Ким Клейстерс бэртэл авчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Ким Клейстерс бэртэл авчээ

Өдгөө дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа Белгийн алдарт теннисчин Ким Клейстерс хөлөндөө бэртэл авсны улмаас ирэх долоо хоногт эхлэх Уимбльдоны аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болжээ. 28 настай тамирчин бүсгүй мягмар гаригт Недерландад болсон “Unicef Open”-ын аварга шалгаруулах тэмцээний үеэр өмнө авсан бэртлээ хөндөжээ.

Ийнхүү Белгийн тамирчин ирэх долоо хоногт болох тэмцээнд оролцож чадахгүй болсон тул бусад тамирчдын хувьд чансаа ахих боломжтой болж байгаа юм. Өдгөө дэлхийн чансааг Данийн Каролина Возняцки тэргүүлж байгаа бөгөөд Оросын Вера Звонарева хоёрдугаарт бичигдэж, Хятадын Ли На гуравдугаарт, Беларусийн Викториа Азаренка дөрөвдүгээрт, экс дэлхийн аварга Оросын Мария Шарапова тавдугаарт бичигдэж байна.

2007 онд спортоосоо түр хөндийрч, хөөрхөн охин төрүүлсэн Клейстерс хоёр жилийн дараа 2009 онд спортдоо эргэн ирж АНУ-ын нээлттэй тэмцээнд оролцон аварга болж байсан билээ. Тэрбээр энэ он гарсаар Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлээд байгаа билээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж