Спортын алдартнууд анх удаа лекц уншихаар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Спортын алдартнууд анх удаа лекц уншихаар боллоо

Монгол Улсын нэр алдрыг дэлхийн тавцанд өргөж яваа олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Б.Наранбаатар нар яг жилийн өмнө хамтран “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллага байгуулсан билээ. Цаг наргүй үргэлжилдэг бэлтгэл сургуулилт, тэмцээн, уралдааныхаа хажуугаар бусад тамирчдынхаа ур чадвар, амьдралын баталгаа, хөрөнгө санхүүгийн асуудлаас эхлээд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх чиглэлд сэтгэл гаргаж яваа гурван гавьяатын санаачилсан байгууллага тун удахгүй нэг нас хүрэх юм. Сонирхуулахад, нэг жилийнхээ ойн босгон дээр тэд “Амжилтын төлөө хамтдаа” спортын лекц, чөлөөт уулзалтыг зохион байгуулахаар болсон байна. Олимп, дэлхийн аваргууд лекцийн үеэр хэрхэн амжилтад хүрсэн тухайгаа болон хүн бүхнийг эх оронч сэтгэлтэй, хүссэн, зорьсон бүхэндээ амжилт гаргаж байхыг уриалсан сонирхолтой илтгэл тавих гэнэ.

Тив, дэлхийд нэр алдраа дуурсгасан дэлхийн шилдэг тамирчид өнгөрсөн гуравдугаар сард гаргасан “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж байгаа бөгөөд энэ хүрээнд “Амжилтын төлөө хамтдаа” сарын аян зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэ сарын 25-нд Дархан-Уул аймагт зохион байгуулах спортын лекц юм.

Дархан-Уул аймгийн Ардчилсан залуучуудын холбоо, БТСГ, Дархан-Уул аймгийн БТСГ, “Боловсрол суваг”, TV5 телевиз гээд олон байгууллага алдартай тамирчдын лекцийг дэмжин, хамтран ажиллахаар болсон байна.

Ямартай ч залуусын хот гэгддэг Дарханыхан энэ өдөр  олимп, дэлхийн аваргуудтай сагсан бөмбөгөөр өрсөлдөж, спортоор амьсгалсан нэг өдрийг өнгөрүүлэх нь ээ. Харин үүний дараа буюу ирэх тавдугаар сарын эхээр олимп, дэлхийн аваргууд нийслэлийн залууст зориулж, энэхүү лекцээ уншихаар төлөвлөжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж