Анод банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваагийн нэхэмжлэлтэй АМГ-ын Геодези, уул уурхай кадастрын хэлтэст холбогдох хэргийн шүүх хурал нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, шүүх хурлаас түүний нэхэмжлэлийг хүчингүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр баталлаа. Анод банкны хэргээр цагдан хорих 461 дүгээр хорих ангид хоригдож буй Н.Даваа шүүх хуралд өөрийн биеэр ирж оролцсон юм. Анхан шатны шүүхээр Н.Даваагийн нэхэмжлэлийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон ч тэрбээр дахин гомдол гаргасан нь энэ аж. Түүний шүүхэд хандах болсон шалтгаан нь “Монгол газар” ХХК-ийн барьцаанд тавьсан ашиглалтын лизентэй холбоотой. Тус компани ашигт малтмалын хоёр ч лизензээ Анод банкинд барьцаалж зээл авсан аж. Улмаар Анод банкинд барьцаалсан Олон-Овоотын лизензээ түр чөлөөлөх хүсэлтийг тавьж, талууд харилцан гэрээ байгуулжээ. Харин АМГ-ын Геодези, уул уурхай кадастрын хэлтсийн дарга 973 дугаар тушаал гаргаж, дээрх лизензүүдийг хүчингүй болгосныг Н.Даваа эсэргүүцсэн байна. Тэрбээр шүүх бүрэлдэхүүнд “Хэдийгээр Анод банк дампуурсан ч би хувьцаа эзэмшигч хэвээрээ байгаа. Банкны тухай хууль бусад хууль тогтоомжийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байна. АМГ-ын Геодези, уул уурхай кадастрын хэлтсийн дарга гаргасан шийдвэрээ хүчингүйд тооцох ёстой” гэсэн ч анхан шатны шийдвэрийг хэвээр баталлаа.
С.Отгон