
-Сүүлийн үед юу хийж байна. Ихэвчлэн л гадагшаа эмчилгээнд явсан, ирсэн л гэж сонсогддог. Компанийн ажил ямархуу байна?
-Хийдэг ажил үндсэндээ эрүүл мэндээ сэргээж, босгож авах тал дээр л
анхаарч байна. Болж өнгөрүүлсэн үй л явдлууд нэлээд ч хатуухан зовлон
зүдгүүрийг амсууллаа. Түүнээс үүдээд эрүүл мэндийн хувьд багагүй хүндрэл гарсан. Надад холбогдох хэрэг дууссанаас хойшхи жил гаруйн хугацаанд дандаа л эмчилгээ хийлгэхээр гадагшаа явж, ирж байна. Үе шаттай курс эмчилгээнүүдийг хийлгэж байгаа.
-Ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?
-Элэгний эмчилгээ л голчлон хийлгэж байна. Элгэнд нэлээд өөрчлөлт орсон, хаанаас нь ч юм мэдэхгүй С вирус гэдгийг нь авчихсан, вирусын идэвхижил нэлээд өндөр хэмжээнд очсон учраас цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Тэгээд л явж байна.
-Өмнө нь шарлаж байсан юм уу, юунаас шалтгаалсан юм бол?
-Шарлаж байгаагүй ээ. Хоригдож байх хугацаандаа биеийн эрүүл мэнд муудаад нэлээд хэдэн эмнэлэг дамжчихсан. Эмнэлгүүдээс авсан ч юм уу, тодорхой биш л байна л даа. Шууд эмнэлгүүдээс авсан гээд хэлчихвэл бас эмчлүүлж байсан эмч нар маань гомдчих асуудал гарч магадгүй.
-Сайд, УИХ-ын гишүүд хоёрдугаар эмнэлэгт л хэвтдэг биз дээ?
-Нэгдүгээр эмнэлэг, Халдвар судлал хоёрт л нэлээд удсан л даа. Надад үүсгэсэн зохиомол хэргийн ач буянаар ноднингийн дөрөвдүгээр сараас хойш эмнэлгээр явж байна. Хоёрдугаар эмнэлгийн эмч нар гадагшаа явж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг дүгнэлт гаргаж өгсөн, тэр дагуу нь л явж байна. Өнөөдрийг хүртэл бүрэн төгс эмчлэгдээгүй, эцсийн үр дүн нь гараагүй л байна.
-Шалгагдсан хугацаа тань хэр урт байсан билээ?
-Уг нь бол ОБЕГ-ын хуучин удирдлагуудын өмч хөрөнгө шамшигдуулсан асуудлыг шалгуулахаар би өөрөө хүсэлт гаргасан юм шүү дээ. Удаа дараа хууль зөрчих үйлдэл хийж байсан тодорхой албан тушаалтнуудыг шалгуулахаас эхэлсэн үйл явдал. Анх энэ өргөдлийг 2006 оны есдүгээр сард гаргасан. Генерал П.Даш, н.Алтангэрэл, н.Даваасүрэн, н.Бямбасүрэн гэсэн зургаан хүн, бүгд л тэр үед ОБЕГ-т өндөр албан тушаал хашиж байсан, зарим нь одоо ч шалгагдаж дуусаагүй байгаа.
-Асуудал эрхэлсэн сайд нь өөрийн дор ажиллаж байсан албан тушаалтнуудаа Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгнө гэдэг зарим нэг хүний хувьд “хүн муутай” ч юм шигээр ойлгогдож байсан байж магадгүй?
-Удаа дараа улсын өмч хөрөнгө хулгай хийгээд байгаа хүмүүст “Наад үйлдлээ боль оо” гээд хэлээд байхад үгэнд орохгүй, элэг бариад байхаар би өөр яах вэ. Хамтраад хулгай хийх үү. Сахилгын хорооны хурлаар гурван ч удаа оруулж анхааруулга өгөөд дийлээгүй шүү дээ. Эцэст нь тэдний хийсэн хэрэгт намайг хамсаатан болгож, тэдний мэдүүлгээр сэжигтнээр татсан шүү дээ. Тэднийг хэрэгт татсанаас хойш жил хагасын дараа АТГ-ынхан над дээр ирсэн. Би үүрэг өгсөн болж, тэд хулгай хийсэн болж таарсан шүү дээ. Би тэднийг складнаас бараа хулгайлаад гадагш нь гаргаж зар, төсвөөсөө илүү гаргаад тэр аймаг руу өг, энэ УИХ-ын гишүүний хүсэлтийг биелүүл гэдэг үүрэг өгсөн мэтээр нөгөө зургаа маань мэдүүлэг өгдөг байхгүй юу. Би “Намайг шалгаж болно оо, гэхдээ нотлох баримтаа гаргаад ир, ямар нэг тушаал шийдвэр гаргаж, гарын үсэг, тамга тэмдэг зурсан байна уу, сайдын зөвлөл дээр үүрэг даалгавар өгч үү гэдэг нотлох баримтаа гаргаад ир. Түүнээс биш миний шалгуулах гээд өгсөн хүмүүсийн үгсэн хуйвалдсан мэдүүлгээр намайг шалгана гэвэл би зөвшөөрөхгүй” гээд л явж байсан.
-Гэхдээ таныг энэ хэрэгт холбогдуулж шалгах хүртлээ П.Даш нарын хэрэг дээр ямар нэг материал, нотлох баримт цуглуулсан юм уу? Таны өргөдлийн дагуу шалгалт явуулсан уу?
-Шалгасан байдаг юм, өчнөөн материал байдаг юм билээ. Гэхдээ би “надтай холбогдох хууль зөрчсөн үйлдэл байхгүй учраас наад хүмүүсийн чинь хавтаст хэрэгтэй танилцахгүй” гэсэн. Одоо ч гэсэн танилцаагүй л байгаа. Хэрвээ надад Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэж байгаа бол надад зориулсан хавтаст хэрэг байх ёстой шүү дээ. Гэтэл тийм юм байхгүй, хэрвээ байдаг бол би одоо болтол танилцаагүй л явж байна. Нөгөө зургаан нөхрийн хийсэн хэрэг дээр л намайг хамруулаад явчихсан. Дээд шүүхийн шийдвэрт хүртэл “Хавтаст хэргийн материалыг С.Отгонбаярт танилцуулаагүйг онцгойлон дурдсугай” гэсэн байдаг юм. Тогтоолгүйгээр хүн буудаж алахтай л адилхан байхгүй юу.
-Миний мэдэхийн яамны сайд гарын үсэг зурдаг цөөхөн баримт бичиг байдаг. Таны яриад байгаа өмч хөрөнгө, төсөв зарцуулалт энэ тэр дээр бол Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурдаг биз дээ. ОБЕГ-т болохоор?
-Манай дээр бол агентлагийн дарга буюу төсвийн ерөнхий менежер П.Даш комиссар гарын үсэг зурдаг байсан. Та нар мэднэ дээ, сайд нь ямар эрх мэдэлтэй билээ, төсөв захиран зарцуулахад оролцдог уу үгүй юу гэдгийг. Хуулиар зохицуулаад өгчихсөн. Сайдын ажлын албаны төсөв, хэвлэл захиалга, гарч болзошгүй гамшгийн үед томилолтоор явах зардал зэрэгт бүгдэд нь агентлагийн дарга л гарын үсэг зурдаг, би бол тэр мөнгөнд хутгалдаад явах эрхгүй хүн. Тэгэхээр аман үүрэг даалгавар өгсөн гэдэг юм.
-Амаар үүрэг өгсөн байлаа ч үүнийг чинь хэн нэг хүн, ямар нэг баримтаар нотолж байж шүүн тасалдаг юм биш үү?
-Харин тийм. Нотлогдсон юм ерөөсөө байдаггүй. Өнгөрсөн хойно нь нэлээн нухацтай бодоод байхад миний тэр шалгуулах гээд өгсөн хүмүүсийг миний эсрэг турхирахын тулд хүчний байгууллагын тодорхой албан тушаалтнууд дээрээс өгсөн чиглэлийн дагуу оролцсон байдаг юм. Та нар сайдыгаа л бариад уначих, тэгвэл аврагдана, сайд үүрэг өгсөн гээд хамсаатан болгочихвол хэрэг чинь хэрэг болохгүй гэдэг ч юм уу. Дээд шүүх надад тулгасан албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг зүйл ангийг “нотлох баримтгүй, эсрэг талын хүмүүсийн өгсөн аман мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй” гээд хэрэгсэхгүй болгонгуут АТГ-ынхан дээрээс өгсөн захиалгыг гүйцэтгэхийн тулд 150.3 буюу бүр хүндрүүлсэн, “улсад их хэмжээний хохирол учруулсан” гэдэг зүйл ангиар эрүү үүсгээд дахиад прокурор дээр очсон байдаг юм. Нийслэлийн прокурор үүнийг нь “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гээд буцаасан.
-Таны мөрдөн байцаагч ямар хүн байсан бэ, шалгалтын явцад өөрчлөгдсөн үү?
-н.Бат-Олзвой гэж залуу байсан. Тэр ч бас надтай адилхан үгээ бараад л явж байсан. “Шалгах ёстой хүмүүсээ шалгахгүй яагаад намайг шалгаад байгаа юм бэ, нотлох баримт юу байна” гэхээр “Дээрээс, дарга нар шахаад байна” гэдэг. Би тэр үед муу ч гэсэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байлаа шүү дээ.
-Тэр “дээрх”-үүд ч гэсэн С.Отгонбаяр гэдэг сайдыг юу юугүй шоронд хийчихье гэж бодоогүй байлгүй, нөгөө талын зүгээс цаг хожих гэсэн арга байсан юм биш үү? Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал ч ямар байлаа?
-Тухайн үеийн нөхцөл байдал ч улс төрийн шинж чанартай олон зүйлээс хамааралтай байсан. Авлигатай тэмцэх газар байгуулагдаад удаагүй, юу хийхээ, юунаас эхлэхээ мэдэхгүй, гадна талдаа ядахдаа ажил хийсэн болж харагдах гэсэн зорилго агуулж байсан байж магадгүй. Яг тийм гээд хэлчихэд хэцүү. Гэхдээ тодорхой, нэр бүхий улстөрчид миний шалгуулахаар өгсөн хүмүүсийг над руу турхирч, “үүнийг заавал хэрэг болго” гэдэг үүрэг даалгавар өгч байсан нь тодорхой болоод байгаа.
-У.Хүрэлсүх нь ч бил үү, М.Энхболд, Н.Энхбаяр нь ч бил үү танай агентлагийн даргатай нэлээд “ходий” байсан, тэгээд МАХН-ын хоорондын тулаанд л таныг татаад оруулчихсан юм байна гэж ойлгосон. Тийм үү?
-Сайдын ажил аваад сарын дараа дотоод хяналтын шалгалт хийсэн, шалгалтаар маш их зөрчил гарсан. Тэр шалгалтын үр дүнтэй холбогдуулаад Аудитын ерөнхий газар, ТӨХ-ноос давхар шалгалт хийж, санхүүгийн маш их зөрчил илрүүлсэн. ОБЕГ гэдэг байгуулагдсан цагаас хойш хуримтлагдсан зөрчил л дөө.
-18 тэрбум бил үү?
-17 тэрбум. Миний гаргаж ирсэн нь бол 22 тэрбум, тэрнээс ТӨХ-ны хурлын тогтоолоор гарсан нь 17 тэрбум болсон юм. Түүнээс хойш ямархуу хэмжээнд оччихоод байгааг мэдэхгүй. Шалгасан байгууллагууд нь бол өөрсдийгөө хамгаалж ярьсан, сүүлдээ юу болоод хувирсныг би мэдэхгүй. Тийм л юм болсон доо. Захиалдаггүй, захиалгыг гүйцэтгэдэггүй хууль хяналтын олон шударга ажилтан байгаа л даа. Гэхдээ тэдний дунд чинь бас улстөрчдийн гар хөл болж, хэн нэгнийг ямар нэг хэрэгт хутгах, дарж авах гэдэг ёс бус байдал манай хүчний байгууллагуудын тодорхой албан тушаалтнуудад байна. Энэ бол тодорхой. Тодорхой улстөрчдийн гар хөл болж албан тушаалд томилогдчихоод өөрсдийнх нь өш хонзон авах сонирхолд хуулийн байгууллагыг ашигладаг явдал байна.
-Гэв гэнэт Эх орон гэдэг жижиг намын С.Отгонбаяр гэдэг шинэ сайд гарч ирэнгүүтээ л том намын том хамгаалалттай хүнтэй тэмцээд эхлэнгүүт гайхаж байсан л даа. Хэн энэ хүнийг түлхчихэв гэж. Тэгээд тэр нь нам дотроосоо эсэргүүцэлтэй тулгарангуут эргээд таныг золигт гаргасан ч юм биш үү?
-Улс төрийн талаас нь харах юм бол Эх орон нам намайг хамгаалах боломжгүй. Тэр битгий хэл МАХН дотроо хөлөө жийлцээд, энэ тэнд янз бүрийн бүлэглэлүүд үүсчихсэн, намын дарга хэн, Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг л бөөн дайралт довтолгоонд байсан үе шүү дээ. Дээр нь улсын өмч хөрөнгө идэж шамшигдуулахыг юман чинээ боддоггүй, төрөөс албатай юм шиг татвар авч амьдардаг албан тушаалтнууд ч, улстөрчид ч байна. Таван хүн тэжээж үзээгүй, таван хадаас хананд хатгаж үзээгүй, мөнгө хаанаас бий болдог, яаж бий болгодгийг ч мэдэхгүй, тэр талын төсөөлөлгүй мөртлөө миллиардыг бий болгочихсон “аваргууд” одоо ч байна шүү дээ. Түүнийгээ хамгаалахын тулд тодорхой нэг улс төрийн намын ивээл дор явдаг, нэг халааснаас саагаад нөгөө халаасанд хандив болгож өөрийгөө хамгаалаад, амьдраад сурчихсан нөхдүүд олон байна. Хэрвээ би тэдэнтэй адил хулгайлсан мөнгөнөөс нь тэр дарга нарт нь аваачаад өгчихсөн бол надад ямар ч хэрэг нялзахгүй, би хамгаалалтад орох нь байна. Том улс төрийн хүчний ч, том улстөрчийн ч хамгаалалтад ороод гэмт хэрэгт холбогдохгүй байх бүрэн бололцоо байсан болж л харагдаж байна. Гэтэл надад хийсэн хэрэг байхгүй юм чинь хэн нэгний хамгаалалтад орж амиа хамгаалах шаардлага байхгүй. Байгаа юмыг байгаагаар нь хэлээд явж байсан.
Харин эцсийн үр дүн нь ийм болно гэдгийг бол төсөөлөөгүй. Шүүх хурлын шийдвэр гаран гартал хуулийн байгууллагууд энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдээд өгнө л гэж бодож байсан. Тэр нь алдаа байсан байна. Хэрвээ УИХ-д эргээд сонгогдчихсон, эсвэл сайдаараа байсан бол над руу тэгж хүчтэй дайрч чадахгүй байсан байх л даа. Би үнэхээр гэмт хэрэг үйлдээд, улсын өмч хөрөнгө шамшигдуулчихсан бол эрхийг нь түдгэлзүүлэхээр оруулж ирдэг дөрвөн гишүүнтэй адил миний эрхийг ч түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэх ёстой байсан. Бүтэн хоёр жил шалгуулж байхад Улсын ерөнхий прокурор асуудлаа оруулж ирэх л ёстой биз дээ. Угаасаа хийсэн хэрэг байхгүй хүнийг яаж эрхийг нь түдгэлзүүлэхээр оруулж ирэх юм бэ. УИХ, орон нутгийн сонгууль дууссаны дараа бол хуулийнхны ажиллагаа үнэхээр идэвхижсэн. Хоёр жил шалгаад нотолж чадаагүй хэргээрээ хоёрхон сарын дотор барьж хорьсон.
-Таны өмгөөлөгч С.Ганчимэг тантай хэр удаан ажиллаж байгаа вэ?
-Надтай холбогдох хэргийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Улсын дээд шүүх хэрэгсэхгүй болгосон. Хуучин өмгөөлөгчид маань “энэ асуудал хаагдлаа” гээд надтай гэрээгээ дуусгаад явсан. Үүний дараа би энэ хэргийг хэн анхнаас нь, яагаад зохион байгуулсан юм бэ гэж хөөцөлдөнө биз дээ, эрх биш хүн байна. Эмчилгээгээ хийлгэхийн хажуугаар сураг чимээ тавиад, амьтан хүнтэй уулзсан. Ерөнхийлөгчид, ҮАБЗ-д гомдол гаргасан. Гомдлоо гаргаад явахад өмгөөлөгч хэрэгтэй учраас Өмгөөлөгчдийн холбоогоор дамжуулаад С.Ганчимэг өмгөөлөгчтэй уулзсан. Ганчимэг өмгөөлөгч миний материалтэй танилцаад “эрх зүйн туслалцаа үзүүлж болох хэрэг байна” гэж үзээд энэ хэрэг дээр ажилласан. Э.Амарбат, Тагнуулын хоёр нөхөр, Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч дээр эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Эрүүгийн хэрэг үүснэ гэдэг чинь С.Отгонбаяр гэдэг хүнийг зохиомол хэрэгт гүтгэсэн байна гэдэг нь тодорхой болж байгаа байхгүй юу. Нэлээд өндрөөс доошоогоо бууж, шат шатандаа үүрэг өгөгдөж, гардан гүйцэтгэх үүргийг нь АТГ-ын хэлтсийн дарга Э.Амарбат гэж нөхөр авч, цаашаагаа ТЕГ-ын хоёр албан тушаалтныг татаж оруулаад, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байна лээ. “С.Отгонбаярыг буруутгаж болох ямар үндэслэл байна, гаргаад өгчих” гэсэн байдаг юм. П.Дашийн хэрэгт хамааруулж шалгасан зүйл анги нь нотлогдохгүй болохоор өөр үндэслэл, шалтгаан хайж эхэлсэн.
-Тагнуулынхан тэгээд ямар мэдээлэл гаргаж өгсөн байдаг юм?
-Нөгөөдүүлийн мэдүүлэгт л нийцүүлсэн байгаа юм л даа. “Улсын нөөцийн хөрөнгийг бүгдийг нь зарж устгах, нөөцгүй болгох үүргийг С.Отгонбаяр сайд өгч байжээ” гэж. Тэрийг нь агнуулынхан тогтоосон юм гэнэ. Э.Амарбат намайг хэрэгт унагаахын тулд найзыгаа энэ хэрэгт татаж оруулаад ийм мэдээлэл гаргуулж авсан. ТЕГ-ын хэлтсийн дарга гэдэг бол том албан тушаал. Тийм хүн сургууль хамт төгссөн найзынхаа хүсэлтээр ийм ёс зүйгүй үйлдэл хийгээд сууж байгаа байхгүй юу. Э.Амарбатыг хүсэлт тавингуут хэлтсийн дарга нь орлогчдоо “үүн дээр гарын үсэг зурчих” гээд зуруулсан байгаа юм.
-ТЕГ-ынхан үүнийх нь төлөө хариуцлага тооцсон уу?
-Р.Болд даргаас хэзээ хойно “Таны гомдлын мөрөөр дотоодын шалгалт явуулахад манай ажилтан н.Гомбожав нь тагнуулын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдлоо. н.Гомбожав болон түүний өмнөөс гарын үсэг зурсан Баяраа нарт холбогдох арга хэмжээ авсан. Үндэслэлгүй мэдээлэл бүхий албан тоотыг бусад байгууллагад явуулж, таны нэр хүндийг хохироосон ажилтнуудынхаа өмнөөс уучлал хүсч байгаагаа үүгээр илэрхийлья” гэсэн бичиг ирүүлсэн. Би 2009 оны наймдугаар сард гомдлоо гаргаад, арванхоёрдугаар сард надад энэ бичгийг ирүүлсэн.
-Таны өмгөөлөгч хэвлэлийн бага хурал зарлаж, авлига, тагнуулынханд эрүү үүсгэсэн талаар зарласан нь байдлыг улам ноцтой болгосон байх. Хэвлэлийн хурлыг та зарласан уу?
-Өмгөөлөгч маань Прокурорын мөрдөн байцаах газар, Улсын ерөнхий прокурор, Нийслэлийн прокурорт энэ гурван хүний албан тушаалыг түдгэлзүүлж шалгуулах хүсэлтээ гаргасан юм билээ. Гэтэл Прокурорын мөрдөн байцаах газрынхан “Албан үүргээ гүйцэтгэж байгаа нь мөрдөн байцаах үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлээгүй учир албан тушаалаас нь түдгэлзүүлэх үндэслэл байхгүй” гэсэн хариу өгсөн байдаг юм. Тэгээд энэ хэрэг хэрэг болохгүй нь, хүнийг ийм ноцтой хэрэгт гүтгэчихээд уучлал гуйгаад өнгөрнө гэдэг байж болшгүй зүйл, энэ гэмт хэрэг нь хуулийн хариуцлагатай байдаг учраас хэвлэлийн бага хурал хийж, нийтэд зарласан юм билээ. Би өөрөө тэр үед гадаадад эмчлүүлж байсан учраас мэдээгүй. Уг нь бол миний эрх ашгийг хамгаалах үүднээс гаргасан шийдвэр. Хууль хяналтын байгууллагын өндөр албан тушаалын 3-4 хүнд эрүү үүсгүүлнэ гэдэг чинь амжилт, хэр баргийн хүн үүнийг хийж чадахгүй шүү дээ. ТЕГ-ын дарга шиг дарга шиг уучлал гуйгаад өнгөрч болно.
Хүн гүтгэсэн, бичиг баримт хуурамчаар үйлдсэн, байгуулллагын албан бланк, тамга тэмдэг ашигласан гээд гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, жинхэнэ албан тушаалын гэмт хэрэг чинь энэ байхгүй юу.
-Одоо энэ хүмүүсийг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн үү?
-Түдгэлзүүлээгүй. н.Гомбожав, Баяраа хоёр нь “Амарбатын хувийн гуйлтаар энэ бичгийг үйлдсэн” гэдгээ хүлээчихсэн. Тэр хоёрын мэдүүлгээр Э.Амарбатын эрх ашиг хөндөгдөөд, албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг тавиад эхлэнгүүт Э.Амарбат, Баянзүрхийн прокурор Эрдэнэбат нар манай өмгөөлөгч рүү дайрч, “С.Отгонбаярын өмгөөлөгчөөс татгалз” гэдэг шахалтыг хийж эхэлсэн.
-Эхлээд хувийн шугамаар гуйсан юм уу?
-С.Отгонбаярын өмгөөлөгчөөс татгалз гэдэг шахалтыг энэ оны нэгдүгээр сараас эхлээд үзүүлсэн юм билээ. Тэгээд хэвлэлийн хурал хийснийх нь дараа бүр ч их дарамталсан. Эхлээд албан тушаалаараа дарамталсан. Тэр нь бүтэхгүй болохоор С.Ганчимэгийг таньдаг ямар хүн байна гээд сураглаж эхэлсэн. Тэр үед өөдөөс нь харсан хаалганд амьдардаг н.Эрдэнэбат гэдэг хяналтын прокурор ангийнх нь хүүхэд болж гарч ирсэн, Э.Амарбат түүнээс С.Ганчимэгийг надтай уулзуулж өгөөч гэж гуйсан байдаг юм. Эхлээд н.Эрдэнэбат нь уулзаад С.Ганчимэг зөвшөөрөхгүй болохоор Э.Амарбат “Ямар нэг хэлбэрээр уулзалт зохион байгуулж өг” гэсэн байгаа юм. Тэгээд уулзалт зохион байгуулахын тулд ангийхныг нь цуглуулсан, тэндээсээ муудалцаад хүчирхийлсэн хэрэг гарсан. Эмэгтэй хүнийг яаж л дарамталж, нэр хүндийг нь унагаж болох бүхий л аргаар явсан байгаа юм.
-С.Ганчимэг одоо таны өмгөөлөгч хэвээрээ юу?
-Намайг эмчилгээнд явсан хойгуур гуравдугаар сарын 12-нд гэрээгээ цуцлах хүсэлтээ бичгээр хийж үлдээчихээд явсан байсан. “Хувийн шалтгааны улмаас цаашид таны хууль ёсны эрхийг хамгаалах боломжгүй болсноо үүгээр мэдэгдэж байна” гэсэн бичиг. Хүчингийн хэрэг, түүний дараах хэвлэлийн бага хурлын дараа байхгүй юу. Би гуравдугаар сарын сүүлээр ирсэн чинь өмгөөлөгч ч байхгүй, өмгөөлөгч маань өөрөө хохирогч болчихсон, хүчингийн хэрэг үйлдэгдсэн, би өөрөө хүчингийн хэрэг зохион байгуулсан болчихсон байсан.
-Дээр нь Өмгөөлөгчдийн холбоо, Шүүгчдийн холбооноос Ганчимэгийн эсрэг “өмгөөлөгчийн ёс зүйг зөрчсөн”, “шүүгчдийн нэр хүндэд халдсан” гэж мэдэгдэл гаргасан биз дээ?
-Шүүгчдийн холбоо ч, Өмгөөлөгчдийн холбоо ч албан ёсоор тийм мэдэгдэл гаргаагүй юм билээ. С.Ганчимэгийн нэр хүндийг унагах гэж л хоёр байгууллагын нэрийг ашиглаж хэвлэлээр элдэв мэдэгдлүүд гаргасан юм байна гэж би ойлгосон. Шүүгчдийн холбооны тэргүүн нь Дээд шүүхийн эрүүгийн танхимын дарга н.Батсайхан юм байна, тийм мэдэгдэл гаргаагүй гэдгийг албан ёсоор хэлж байгаа. Уг нь хуулийн байгууллагын өндөр албан тушаалтнуудыг иргэний зиндаанд аваачиж шалгаж байж л энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ шүү дээ. Нэг нь хуулийн байгууллагын бүх сүлжээг гартаа барьчихсан байгаа тохиолдолд нэг эмэгтэй хүнийг яаж ч үгүйсгэж болох байхгүй юу. Энэ хэргийг шударгаар шийдүүлэхийн тулд бүх боломжит арга хэмжээг авах ёстой. Эхлээд намайг хохироосон хэрэгт нь эрүү үүсгэсэн, одоо дээр нь эмэгтэй хүнийг хүчирхийлсэн хэрэгт шалгагдаж байгаа хүн албан тушаал дээрээ байж байдаг. Энэ чинь тэгээд шударга ёсонд нийцэж байна уу. Хаана байна аа, тэр шударга ёс. Э.Амарбат “Би Отгонбаярыг хэргийг шалгасан учраас үүнтэй холбоотойгоор миний эсрэг хүчингийн хэрэг зохион байгууллаа” гээд яриад байгаа. Үнэндээ бол миний хэргийг шалгасантай холбоотой биш шүү дээ. Өөрийнх нь хэргийг шалгаж байсантай холбоотой зүйл.
-Нэг хохирогч байснаа хоёр хохирогч болчихлоо, одоо яах вэ?
-Харин тийм л болоод байна. Миний бодлоор хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудыг зарлигаар томилдог Ерөнхийлөгч үүнийг анхааралдаа авах ёстой. АТГ-ын дарга Ч.Сангарагчаагаас “Э.Амарбатын ТЕГ-тавьсан хүсэлт танай албан ёсны хүсэлт мөн үү” гэж бичгээр асуулгахад “Э.Амарбат тантай холбоотой асуудлаар албан ТЕГ-т ёсоор хүсэлт тавиагүй байна” гэсэн хариулт өгсөн. АТГ үүн дээр хариуцлага хүлээхгүй гэсэн үг л дээ. Ядаж Р.Болд гуай шиг уучлалт гуйгаагүй, хариуцлага тооцлоо ч байхгүй.
-УИХ-ын гишүүн, төрийн сайд хүнд “төрийн тусгай” гэгддэг ч нэг л агентлагийн хэлтсийн дарга үзэгнийхээ үзүүрээр хилс хэрэгт яллана гэдэг юу гэсэн үг вэ?
-Харин ийм л болчихсон юм байна. Уг нь бол АТГ ч, бусад хуулийн байгууллагууд ч үнэн зөвөөр ажиллаж байгаа бол сайд ч бай, УИХ-ын гишүүн ч бай айхгүй ч гэсэн аягүй л байх ёстой. Гэтэл тэр шударга ёс нь хаа байна, бид ямар нийгэм рүү яваад байна гэдэг асуулт гарч байгаа биз дээ.
-Та одоо аль намд байна вэ, Эх орон нам уу, БНН уу?
-Аль ч намгүй л байна.
-Бизнесээ орхичихсон, улс төрийг бас сонирхохоо больсон хэрэг үү?
-Ноосоо тушаачихлаа, намын батлахаа өгчихлөө, авгайгаасаа салчихлаа гэдэг шиг үү.
-Эхнэр эрх биш байгаа байлгүй дээ?
-/инээгээд/ Байхгүй бол болохгүй л дээ.
-Одоо хэр удаан эмчлүүлэх вэ?
-Хагас жил хэрийн хугацаа байна аа.
-Хоригдсон хугацаа хэр урт билээ?
-2008 оны арванхоёрдугаар сараас 2009 оны дөрөвдүгээр сар хүртэл үндсэндээ таван сар гаруйн хугацаа. Эмнэлэгт л байсан болохоос биш. Үнэндээ надад хийсэн хэрэг байхгүй юм чинь шүүх тийм амархан тасалчихна гэж санаа ч үгүй. Аль хэдийн ухаад бэлтгэчихсэн нүх рүү л яваад орчихсон юм билээ. Сүхбаатар дүүргийн шүүхээр таслагдахад Э.Амарбатын хадам ээж н.Төгсгэрэл шүүх бүрэлдэхүүнд орсон байх жишээтэй. Хуулийн байгууллага ийм л сүлжээнд орчихсон юм байна. Э.Амарбатыг Прокурорын мөрдөн байцаах газар шалгаж байна л гэнэ, гэтэл өөрөө өмнө нь прокурорын мөрдөнд дэд даргаар нь ажиллаж байсан юм билээ. Тэгэхээр яаж энэ хэрэг үнэ зөвөөр шийдэгдэх юм бэ? Эхнэр н.Баяртөгс гэж бас л АТГ-т мөрдөн байцаагчаар ажилладаг гэсэн. Яг үнэндээ АТГ-ыг байгуулах гэж хамгийн их зүтгэсэн хүн нь би. Тэр үед УИХ дээр гишүүд “Цагдаагийн эрх үүрэгтэй яг адилхан ийм байгууллагыг байгуулна, байгуулахгүй” гээд зөндөө юм болж байсан. Тэгэхэд “Байгуулна аа, та нар авлига авдаггүй л юм бол байгуул” гээд хамгийн их орилсон хүмүүс нь С.Оюун, Мөнх-Оргил бид гурав.
-Та тэгэхэд сайд байсан уу?
-Байсан. Засгийн газар дээр, УИХ дээр дэмжиж өгсөн. Ганцхан дарга нь УИХ-аас томилогдчихоод лайтай юм шиг миний өрөөний өөдөөс харсан өрөөнд хоёр сар гаруй суусан. “Юу болж байна, Дангаасүрэн гуай” гээд орохоор “Төсөв хөрөнгө, орох орон, ширээ сандал байхгүй” гээд сууж байдаг. Тэгээд би нэгэнт дэмжээд байгуулчихсан юм чинь Ерөнхий сайдтай яриад, Батлан хамгаалахын сайд М.Сономпилийг гуйгаад “Шувуун саарал”-ын байрыг суллуулж өгсөн. Гэтэл “төсөв байхгүй” гээд дахиад хоёр сар суусан. Аргаа барахдаа “Та ерөөсөө манай дээр очиж байрла” гээд ОБЕГ-ын нэг давхрыг бүтнээр нь суллаж өгсөн. П.Даш генерал “Бөөн зардал гарна шүү дээ. Яах юм бэ, сайд аа” гэж дургүйцэхээр нь “Тэр нь хамаа алга аа, би энэ байгууллагыг эхнээс нь дэмжсэн юм. Ерөнхий сайдтай санал солилцоод ингэж шийдсэн. Өөрийн гэсэн байртай болтол нь эндээ байлгана” гээд хагас жил байлгасан шүү.
-Тэгээд эхний хохирогч нь болох шив дээ. АТГ-ын шийдсэн эхний бөгөөд хамгийн том хэрэг нь байлгүй?
-Тийм л болж байна. Гэрийг нь барьж, өрхийг нь татаж, галыг нь асааж өгөөд гаргасан. Онцгой дээр байрлаж байхдаа бүх авах ёстой албан тушаалтнуудаа ажилд нь авсан, 80 гаруй хүн болсон шүү дээ. Хүнд яривал итгэхгүй дээ. Ингэж дэмжчихээд адаг сүүлд нь өөрийгаа “нухуулдаг” л юм байна./инээв/ Үлгэр шиг л юм болж байна. Энэ байгууллагыг ямар хүмүүсийн гарт өгчихөв өө гэж гайхаад байгаагийн маань учир энэ. Мэдээж дотор нь ажилдаа үнэнч, ажлаа мэддэг сайн сайхан хүмүүс байдаг л байх л даа. Цөөхөн хэдэн үл бүтэх нөхдүүд байна гэдэг нь бол тодорхой. Шийдсэн нэг ч хэрэг байхгүй, шийдэх гээд байгаа хэргүүд нь бүгд мөрдөн байцаалт, шүүхээс буцсан, ийм л хоёрын хооронд, хүн айлгадаг газар болсон юм байна. Миний эсрэг мэдүүлэг авахын тулд маш олон хүнийг 3-4 байцаагч нийлж суугаад нэг нэгээр нь шөнө өдөргүй байцаасан байгаа юм шүү дээ. Заримд нь гав зүүж, машиндаа суулгаж, “Ганц худаг”-ийн хаалгаар оруулж, “Чамайг энэ хэргийг Отгонбаяр хийсэн гэж хэлэхгүй бол яг одоо хорилоо” гэж дарамталж байж худал мэдүүлэг авсан байгаа юм. Ийм л бүдүүлэг, хүчирхийллийн байгууллага болсон байна. Надад бол ийм байгууллага цаашид бидэнд хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Эргэж харах цаг болсон л юм шиг надад санагдаж байна.
-Ямар ч боловсон хүчин байхгүй, цагдаагаас очсон хэдэн нөхдүүд цагдаа аргаараа л ажиллаж байгаа нь тэр байх?
-Ерөөсөө тийм л юм байна. Уг нь бол АТГ хүчний байгууллага биш шүү дээ. Бидний анхнаасаа ярьсан зүйл бол Авлигын эсрэг хууль, АТГ-ын гол мөн чанар нь гүйцэтгэх үйл ажиллагаа, мөрдөн байцаалт явуулахаасаа илүү соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үүргийг нь түлхүү тавьж өгсөн юм. Ингэж байж, хүмүүст эхлээд авлигын тухай ойлголт өгч, дараа нь ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдэг зарчмаа тогтох ёстой байсан. Гэтэл өнөөдөр хүнийг шууд барьж аваад мөрдөн шалгадаг, хэн нэгний утсаар өгсөн мэдээллээр, эсвэл гурван хүн сууж байгаад нэгийгээ матчихаар нь араас нь хөөцөлддөг, тэр нь ч юм болдоггүй, хийх ажилгүй л байгууллага болсон байна. Тэгэх тусмаа өнөөдөр авлигынхан гэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өндөр цалинтай хүмүүс байгаа шүү.
-Гэхдээ та нэг л зүйлийг хэлсэнгүй. Нэр бүхий улстөрчдийн захиалгаар танд зохиомол хэрэг тулгасан гэж. Тэд хэн юм бэ?
-Өнөөдөр бүх юмыг дэлгэжихэж болохгүй, би тэрийгээ мэдээд ярьж байна. Зохиомол хэрэг тулгасан хүмүүс бүгд байр байрандаа байж байна, ямар над шиг гудамжинд яваа биш. Өнөөдөр би хэллээ гэхэд маргааш дахиад нэг хэрэг тулгавал яах вэ. Харин ч би энэ бүхнийг нийгэмд гаргаж хэлж байгаагаараа эр зориг гаргаж байгаа шүү. Хэрвээ нуугаад, амиа хоохойлоод чимээгүйхэн явсан бол миний араас дахиад хэдэн ч хүнийг хилс хэрэгт гүтгэж , хэлмэгдүүлж болно. УИХ-ын гишүүн, төрийн сайд хүнийг ингэж хэлмэгдүүлж чадаж байгаа хуулийн байгууллага жирийн иргэнийг бол яаж л бол яаж хэлмэгдүүлнэ биз дээ. Гэхдээ мөнхийн албан тушаал гэж байдаггүй юм. Надад зохиомол хэрэг тулгасан тэр хүмүүс жирийн иргэн болоод суудлаасаа буугаад ирснийх нь дараа яривал илүү шударга болно.
Б.СЭМҮҮН