Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

Шоовдор хүмүүс

-Дэлхийн банкнаас явуулсан судалгаа Хятад улсыг дэлхий дээрх хамгийн олон өндөр настантай улс гэдгийг харуулсан. 2050 он гэхэд энэ улсын 60-аас дээш настнуудын тоо хүн амынх нь 40 хувьд хүрнэ-

 

 

Хамгийн олон өндөр настантай улс бол мэдээж Хятад. Гэвч энэ улс хөгшчүүлдээ ээлтэй улс биш бөгөөд өндөр настнуудын халамжид хөрөнгө зарцуулах нь бага гэнэ. Өтөлж, хөгширсөн эцэг эхээ үр хүүхэд, ач зээ нар нь харж асардаг уламжлал байсан ч орчин үеийн Хятадад хүнлэг уламжлал  үгүй болж,  эцэг эхээ харж хандах нь ховорджээ.

 

Хятадад бас дэлхийн өөр хаана байхгүй олон өнчин хүүхэд бий. Уулархаг Фужянь мужид байдаг Жи Сян нэртэй Буддын сүмд өнчин хүүхдүүдийг хооллож, хувцаслан, унтуулдаг боловч асрамжийн газраас өөр аж. Сүм тэдгээр хүүхдүүдээр өндөр настнуудыг харж асруулдаг ажээ. Тэнд олон хөгшчүүл амьдралынхаа сүүлчийн жилүүдийг өнгөрүүлдэг юм. Тэдний зарим нь явж чадахаа больсон. Хүүхдүүдийн тусламжгүйгээр өөрсдөө явж чаддаг хүмүүс ч бий аж. Гэвч тэнд үр хүүхэд нь орхиод явсан, харж хандах хүнгүй өндөр настнууд их очдог байна. Хятадын ядуу тосгон сууринд ажил хийж чадахаа больсон хөгшчүүдийг тээр дараа гэж үзэх нь элбэг тохиолддог байна. Буддын сүмийн тэргүүний ярьснаар “Манай муж гэлтгүй ер нь хаа сайгүй эцэг эхээ харж ханддаг гэр бүлийн уламжлал алга болсон. Сүмийн ойролцоох нэгэн тосгонд найман хүүхэдтэй нэгэн хөгшин хүүхдүүдийнхээ гэрт ээлжлэн хоног төөрүүлдэг байсан ч сүүлдээ тэд хөгшинд цай ч өгөхөө больсон. Тосгоны зөвлөл бидэнд хандсан боловч хэтэрхий оройтсон. Хөөрхий хөгшин эцэст нь амиа хорлосон байсан”.

 

Жи Сян сүмийн тэргүүн 81 настай Нинг Цинг ойролцоох тосгонуудаар явж, харж хандах хүнгүй болсон, өдрөө хүлээж буй өндөр настнуудыг сүмдээ аваачдаг байна. Гэвч өвчин зовлонтой, харж хандах хүнгүй хөөрхий хүмүүсийг сүмд аваачих нь үнэхээр элэг эмтэрмээр ажээ. Хүнд өвчтэй, хэвтэрт орсон настнуудыг сүмд дамнуургаар аваачих нь элбэг бөгөөд аваачсан хойноо асарч тойглон, эмчилдэг байна.

 

Буддын энэ сүм хатуу дэг журамтай. Бүгд өглөө эрт дөрвөн цагт боссон даруйдаа Буддын сургааль унших ёстой. Сургааль унших нь өглөөний цай уухаас өмнө нэг цаг үргэлжилнэ. Сүмийн нэг өдөр сургааль номлол, цай унд, амралт гэх маягаар үргэлжилж, харанхуй болоход бүгд унтана.

 

Нинг Цинг “Сүмд хүн болгон нэг нэгэндээ анхаарал халамж тавих ёстой. Би хөгшчүүдийн халдаг гудасны халуун, хүйтнийг тохируулах гэж шөнө хоёр удаа сэрдэг байсан. Одоо бол тэд нэг нэгэндээ тусладаг болсон. 80 настнууд нь 100 настнууддаа тусалдаг.” Хэмээн ярьж байна. Сүм дотор үнэхээр цэвэр цэмцгэр, тухтай учраас хөөрхий хөгшчүүл үзэж туулсан хар дарсан зүүд шиг амьдралаа мартдаг байна.

 

Эгч дүү 92 настай Ши Ю Пинг, 86 настай Ши Гуа Ци хоёр бол тэдний төлөөлөл. Нэг өрөөнд хамтдаа суудаг эгч дүү хоёр нэгнийхээ буурал үсийг самнаж өгч, нэг нэгэндээ анхаарал халамж тавьдаг.

 

Тэд "Намайг асрах хэн ч байхгүй.  Ганц хүүтэй. Тэр намайг харж ханддаггүй. Гэртээ сайхан байсан бол энэ ирэхгүй шүү дээ” хэмээн ярьжээ. 86 настай Ши Гуа Цид хүүхдүүд нь өдөрт нэг аяга будаанаас өөр хоол өгдөггүй байснаас сүмд ирэхдээ маш их турж эцсэн байжээ. Харин нэг жилийн дараа эгч нь сүмд ирснээр тэд амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд хамт байхаар болжээ. Гэвч  тэд бол хамгийн азтай хүмүүс билээ. Учир нь Хятадад одоо 220 сая өндөр настан бий.

 

Тэдний ихэнх нь харж хандах хүнгүй, амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг цөхрөл, ганцаардал дунд үддэг байна. Дэлхийн банкнаас явуулсан судалгаа Хятад улсыг дэлхий дээрх хамгийн олон өндөр настантай улс гэдгийг харуулсан. 2050 он гэхэд энэ улсын 60-аас дээш настнуудын тоо хүн амынх нь 40 хувьд хүрнэ.

 

Хятадын жирийн гэр бүлд бүх үеийн төлөөлөл нэгэн дээвэр дор амьдарч байсан нь саяхан. Гэвч асар хурдацтай хөгжиж, өөрчлөгдөж буй орчин үеийн Хятадад гэр бүлийн систем ч ойлгохын аргагүй өөрчлөгдөж байгаа аж. 2013 онд явуулсан Хятад, АНУ-ын хамтарсан судалгаагаар тус улсын 60-аас дээш настай хүмүүсийн 38 хувь нь л хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг байна. Гэвч тэдний дунд үр хүүхдээсээ санхүүгийн дэмжлэг авдаг нь тун цөөхөн гэнэ.

 

Хятадад эцэг эхтэйгээ ойролцоо амьдардаг хүмүүс олон боловч ядуу айлын хүүхдүүд ажил хайж, нэг хотоос нөгөө рүү явдгаас болж, өндөр настай эцэг эх нь харах хандах хүнгүй болох тохиолдол маш их байдаг гэнэ. Тиймээс дийлэнх нь насны эцэст толгойгоо түшүүлэх хүнгүй үлддэг ажээ. Харж хандах хүнгүй, өвчтэй өндөр настнуудад асаргаа сувилгаа үзүүлдэг дэлхийн 80 оронд өндөр настнууд амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг ямар нөхцөл байдалд үдэж байгааг харуулсан судалгаа явуулахад Хятад улс нийгмийн хандлага сөрөг, хүн амтай харьцуулахад өндөр настнуудын асрамжийн газар цөөн, асаргаа сувилгаа тааруу зэрэг үзүүлэлтээр сүүлийн 10-т бичигдсэн байна. Харин өндөр настнуудын асаргаа сувилгаа, халамж үйлчилгээгээр Их Британи нэгдүгээрт бичигджээ.

 

Хятадад одоо хамгийн тулгамдаад буй энэ асуудлыг шийдэхээр зарим хотуудад өндөр настнуудын асрамжийн газрыг шинээр нээж, тэдэнд зориулсан төлбөргүй  эмчилгээ үйлчилгээ нэвтрүүлж эхэлжээ. Хятадын Коммунист намын салбар хорооны нарийн бичгийн дарга Су И Тай “Шинээр нээж буй өндөр настнуудын асрамжийн газрууд бол зөвхөн туршилт. Гэхдээ энэ асуудлыг зөвхөн намд даатгах нь хангалтгүй. Бид Хятадын өнөөгийн нийгэмд тохирох шинэ системийг боловсруулахын тулд Засгийн газар, олон нийт, гэр бүлийн хамтын дэмжлэг хэрэгтэй” хэмээсэн байна.

 

Гэвч Хятадын бөглүү тосгон сууринд нөхцөл байдал бахь байдаг хэвээрээ байгаа юм. Алс бөглүү тосгон сууринд ядуурал толгойн өвчин болж байгаа бөгөөд энэ улсын өндөр настнуудын 65 хувь нь тосгон сууринд амьдардаг. Харин 11 хувь нь хотод амьдардаг байна.

 

Харамсалтай нь амьжиргааны төвшин өндөр Хятадын том хотуудад Жи Сян сүм шиг хөөрхий настнуудыг амар тайван байлгаж, сүүлчийн замд нь үддэг өндөр настнуудын асрамжийн газар өдрийн од шиг цөөн юм.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж