“Гахайнд л философи хэрэггүй” гэдэг сэн

Хуучирсан мэдээ: 2015.12.23-нд нийтлэгдсэн

“Гахайнд л философи хэрэггүй” гэдэг сэн

NEWS агентлаг салбар салбарын мэргэжилтэн, шинжээчидтэй хамтран ажиллаж, тэдний дуу хоолойг хүргэдэг. Эдний нэг нь философийн ухааны доктор Б.Батчулуун юм. Бид энэ намар түүнтэй хамтран “Либертари булан” нээж нийт арав гаруй цувралыг хүргэсэн. Энэ удаа философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран дараагийн булан болох “Философийн булан”-г нээж байна. Энэ буланд философи гэж юу вэ, үүнийг хүмүүс хэрхэн ойлгодог вэ зэрэг сэдвийг хөндөнө. Долоо хоногийн Лхагва гариг бүр хүрэх “Философийн булан”-г та сонирхон уншаарай.


Философийн сэдвээр булан хөтөлж, цувралнийтлэл гаргая гэсэн санаа маань хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй. Нэгд, миний хувьд цаг зав болон бусад бололцоо гарсан хэрэг. Үнэндээ, философич гэдэг бол сүүтэй үнээ, тарган хонь, их мөнгө олж өгдөггүй учраас зах зээлийн мэргэжил биш л дээ. Үүнтэй холбоотойгоор өнөөгийн прагматик нийгэмд философи хэрэггүй гэх маягийн юм ярьдаг хүмүүс олшрох янзтай. Ийм яриа зөвхөн өнөө үед ч гарч байгаа юм биш. Эртний Грект ч ийн өгүүлдэг хүмүүс байж. Тийм ч учраас эртний Грекийн мэргэд тэдэнд зориулж “гахайнд л философи хэрэггүй” гэсэн үг гаргасан биз ээ. Бэртран Рассэлийн хэлснээр “Философи нь бидний зовлонг нимгэлэх эсвэл сүр сүлдийг аврахад зориулагдсан зүйл биш. Оюун ухаанаа ажиллуулах, хүний оюуныг ойлгох сонирхолтой хүмүүс сайн дураараа цаг нөхцөөж буйтай адил зүйл.” Тийм ээ, хүн сэтгэхээ болиогүй цагт философи байсаар байх болно. Хоёрт, Барууны философийн хувьд тогтсон категори, термин, парадигм гэж байдаг бөгөөд хэн энэ бүхний дагуу категорилог сэтгэж чадаж, хэн нь эс чадаж байгаа нь тодорхой харагддаг. Харин Дорнын философид шашин, ёс суртахууны номлол, үлгэр-домог нь ялгахын аргагүй холбогдож, сүлбэлддэг тул хаана нь философийн торгон асуудал, хаана нь пара-философийн асуудал (философийн хаяа хатавчинд байдаг асуудал) байгаа нь тодорхой харагддаггүй. Энэ байдлыг далимдуулагчид олширлоо. Сүүлийн үед элбэгшээд буй “сайн дурын уран сайханчид” маань олон түмний үл мэдэхүйг далимдуулан, философидож буй дүр үзүүлж, цэцэрхэх нь хэрээс хэтрэв. Телевизээр философи гэж ийм уйтгартай, утгагүй, логикгүй зүйл байдаг юм байх даа гэж бодмоор нэвтрүүлгүүд гарах боллоо. “Уран сайханчид” маань амарчлаад түүх, улс төр судлал, эдийн засгаар “онолддог” байсан бол одоо философидох гэж холион бантан хутгаж эхэллээ. Дүрдээ бүр итгэчхэж. Гуравт, сүүлийн энэ шалтгаан хоёр дахь шалтгаантайгаа холбоотой. “Сайн дурын уран сайханчид” хэт газар авч байгааг харсан нэгэн залуу анд маань (өөрөөс нь зөвшөөрөл аваагүй учраас нэрийг нь бүтнээр бичихээс түдгэлзэж Д.А гээд товчилчихъё) намайг ийм булан хөтлөхийг ятгаад удаж байгаа болно.

Энэ бүх шалтгааны улмаас  хэсэг хугацаанд энэ буланг хөтлөхөөр шийдэхдээ ямар сэдвээс эхлэх вэ гэдэг дээр нэлээн эргэлзлээ. Мэдээж, “Философи гэж юу вэ?” гэдгээс эхлэхгүй яах вэ дээ хэмээн бодож болох юм. Тийм ээ, энэ сэдэв гарцаагүй хөндөгдөнө. Гэхдээ заавал ч энэ сэдвээс эхлэх ёстой биш л дээ. Сонирхолтой, тодорхой асуудлаас эхлээд, аажимдаа философи руу хөтөлж ч болно. Миний хувьд энэ замыг сонгов. Ингээд тодорхой, сонирхолтой ямар сэдэв байдаг билээ гэж бодтол хүн бүр ярьдаг атлаа хэн ч хариуг нь хэлдэггүй тахиа, өндөг хоёрын парадокс санаанд орж ирсэн юм. Дараа нь философичдын маргааны мөнхийн сэдэв болсоор ирсэн “Бурхан оршдог уу, эс оршдог уу” гэх  мэт сэдвээр үргэлжлүүлж байгаад ер нь Философи гэж юу юм бэ?” гэдэг рүү орохоор шийдлээ.          

 

ТАХИА, ӨНДӨГ ХОЁРЫН АЛЬ НЬ АНХДАГЧ ВЭ?

(Парадоксын тухай)

“Философийн мөн чанар үнэ цэнэгүй юм шиг санагдах энгийн зүйлсээс эхлээд  хэн ч үл итгэм парадокс зүйлээр төгсөхөд оршино.” Бэртран Рассэль

Зөвлөлтийн тэрс үзэлтэн зохиолч Варлам Шаламов “зохиолч хүн бичиж буй зүйлээ хэтэрхий сайн мэдэж байвал уншигчид түүнийг ойлгохгүй, ө.х. бичлэгийнхээ агуулгын талд урвалаа гэсэн үг” гэсэн байдаг (Колымские рассказы буюу манайд Хорих лагерийн өгүүллүүд гэж орчуулагдсан зохиол нь ингэж эхэлдэг). Гэсэн ч би ярьж буй зүйлийнхээ утгыг зэрэмдэглэхгүйн тулд агуулгын талд урвахгүй байж эс чадна. Нөгөө талаас, нэгэнт хүмүүст зориулан бичиж байгаагийн хувьд тэднээс ч бас урвамааргүй байна. Тэгээд ч ухаалаг, боловсролтой уншигчид цөөнгүй болсныг туршлагаасаа мэдэх тул энэ талаар нэг их санаа зовох хэрэггүй санагдсан.

Парадокс гэж юу вэ?

Философийн парадокс гэдэг бол өнгөц харахад зөрчилтэй боловч нухацтай, нягт нямбай эргэцүүлэн бодсоны эцэст утга нь илэрдэг илэрхийлэл. Гол зорилго нь хүний анхаарлыг төвлөрүүлж, шинэ санаа гаргаж ирэхэд оршино. Жишээ нь: “Амьд зүйл гэдэг бол үхсэн зүйл” гэсэн илэрхийлэл байна. Бид ахуйн хүрээнд ярьдаг даа, “хүн төрөх гэдэг өртөөнөөс үхэх гэсэн өртөө уруу цаг ямагт довтолгож байдаг” гэж. Түүнтэй ойролцоо утгатай. 

Олны дунд хамгийн их тархсан парадоксуудын тоонд “Сахал хусагч”, “Хотын дарга”, “Элсэн овоо”, “Хагасын, хагасын хагасын …” зэрэг парадоксууд ордог. Тэдгээрээс хамгийн түгээмэл тархсан хоёр парадоксыг авч тайлбарлая.

Тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ?

Энэ парадоксын үндсэн утга нь дараах маягтай.  

Тахиа юунаас гардаг вэ? Өндөгнөөс. Тэр өндөг юунаас гардаг вэ? Тахианаас. Тэр тахиа юунаас гардаг вэ? Өндөгнөөс, тэр өндөг нь тахианаас гэх мэтээр төгсгөлгүй үргэлжилж болох бөгөөд эндээс “Тахиа өндөг хоёрын аль нь анхдагч юм бэ?” гэсэн парадокс гарах аж.


Францын уран барималч О.Роденийн (1840-1917 он) “Сэтгэгч” маань алиныг нь анхдагч хэмээн үзсэн бол…


Худалчийн парадокс

Дундад зууны нэгэн философич энэ парадоксыг шийдвэрлэхээсээ нааш юм идэхгүй гэсэн ам гараад өлсөж үхсэн гэсэн домог байдаг. Гэхдээ “Домог бол домог”. Энэ парадоксын үндсэн утга: Сүнсгүй худал залдаг нэгэн хүн байж. Тэр этгээд нэг удаа “Тийм ээ, би худал ярьдаг” гэж л дээ. Тэгвэл түүний хэлснийг хэрхэн ойлгох вэ?

Нэг дэх кэйс: Үнэхээр худал ярьдаг юм бол “Би худал ярьдаг” гэдэг нь худал болж таарна. Өөрөөр хэлбэл, тэр худалч биш.

Хоёр дахь кэйс: “Би худал ярьдаг” гэдэг нь үнэн юм бол худал ярьдаг гэдэг нь худал болж таарна. Мөн л худалч биш.

Яагаад бид будлиад байв?

Гол нь бид мета хэл ба объектын хэл хоёрыг хольж хутгасанд байгаа юм. Энэ тухай тайлбарлая.

Нэг дэх кэйс: Нэг хүн гаднаас орж ирээд, “Гадаа маш их цас орж байна гэдэг нь үнэн байна шүү” хэмээн хэллээ гэж бодъё.

Хоёр дахь кэйс: Өөр нэгэн бас орж ирээд “Гадаа маш их цас орж байна” гэв.

ТАЙЛБАР НЬ: Энэ хоёр хэллэгийг бид “цас орж байна” гэсэн нэг л утгаар хүлээн авдаг. Энд хоёр өөр хэллэг байгааг анзаардаггүйд гол алдаа маань байж.

Нэг дэх тохиолдолд, мета хэлээр ярьж байна. Хэн нэг хүний ярьсан зүйлийн тухайд ярьж байна. Ө.х. “цас маш ихээр орж байна” гэж хэлсэн хүний “үнэний” тухай хэлсэн.

Хоёр дахь тохиолдолд бол бид объектын хэлээр ярьж байна. Ө.х. гадаа (бодит байдал дээр) яг юу болж буй тухай ярьж байна. Хэн нэг хүний хэлсэн зүйлийн тухай биш.

Тэгэхээр тахиа өндөг хоёрын аль нь анхдагч вэ?

Ярьж буй хийгээд сонсож буй хоёр хүн хоёул объектын хэлээр ярьж, “Тэр гүйж яваа дэгдээхий аль өндөгнөөс гарсан бэ?”, эсвэл “Тэр өндөг аль тахианаас гарсан бэ?” гэвэл бид дор нь хариулж чадна. 

Тэр худалч үнэхээр худалч хүн үү, эсвэл үнэн ярьдаг хүн үү?

Тэр худалчийн тухай ерөнхийд нь ярьж байна уу (мета хэл), эсвэл тухайн тохиолдолд худал, үнэн хоёрын алиныг нь хэлж буй тухай ярьж байна уу (объектын хэл) гэдгийг ойлгочихвол түүнд хариулах шиг амархан зүйл байхгүй.

Нэмэлт тайлбар

Тэгэхээр ерөнхийн тухай асуудлыг тусгайтай холбогдуулан тавьчихаар хүмүүсийн толгой эргэчихдэг. “Ерөөсөө хүн”, “Ерөөсөө тахиа”, “Ерөөсөө өндөг” гэж алга. Тодорхой тахиа юм уу өндөг байна. Иймд ерөнхийтэй холбоотой асуултыг бодитой оршиж буй хүн, тахиа, өндөгний тухай асуулттай холиод тавьчихаар хүний толгой эргэчхээд байна. Дундад зууны Европын философид номинализм, реализм хоёрын маргаан явагдаж ирсэн үндсэн шалтгаан ердөө энэ. Товчхондоо, мета хэл ба объектын хэлний ялгаа, эсвэл ерөнхий болон тусгайн категориудын утгыг ойлгочиход л болоод явчих нь байна.


Хэрэв “тусгайд” утга байх аваас тэр нь “ерөнхий” байх ёстой. Платон


Ингээд энэ парадокс шийдвэрлэгдэж байна, шийдвэрлэгдсэн утгаараа парадокс биш.

 

 

 


ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД:

1. “Гахайнд л философи хэрэггүй” гэдэг сэн

2. Бурхан гэж байдаггүй

3. “Бурхан амьд, харин Ницще үхчихсэн”

4. Хүн хариултаараа биш асуултаараа танигддаг

5. Болхидуу сэтгэлгээг л үгээр илэрхийлж болдог

6. “Галзуурчихсан Сократ”

7. Философийн тухай философидолт

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж