Саяхандаа, Хятадын иргэн монголчуудыг айлгаж, дарамталсан гэх сүржин мэдээлэл хэвлэлээр цацагдаж, монгол бүсгүйд залилуулж алдсан хөрөнгөө авах гэж гэрт нь очсоноо хятад иргэн хариу тайлбарласан байв. Энэ бол гадаадын бизнес эрхлэгчдийг залилж, хуурч хөрөнгийг нь булаадаг монголчуудын “боловсон” дээрмийн захын жишээ л байсан хэрэг. Ийм явдал Монголын эдийн засаг, улс төрд хаа сайгүй л гарч байгаа шүү дээ. Баригддаг нь цөөхөн, баригдаад олон нийтэд ил болдог нь ховорхон болохоос, ийм төрлийн дээрэм Монголын улс төр, нийгэмд ердийн үзэгдэл болсон.
Буу тулгаад, эд хөрөнгө рүү нь буудаж, айлгаад алт, мөнгийг нь дээрэмддэгээс ялгаатай нь хуулиар далайлгаж байгаад л манай улстөрчид “дээрэм” хийдэг болсон. Бусдын юмыг дээрэмдэж авах уг нь гэмт хэрэг шүү дээ. Харамсалтай нь гэмт хэрэгтнүүдийг илрүүлж барих ёстой хууль цагдаагийнхан хүртэл бусдын хөрөнгийг дээрэмдэх үйл ажиллагаанд гар бие оролцоод явж байна. Хорих, шалгах, эрүү үүсгэх хэлбэрээр шүү дээ.
Улстөрчдийг хулгайч, дээрэмчин мэтээр хүлээж авдаг, олон нийтийн зүгээс ч ийм хандлага гаргаж байгаа нь ганцхан өнөөдөр л илэрч байгаа шинэ сэдэв биш. Тараг исэж муудахаараа савнаасаа хальдагтай л ижилхэн асуудал. Томчууд нь томыгоо барьж “иддэг”, жижгүүд нь жижгийгээ залилж мэхэлдэг энэ байдал яван явсаар монголчууд эцэс сүүлдээ гадаадынханд төдийгүй дотоодын бизнес эрхлэгчдэдээ ч сүрэг дээрэмчин мэт аль хэдийн нэр нүүргүй болчихсон байна. Том, жижиг дээрэмчдийн ялгаа нь эрх мэдэлтнүүдийн ард хууль, цагдаа, гааль татварын гээд том баг ажиллаж байдаг. Жижгүүд нь уурхай дээр нь юм уу, компани дээр нь очоод буу тулгаад мөнгө аваад явчихдаг талаар яагаа вэ, Ц.Мөнхбаярыг баригдах үед баахан алтны компанийн эздээс гомдол гараа биз дээ.
Үнэндээ “Тэнгри холдинг”-ийн Х.Анхбаяр ганцаараа энэ зовлонг амссан юм биш, ийм ил цагаан дээрэмчидтэй нүүр тулсан хүмүүс манай бизнесийн салбарт бишгүйдээ байгаа гэж мөрийцсөн ч болно.
Хэлчихвэл хэрэгтэн болчихно гэж айдаг болохоос авлигын том хэргээр дуулиан дэгдээж байгаад татварын жижиг асуудлаар ял өгч, компанийг нь тонодог, булааж авахыг санаархдаг явдал “Саус гоби сэндс” дээр ч бас илэрснийг ил далд зөндөө л шуугисан. Буу тулгаад, эд хөрөнгө рүү нь буудаж, айлгаад алт, мөнгийг нь дээрэмддэгээс ялгаатай нь хуулиар далайлгаж байгаад л манай улстөрчид “дээрэм” хийдэг болсон. Бусдын юмыг дээрэмдэж авах уг нь гэмт хэрэг шүү дээ. Харамсалтай нь гэмт хэрэгтнүүдийг илрүүлж барих ёстой хууль цагдаагийнхан хүртэл бусдын хөрөнгийг дээрэмдэх үйл ажиллагаанд гар бие оролцоод явж байна. Хорих, шалгах, эрүү үүсгэх хэлбэрээр.
Иргэний бүртгэлийн сан руу дурын нэгэн ажилтан ороод хэн нэгний мэдээллийг авах, засах хэвийн үзэгдэл, мэдээллийн аюулгүй байдал манай улсын хувьд “0”. Түүнийгээ улс төрийн болоод хувийн зорилгоор ашиглах нь ч бий. Н.Алтанхуягийн зээ охин Г.Уянгатай холбоотой 17 тэрбум төгрөгийн асуудал мандмагц, овог, нэр, зүс нь тэс өөр болоод “хувирчихсан” тохиолдол гарсан. Үнэндээ, сүүлийн үед гарч байгаа мэдээллээс харахад үхэх ч эрхгүй хорвоо болчихож. Үр хүүхдийг нь мэдээгүй байхад үхсэн хойно маань ч амьдруулаад, ид шид, эрх мэдлийн хүчээр банкны зээл авч бас болдог юм байна шүү дээ. Энэ бол мэдээллийн аюулгүй байдлын эсрэг том гэмт хэрэг. Гэвч, энэ гэмт хэргийг жижиг хэрүүлтэй хольж хутгаад л өнгөрөөчихдөг гэмтэй.
Энэ мэтээр хуулиас дээгүүр амьдардаг улстөрч, бүлэглэлүүдийн хууль бус үйл ажиллагаа гаарах тусмаа төрийн ордон жирийн иргэн бидэнд “Хулгайч, дээрэмчдийн үүр овоохой” болж харагдаад байгаа юм. Төрийн ордон нь “хулгайчдын үүр” болчихоор иргэд нь төрдөө ч итгэж чадахаа больчихсон байна.
Аргагүй шүү дээ, төр нь өөрөө дээрэмчдийн амиа хоохойлдог газар болоод хувирсан юм чинь.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар зургаан их наядын хөрөнгө илэрснийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанд онцолсон. Гудсан дор байгаа их мөнгийг илрүүлж, далд эдийн засагт байгаа хөрөнгийг ил гаргах нь эдийн засаг талаасаа бол зөв арга. Ийм арга хэмжээг авахгүй бол ДНБ-ий 40 хувьтай тэнцэх их хөрөнгө сүүдэрт нуугдаж байсан нь үнэн.
Гэхдээ энэхүү ил болсон зургаан их наяд хөрөнгийн хэд нь эрх мэдэлтнүүд, улстөрчдийн эхнэр хүүхдийн “халааснаас” гарч ирсэн бэ гэвэл их л эвгүй мэдээлэл цацагдаж магадгүй. Ийм болохоор хөрөнгөө ил болгосон нөхдүүдийн мэдээллийг нууцална гээд хуульд тусгаад өгчихсөн. Ил болгосон татварын байцаагч, цагдаагийн ажилтан, сэтгүүлч бүгд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Тиймээс хуульд зааснаар хэн гэгч улстөрчийн эхнэр хүүхдийнх нь хаана “мартсан”, “хаясан” хөрөнгө ил болсныг олон нийтэд мэдээлж болохгүй, олон нийт мэдэх эрхгүй гэсэн үг. Жирийн ухаанаар бодоход энгийн иргэдийн гудсан дороос зургаан их наядын хөрөнгө илрээ юу?
Хэдийгээр хуулийн хүрээнд гудсан дороо нуусан хөрөнгө ил болгож буй ч, авилгаар авсан хөрөнгөө албан ёсны бүртгэлжүүлж байгаа нь бас л боловсон “хулгай” шүү дээ.
Тийм болохоор өнөөгийн улстөрчдийн олонх нь боловсон хулгайч, дээрэмчний дүрээр л олон танигдаж байгаа юм.
Сүүлийн үеийн судалгааны дүнгээс харахад улстөрчдийн рейтинг тасралтгүй уруудсаар байна. Долдугаар сард 37 хувьтай байсан “босоо” С.Ганбаатарын хувийн рейтинг гэхэд бараг тал хувиар унажээ. УИХ-д суудалтай нам, эвслээс МАН-ын рейтинг 15-18 хувийн хооронд хэлбэлзэж байна. АН гэхэд есөн сарын өмнө 27 хувиас аажим аажмаар уруудсаар өнөөдөр гарсан дүнгээр 14 хувийн дэмжлэгтэй явааг Монголын эрдэм шинжилгээний зөвлөх /МЭК ХХК/ компаниас хийсэн судалгаа харуулж байна. Энэ бүхэн монголчуудын намд итгэх итгэл өдөр ирэх тусам унаж байгааг гэрчилж буй юм. Харин “Сант Марал”-ын тавдугаар сард хийсэн сард судалгаанд оролцсон иргэдийн 51 хувь аль ч нам улс төрийн хүчнийг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Энэ мэтээр улстөрчдийн рейтинг тасралтгүй уруудаж, Монголын аль ч намд итгэх иргэдийн итгэл үгүйрч, хоосорч байгаа нь Монголын төрийн салхивчаар салхи оруулах шаардлагатай болсныг харуулж буй юм. Монголчуудыг сүрэг дээрэмчин болгож харагдуулаад байгаа гол нөхдүүд нь Монголын улстөрчид, төрийн ордонд суугаа цагаан захтай "дээрэмчид".
Бусдын хөрөнгийг ил цагаан дээрэмддэг цагаан захтнууд нь саарал ордонд хуулиар хамгаалагдаж, буу шийдмээр айлгадаг жижиг гарын хулигаанууд нь эх орончийн дүрээр амь хоргодох цөвүүн цаг аа гэж.
Ж.НЯМСҮРЭН