Шинэ оны босгон дээр аймаг болгон шинэ жилийн цэнгүүн зохион байгуулдаг болоод нэлээд хэдэн жилийг үзэж байна. Үүнийг жалга довны үзэл гаргалаа хэмээн шүүмжлэгчид цөөнгүй ч уламжлал болон тогтож буй төдийгүй аймгууд ямар гээч тансаг харшид хэрхэн тэмдэглэснээрээ уралдах болсон байна.
Энэ мэт үдэшлэг цэнгүүнд нутгийн зөвлөлийнхөн оройлон оролцдог. Нутаг нутгийнхан шинэ жилийн цэнгүүний үеэр дуудлага худалдаа зохион байгуулах нь бий. Саяхан болсон Сүхбаатар аймгийн “Гангар хун” цэнгүүний үеэр гангар шаазангаар урлаж, мөнгөөр чимэглэн хаш чулуунд суурилуулсан хос хунгийн баримлыг дуудлага худалдаагаар худалдсан юм. Жанжны нутгийн бэл бэнчинтнүүд уралдан үнэ хаялцсаар нэг сая төгрөгөөс дуудсан хунгийн баримлыг гурван сая төгрөгийн үнэ хүргэсэн.
Тэгвэл саяхан болсон Говь-Алтай аймгийн шинэ жилийн цэнгүүн хурдан морины дуудлага худалдаа болон хувирсныг цэнгүүнд оролцогчид шогширч байна. “Макс” группийн захирал С.Ганбаатар, Алтай констракшны захирал Х.Бат-Эрдэнэ гээд Алтайн урдаа барьдаг баячууд нь моринд хорхойтой. Үүнийг гэрчлэх мэт шинэ жилийн үдшийн цэнгүүний үеэр хурдан морины дуудлага худалдаа зохион байгуулж, адууны наймаа хийсэн нь даашинзаар гоёсон танхилхан охид бүсгүйчүүдэд огтхон ч таалагдаагүй гэнэ.
Д.ЦЭЭЛ