Нийслэлийн Онцгой байдлын газраас шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах иргэн аж ахуй нэгж байгууллагын барилга байгууламж болон пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа томоохон худалдааны төвүүдэд гал түймрийн улсын хяналтын хэрэгжилтийг хангах үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.
Одоогоор шалгалтыг 31 объектод хийж 144 зөрчил илрүүлэн, 10 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчлөө арилгах талаар заавар, албан шаардлагыг 10 байгууллагад хүргүүлжээ. Галын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох норм, журмыг мөрдөөгүй, биелүүлээгүй байгууллагад 1 сая 226 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газрын хамтарсан үзлэг шалгалт үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Иргэд пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ өөрсдөө дур мэдэж хэрэглэх, мэргэжлийн бус хүнд хандсанаас болж, өнгөрсөн жилүүдэд нийт пиротехникийн хэрэгсэлд 11 хүн гэмтэж бэртэж байжээ.
Д.ЦЭЭНЭ
Холбоотой мэдээ