 158 дуудлага буюу 3,3 хувийг эзэлж буй аж.

2015 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 691. Түүний 43-т нь хүүхэд гэмтжээ. Хайрлуулж, халамжлуулж, инээж, догдлон тоглож явах ёстой багачууд маань өнөөдөр ийнхүү нүдэндээ нулимсаа, бие болоод сэтгэл санаа нь өвчилж явна. Тэдэнд хайр хэрэгтэй, хүчирхийлэл  биш.

Л.НАРАНТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж