“Алтан бөмбөг”-ийн цомыг барих тэр агшин итгэхэд бэрх байлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

“Алтан бөмбөг”-ийн цомыг барих тэр агшин итгэхэд бэрх байлаа

Монголын хөлбөмбөгийн холбооноос энэ жил анх удаагаа шилдгүүдэд олгодог “Алтан бөмбөг” шагналыг бий болгосон. Цаашид уламжлан болон зохион байгуулагдах энэхүү шагналын шилдэг эрэгтэй тамирчнаар “ФС Улаанбаатар клубын хагас хамгаалагч О.Баяржаргал тодорсон юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө “Алтан бөмбөг” наадмын анхны эрэгтэй шилдэг тамирчны шагналыг хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-“ФС Улаанбаатар” болон Монгол Улсын футзалын хамт олондоо талархаж байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Анх удаа болж буй энэхүү шагналд нэр дэвшинэ гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Харин шилдгүүдийн шилдгээр шалгарахад бүр их хүнд санагдсан шүү. Үнэнийг хэлэхэд энэхүү хүндтэй шагналыг авна гэж бодож явсангүй. Миний энэ амжилт бол манай баг хамт олны маань амжилт юм. Багийнхаа залуучуудтай хамт байгаагүй бол би өнөөдөр “Алтан бөмбөг” цомыг гартаа барин зогсоно гэдэг итгэхэд бэрх байлаа. Энэ өдөр миний амьдралын чухал мартагдашгүй өдрийн нэг байх болно.

-“Алтан бөмбөг” хэмээх энэхүү нэр хүндтэй шагналыг авах тэр мөчид юу бодогдож байсан бэ?

-Санал асуулга хоёр долоо хоногийн турш явагдсан юм билээ. Гэхдээ тухайн үед миний нэр “шилдэг тамирчин”, “шилдэг гоол” гэсэн шалгаруулалтад нэр дэвшигдсэн болохоор дотроо баярлаж байлаа. Нэр дэвшсэн бүгд л шилдгүүд шүү дээ. Харин тайзан дээр энэ шагналыг авах эрх надад ирсэнд их сандарсан. Тухайн үед юу гэж хэлэхээ хүн мартдаг юм билээ. Миний хувьд энэхүү нэр хүндтэй шагналын анхных нь болоод ч тэр үү одоо ч гэсэн сэтгэл нэг л сайхан байна.

-Шагналын дараа бусдын хэлсэн хамгийн сайхан урмын юу байв?

-Олон хүмүүс талархал хэлж байсан. Надад “чи хамгийн шилдэг нь байлаа” гэдэг үг их сайхан санагдаж билээ. Ээж маань гадаадад байгаа болохоор дараа нь холбогдсон. Аав, дүү нартаа энэхүү сайхан мэдээг тэр орой нь дуулгахад сайхан байлаа.

-Яагаад хөлбөмбөгийн спортоор хичээллэх болсон бэ?

-Хөлбөмбөг гэхээр багын дурсамж санагдана. Манай гэр бүлд спортын хүн байдаггүй. Би Улаанбаатарын хотын иргэн. 5-р хороололд хөлбөмбөг тоглож өссөн хүн дээ. Одоо бэлгэдлийн 11-т багтсан Х.Цэнд-Аюуш бид хоёр нэг байрных. Багын бид хөлбөмбөг өшиглөж явлаа. Одоо эргээд тэр үеийг бодоход миний нэгэн хүсэл биелж байна. Хүн бүр л өөрийн дуртай зүйлээ хийж байна. Энэ шагнал намайг төдийгүй баг, тамирчдыг урамшуулж байгаа гэж ойлгож байгаа. Цаашид олон олон шилдэг залууст маш том боломж байна.

2015 он бол Монголын хөлбөмбөгийн холбооны түүхэнд олон үйл явдлууд болсныг спорт сонирхогчид бүгд мэдэж байгаа. Мөн олон улсын чухал тэмцээнүүд манай улсад боллоо. Миний хувьд “Алтан бөмбөг”-ийн анхны эзэн болсон гэдгээрээ бүр их хариуцлага оногдож байна. Мэдээж энэхүү нэр хүндтэй шагнал жил бүр үргэлжлээд явна. Өөрийн эрхгүй надад бас нэгэн том хариуцлага, итгэл ирлээ. Тиймээс улам сайн хичээх болно.

-Энэ онд таны хамгийн сэтгэлд хүрсэн тоглолт ямар тоглолт байсан бэ?

-Олон тоглолтууд байна. Манай баг энэ жил “Хүрхрээ” үндэсний дээд лиг болон МХБХ-ны цомын дэд аварга болсон. Надад нэгэн онцгой гоол байдаг юм. “Хүрхрээ” үндэсний дээд лигийн үеэр өнгөрсөн жилийн аварга “Хоромхон” багийн эсрэг тоглосон. Энэ тоглолт тавдугаар сарын 16-ны өдөр болсон юм. Манай баг 2:1-ээр аваргуудыг буулгаж авахад би нэг гоол хийж байсан. Гэтэл энэ гоол оны шилдэг гоолын өрсөлдөөнд нэр дэвшсэнд бас талархаж байна. Тэр өдөр яах аргагүй манай багийн хувьд чухал ялалт байсан юм.  

Ирэх онд та бүхнийг олон тэмцээн хүлээж байна. Тэр дундаа өөрөө “Алтан бөмбөг”-ийн анхны эзэн боллоо. Хариуцлага их ирж байна даа?

-2015 он бол Монголын хөлбөмбөгийн холбооны түүхэнд олон үйл явдлууд болсныг спорт сонирхогчид бүгд мэдэж байгаа. Мөн олон улсын чухал тэмцээнүүд манай улсад боллоо. Миний хувьд “Алтан бөмбөг”-ийн анхны эзэн болсон гэдгээрээ бүр их хариуцлага оногдож байна. Мэдээж энэхүү нэр хүндтэй шагнал жил бүр үргэлжлээд явна. Өөрийн эрхгүй надад бас нэгэн том хариуцлага, итгэл ирлээ. Тиймээс улам сайн хичээх болно.

-Мэргэжлийн хөлбөмбөгт хэдэн жил тоглож байна вэ?

-2011 оноос хойш тоглож байна. Япон улсад 2005 онд сурахаар очиж байсан ч зургаан жилийн дараа Монголдоо ирсэн. 2011 оноос хойш мэргэжлийн хөлбөмбөгт тоглож, тэмцээн уралдаанд оролцоод эхэлсэн. Миний өнөөдрийн амжилт Японы Оцү Казутака тоглогчтой салшгүй холбоотой. Тэр надад маш их тус хүргэсэн байгаа.

-Энэ жилийн хувьд манай улсад олон улсын тэмцээн олон боллоо. Тэр дундаа футзалын зүүн бүсийн тэмцээн болоход өөрөө шигшээ багт багтсан шүү дээ. Энэхүү тэмцээний тухайд та юу гэж хэлэх вэ?

-Мэдээж энэ жил бидний хувьд онцгой жил байсан. Тэр дундаа футзалын тамирчдын хувьд БНХАУ, БНСУ, Тайвань, ХонгКонг гээд тивийн шилдэг багуудтай эх орондоо тоглоно гэдэг бүр их хариуцлага байлаа. Гэхдээ бид энэхүү тэмцээнээс их зүйлийг ойлгосон. Хэдийгээр ганц хожил авсан ч гэлээ эцсийн тоглолт хүртэл хэсгээсээ шалгарах боломжоо хадгалж байсныг бодоход өрсөлдөөн үнэхээр ширүүн байсан. Tэмцээнээс БНХАУ, Тайванийн багууд ирэх онд Узбекстанд болох тивийн аваргад өрсөлдөх эрхээ авсан байгаа. Бидэнд их боломж байгаагаа энэхүү тэмцээнээр харлаа.  

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж