“Монголчууд бизнестээ эргэн ирлээ”

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

“Монголчууд бизнестээ эргэн ирлээ”

“Монголчууд бизнестээ эргэн ирлээ”

-Хамгийн гол нь энэ төсөл хэрэгжиж эхлэх нь Монголын эдийн засгийн цаашдын өсөлт, тогтвортой байдалд чухал ач холбогдолтой-

Энэ жилийн турш уул уурхайн төсөл тойрсон элдэв муу мэдээ, улстөрчдийн хэрүүл сонсогдож байсан ч он шувтрахын өмнөхөн сайхан мэдээ дуулдсан нь Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан явдал байлаа. Гадаадын уул уурхай болоод эдийн засаг санхүүгийн чиглэлийн мэдээллийн сувгуудаар ч сүүлийн хоёр гурван жил Монголын талаар нааштай сайн мэдээ гараагүй байсан бол Оюутолгойн санхүүжилтийн гэрээнд бүгд шахам анхаарал хандуулж, онцлон мэдээллээ. Тэдгээр мэдээллийн гол утга нь “монголчууд бизнестээ эргэн ирлээ” гэсэн мессеж байлаа.

2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын Засгийн газар гарын үсэг зурсанаас хойш зургаан жил өнгөрчээ. Дэлхийд томд орох Оюутолгойн зэс, алтны уурхайн нөөцийн 80 хувь нь далд уурхайдаа бий. Уг нь хоёр жилийн өмнөөс далд уурхайгаа ашиглах төлөвлөгөөтэй байсан ч харилцан ойлголцох, харилцан ярилцах асуудал цөөнгүй байсныг бид мэднэ. Хэдийгээр хоёр жилийг алдсан ч “хэзээ ч байхгүй байснаас оройтсон нь дээр” гэдэг үг бий.

Дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллага Оюутолгойн далд уурхайн ашиглалтад шаардлагатай байгаа 4.4 тэрбум ам.долларыг “Рио Тинто” болон “Эрдэнэс Монгол” компаниар дамжуулан Монголд зээлж байгаа юм. Он гараад эхний санхүүжилт орж ирмэгц бүтээн байгуулалт өрнөх учиртай. Эхний ээлжинд 200 гаруй км хонгил ухах ажил бий.

Хэдийгээр уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ унаж, тэр дундаа зэсийн үнэ ч унасан үед энэ гэрээ зурагдсан ч нүүрстэй харьцуулбал зэсийн үнэ хоёр гурван жилийн дараа өснө гэсэн өөдрөг таамаг байгаа.

Хамгийн гол нь энэ төсөл хэрэгжиж эхлэх нь Монголын эдийн засгийн цаашдын өсөлт, тогтвортой байдалд чухал ач холбогдолтой.  The Economist сэтгүүл Монголын эдийн засгийн унаад байгаа гол гол үзүүлэлтийг графикаар харуулж, эдгээр үзүүлэлт өсөх нөхцөл бүрдлээ гэдгийг онцолсон байсан. Тус сэтгүүл эдгээр тоо баримтыг ОУВС-гийн мэдээнд үндэслэн гаргасан бөгөөд уг графикт үзүүлсэнээр ДНБ-ий хэмжээ болон валютын нөөц сүүлийн гурван жилд бараг ижил хурдтайгаар унасныг харж болно. Тэгвэл Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлсэнээр эдгээр уруудсан муруй шугам дараагийн гурван жилд өгсөх магадлалыг бий болгож байгаа нь гол ач холбогдол юм.

Оюутолгойгоор улс төр хийж амьдарч ирсэн хүмүүс Монголын нийгэмд цөөнгүй байгаа. Мэдээж ардчилсан нийгэмд хэн ч гэсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Сайхан ярьсан шигээ сайхан амьдардаг бол юу дуртайгаа ярихсан. Даанч ярьлаа гээд амьдрал сайжрахгүй, дээр өгүүлсэн уруудсан муруй шугам дээшээ өгсөхгүй.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж