Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар БНХАУ-ын Учао хотод зохиогдсон 15 дахь удаагийн олон улсын циркчдийн наадамд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн Т.Буд ахлагчтай Монголын Үндэсний циркийн 12 жүжигчинд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэжээ.
Өнгөрсөн есдүгээр сард болсон циркчдийн дунд “А” буюу нэгдүгээр зэрэглэлийн уг фестивальд ХБНГУ, ОХУ, БНХАУ, Мексик, Канад, АНУ, Франц, Хойд Солонгос, Монгол зэрэг 10 гаруй орны шилдэг циркчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн оролцсон Т.Буд продюсертай, Б.Золбаяр ахлагчтай Монголын Үндэсний циркийн жүжигчид шидэх банзны үзүүлбэрээр хамгийн өндөр оноог авч ийнхүү мөнгөн цомын эзэд болсон юм. Шагналд шаардагдах хөрөнгийг Соёл, урлагийн зардлаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрсөн байна.
Түүнчлэн ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадралд 24 сая төгрөгөөр шагнах шийдвэр гаргасан байна. Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай” журам баталж хэрэгжүүлснээр урлагийн эдгээр төрлүүд сэргэн хөгжиж, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг олон улсын жишигт ойртуулахад түлхэц болж байгаа аж. Ингэснээр манай уран бүтээлчдийн ур чадвар өсөн сайжирч, олон улсын уралдаан тэмцээнд оролцох хүний тоо нэмэгдэж, эзлэх байр, үзүүлж байгаа амжилтын түвшин тасралтгүй өсч байгаа юм.
Г.ТУУЛ