Эмэгтэй гишүүдийн “бүлэг” мэдээлэл хийлээ. Тэд эзэнгүй байгаа эрүүл мэндийн салбарт яаралтай сайд, Төрийн нарийн бичгийн дарга томилох шаардлагатай байгааг хэлээд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарт Эрүүл мэнд спортын сайд, тус салбарын Төрийн нарийн бичгийн дарга нарыг яаралтай томилох тухай албан тоот хүргүүлэх болсон гэж мэдэгдлээ. Томилгоог хийхдээ зөвхөн эзэнтэй болгох биш, мэргэжлийн чамбай томилгоо хийх шаардлагатай гэж онцолсон юм.
Хэвлэлийн хуралд оролцсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлэхдээ: Өвөл цаг ирлээ. Хүүхдүүд маш их ханиад томуу тусч байна. Халтиргаа гулгаанаас үүдэж хөл гараа гэмтээх тохиолдол гарсаар байна. Зарим эмнэлэгт эм тариа байхгүйн улмаас өвчтөн эм тариагаа өөрөө гаргаж эмчилгээ хийлгэхэд хүрээд байна. Гэтэл ийм боломжтой ч хүн байна, боломжгүй ч хүн байна шүү дээ. Эрүүл мэндийн сайд, Төрийн нарийн бичгийн даргаа томилох шаардлагатай байна. Энэ том салбарыг эзэнгүйдүүлж байгаа нь буруу гэж би үзэж байна. Тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулаач хэмээн Эмэгтэй гишүүдийн бүлэг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нар албан тоот хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна. Зах зээлд хамгийн сайн шилжиж чадаагүй салбар бол эрүүл мэндийн салбар. Ерөнхийд нь харахад даатгалын тогтолцоо нь боловсронгуй болоогүй учраас олон тулгамдсан асуудал хуримтлагдсан хэвээр байна. Сүүлийн нэг сарын дотор энэ салбарт ажиллагсад хүнд байдалд орж байна. Ажлаа хийж байгаа эмч сувилагч нар бор зүрхээрээ л зүтгэж байна. Тиймээс энэ олон асуудлыг шийдэх үүднээс удирдлагуудыг яаралтай томилох шаардлагатай байна.
Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: 2012 оны сонгуулийн дараа УИХ-д 11 эмэгтэй гишүүд орж ирсэн. Бид нэгдэж, эрүүл мэнд боловсролын салбарт анхаарал хандуулж ажиллана гэсэн зорилготойгоор Эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулсан. Өнгөрсөн 3,5 жилийн хугацаанд олон ажил хийсэн. Харамсалтай нь эрүүл мэндийн салбар хэцүүхэн байна. Тиймээс аливаа улс төржилт хийлгүйгээр, чадвартай хүнийг томилоосой гэж хүсэж байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга: Салбарын ажилчид сайдтай болохыг хүсэж байна. Бидэнд ийм төрлийн хүсэлт нэлээд ирсэн. Тиймээс өнгөрсөн долоо хоногт энэ асуудал дээр ажиллаад, анхааралдаа авах шаардлагатай гэж үзсэн. Зөвхөн эзэнтэй болгох биш, мэргэжлийн чамбай томилгоо хийхийг хүсэж байна.
Т.ДАВААНЯМ