Европын холбоо Хятадыг “хавчина”

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Европын холбоо Хятадыг “хавчина”


Монголд ховор
металын гурван ордод төсөл хэрэгжүүлэхээр “зэхэж” буй АНУ-ын “GTSO” компани
ордуудын баялгийг хүдэр хэлбэрээр БНСУ-руу Оросын Владивосток боомтоор
дамжуулан нийлүүлэх тухайгаа мэдээлээд байгаа билээ. Тус компани Солонгосын
төрийн өмчийн “KORES” корпорациар ордуудын хүдрийн дээжийг шинжлүүлэхээр болоод
байна. АНУ-ын энэхүү “GTSO” компани нь дэлхийн хөгжингүй улс орнуудын
технологичид Хятадын “ширэн нүүрт” бодлогын дүнд газрын ховор элемент, ховор
металын гүнзгий хямралд өртөж эхэлж буй нөхцөл байдлыг соргог анзааран Монголд
эрчимтэйгээр нэвтрэх болсон юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэвшилтэт
технологи үйлдвэрлэлийн гол түүхий эд болсон газрын ховор элементийн салбарт
дэлхийн хэмжээнд олборлолтын 97 хувийг дангаараа эзэлдэг Хятад улс нь экспортоо
огцом хумих бодлого хэрэгжүүлэх болсон. Газрын ховор элементийн экспортын
хэмжээгээ тус улс 2010 онд 40 хувиар бууруулсан юм. 2011 оны эхний хагасын
экспорт 11 хувиар буурахыг тус улсын Засгийн газар мөн мэдээлсэн. Энэ
хоёрдугаар хагаст нийлүүлэлт хэрхэн буурах нь тодорхойгүй байна. Нийлүүлэлтийн
энэхүү хязгаарлалттай зэрэгцэн түүхий эдийн дундаж үнэ 9 дахин өсөөд байгаа юм.
Өөрөөр хэлбэл жилийн өмнө нэг тонн түүхий эдийн дундаж үнэ 14 мянган ам.доллар
байсан бол одоо 100 мянган ам.доллараас даваад буй ажээ. Хэдийгээр үнийн өсөлт
дэлхийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хүчин зүйлтэй холбоотой ч Хятадын алхам
зах зээлд огцом цочроо өгсөн билээ. Ийм нөхцөлд 
“Дэлхийн худалдааны байгууллага”-д /ДХБ/ Европын холбоо Хятадын “хатуу”
бодлогыг хэлэлцэн шүүх тухай хүсэлт тавьжээ. Ийнхүү “ДХБ” ирэх долдугаар сард
Хятадын Засгийн газрын түүхий эдийн экспортыг хумиж буй алхам нь баримталдаг
гол дүрмийг зөрчсөн эсэхийг шүүн, шийдвэрээ зарлахаар болжээ. Харин өчигдөр
Европын холбооны худалдааны дарга Karel “ДХБ-ын гаргах шийдвэр Хятадын хумих
арга хэмжээг шүүн хэлэлцэх Европын төлөвлөгөөг дэмжих болно” хэмээн итгэлтэй
хэлжээ. Австрали, АНУ болон бусад улс оронд газрын ховор элементийн шинэ шинэ
ордууд ашиглалтад орж эхлэх гэж буй ч Европын холбооны улс орнуудад хүрэлцэхүйц
эсэх нь эргэлзээтэй юм.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж