
Харилцан ашигтай бие биеэ нөхсөн стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэнээр эдийн засгийн харилцаа шинэ төвшинд гарч байна гэж албаны хүмүүс онцолж байна. Мөн энэ айлчлалын үеэр БНХАУ-аас манай улсад 60 сая юанийн буцалтгүй тусламж, 500 сая юанийн хөнгөлттэй зээл олгохоор болсноо зарлалаа. Монгол Улс тус улстай ялтан солилцох гэрээ байгуулахаар нэлээд хэдэн жил чармайж байгаа. Энэ гэрээг талууд энэхүү хэлэлцээрээр үзэглэсэн нь бас нэг дэвшил болсон юм.
Буцалтгүй тусламжийг Монгол Улсын иргэдэд нийтлэг хүртээмжтэй, үр дүнтэй төслүүдэд зориулах, хөнгөлөлттэй зээлийг эрчим хүчний дэд бүтэц бий болгох, боловсрол хөдөө аж ахуйн бусад салбаруудад ашиглахаар төлөвлөж байгаагаа ч манай тал илэрхийлсэн. Ялангуяа өмнө нь хөнгөлөлттэй зээлийг БНХАУ-ын компаниуд түлхүү ашиглаж байсан бол энэ удаагийнхыг хамтарсан болон Монголын компаниуд ашиглах, тухайлбал Монголын компаниуд гүйцэтгэгчээр оролцох боломжтой гэж Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч гарын үсэг зурах ёслолын дараа сэтгүүлчдэд товч мэдээлэл хийхдээ онцолж байлаа. Гарын үсэг зурах ёслолын дараа Хятадын тал Монгол Улсын Ерөнхий сайдыг хүндэтгэн зоог барив. Айлчлал маргааш үргэлжилнэ.
А.АЛТАНТУЯА