Ж. Энхсайхан: Уран бол байгаль орчны хувьд тун бохир бизнес

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Ж. Энхсайхан: Уран бол байгаль орчны хувьд тун бохир бизнес

Монгол улсад цөмийн түлшний
хаягдал байршуулах нь хэмээсэн шуугиан гадаад, дотоодын хэвлэлээр
цацагдсан билээ. Энэхүү дуулиан одоо ч намжаагүй байна. Монгол Улсын
цөмийн зэвсэггүй бүсийн статусыг олон улсад баталгаажуулахаар НҮБ-ын
түвшинд идэвхтэй ажиллаж, тодорхой амжилтад хүрсэн туршлагатай дипломатч
Жаргалсайханы Энхсайхантай MMJ сэтгүүлийн Э. Оджаргал ярилцлаа.

Цөмийн зэвсэгтэй зарим улс Монгол орны
цөмийн зэвсэггүй бүсийн статусыг хүлээн зөвшөөрч, тэрхүү амжилт нь
манай улсын дипломат харилцааны түүхэнд тодхон үсгээр бичигдэж байсан
өдрүүдээс хойш эдүгээ нэгэн арван улиран оджээ. Тиймээс цөмийн хаягдал
болоод олон улсын хууль тогтоомж, уран баяжуулах үйлдвэрлэл, технологи
зэрэг цөмийн энергийн салбартай холбоотой асуудлаар Монгол Улсаас Олон
улсын атомын энергийн агентлагийн  дэргэд суугаа Байнгын төлөөлөгч,
Монгол Улсаас Австри улсад суугаа Элчин сайд ноён Энхсайханаас дараах
тодруулгыг авлаа.

 

    Монгол улсын газар нутагт цөмийн түлшний хаягдал шаарыг
байршуулах талаар АНУ Японы талтай ярилцсан гэх мэдээлэл өнгөрч буй
сарын туршид багагүй шуугиан тарив. ОУАЭА-д ойр ажиллаж буйн хувьд Та
энэ мэдээллийн талаар тодруулж өгнө үү?

   Цөмийн Энергийн газар болон аливаа бусад байгууллагаас энэ талаар
манай ЭСЯ-нд мэдээлж байгаагүй. Энэ тухай би анх сонин хэвлэлээс уншиж
мэдсэн. Манай тал Агентлагт ямар хэмжээгээр мэдээлэл өгнө, Агентлаг тэр
хэмжээний албан ёсны мэдээлэлтэй байдаг. Сонин хэвлэлд гарч буй
мэдээллийг албан ёсны гэж үздэггүй учраас зөвхөн анхаарал, судалгаандаа
авдаг. Японы сонин хэвлэлд уг мэдээлэл анх гарч байх үед Агентлагийн
удирдлага, мөн гишүүн зарим орны Элчин сайд нар надаас тэрхүү мэдээлэл
хэр үндэслэлтэй болохыг лавлаж асууж байсан. Би энэ талаар төвтэйгээ
зөвлөлдөөд, мэдээлэл үндэсгүй юм гэсэн хариу өгч байв. Мөн Агентлагийн
удирдлагатай зөвлөлдөөд, ЭСЯ-аас уг мэдээлэл үндэслэлгүй юм гэсэн албан
ёсны мэдэгдэл хийсэн. Манай талын гаргасан албан Мэдэгдлийн дараа уг
асуудал Агентлагт дахин албан болон албан бусаар  яригдаагүй.
   
   Улс орнууд цөмийн түлшний хаягдлыг хадгалах талаар ямар хууль журам мөрддөг вэ? Энэ тал дээр онцлох хууль, тогтоомж байдаг уу?

   Цөмийн түлшний хаягдлын тухай хуультай цөөн тооны улс орон байдаг
гэдэг. Гэхдээ нэгэнт цөмийн түлшний хаягдал нь цөмийн циклийн нэг л
хэсэг нь учраас олон улсын практикт, түүний дотор ОУАЭА-т цөмийн
энергийн асуудлаар нэг цогц хууль тогтоомжтой байхыг чухалчилдаг. Учир
нь, хэд хэдэн хууль байвал зарим заалт нь давхардах юм уу, зохицуулах
зарим асуудал хийдэж тусгалаа олохгүй орхигдох , мөн хэрэгжүүлэгчдийн
ажил үүрэг нь давхардах, эсвэл хариуцлага хүлээх байгууллага, этгээд нь
тодорхой бус болох зэрэг тохиолдол гарч болзошгүй гэж үздэг. Тиймээс улс
орнууд нэг цогц хуультай байхыг хичээдэг. ОУАЭА энэ чиглэлээр гишүүн
орнууддаа төрөл бүрийн зөвлөгөө өгч тусалдаг. Тус агентлагаас гаргасан
гарын авлагад Цөмийн энергийн тухай цогц хуульд тусгаж болох үлгэрчилсэн
заалтууд тусгагдсан байдаг. Тухайлбал цөмийн шаар хаягдлын талаар гэхэд
төрөөс баримтлах бодлого, стратеги зарчмууд, лицензи олгоход анхаарах
зүйл, хаягдлын менежмент, хариуцлага, импортлох буюу экспортлоход
анхаарах зүйл зэрэг асуудлаар тодорхой өгүүлсэн хуулийн үлгэрчилсэн
заалттай. Манай улс ОУАЭА-ийн хүрээнд байгуулсан Ашигласан түлшний аюулгүй байдлын менежментийн болон цацраг идэвхт бодисын хаягдлын аюулгүй байдлын менежментийн тухай конвенцид
хэрвээ нэгдэн орвол түүнд хуулиа нийцүүлж таарна. Ингэсэн тохиолдолд
Агентлагаас манай улсад аль 2008 онд өгч байсан олон зөвлөмжөөс нэг нь
биелнэ гэсэн үг.

Завсрын газарт 60-100 жил хадгалдаг

   Нэгдсэн Конвенцийн талаар тодорхой мэдээлэл хаанаас авч болох вэ ?

   Бүх мэдээллийг ОУАЭА-ийн вэб хуудаснаас бэлхнээ олж болно. Гарын
авлагыг ч тэндээс олж ашиглаж болно. Энэ оны намар Венад Цөмийн хуулийн
хүрээлэнгээс ахлах албан тушаалтнуудад зориулж хоёр долоо хоногийн
сургалт явуулна. Хэрэв зээ манай улсаас энэ чиглэлээр нэлээд олон жил
ажилласан өндөр мэргэжлийн албан тушаалтан ирвэл  бүр нарийн мэдлэг,
сүүлийн үеийн мэдээлэлтэй болно гэсэн үг. Ийм чухал сургалт болох гэж
буйг манай тал мэдэж байгаа.     

   Цөмийн түлшний хаягдал шаарыг булшлах аюул нь чухам юундаа байдаг
юм бэ? Энэ талаар шинэ дэвшилтэт технологи гарч байна уу? Ер нь дэлхийд
цөмийн эрчим хүчний аюулгүй технологи гэж байдаг уу?

   Цөмийн ашиглагдсан түлш /ЦАТ/ гурван янз байдаг юм билээ. Доод, дунд
түвшний ЦАТ-ийг тээвэрлэх, богино болон дунд хугацаагаар хадгалах,
цаашилбал удаан хугацаагаар хадгалах асуудлыг ч онолын төдийгүй
технологийн хувьд шийдэж чадсан гэж хэлж болно. Энэ талаар цөмийн нөлөө
бүхий гүрнүүдээс гадна Финланд, Швед зэрэг улс нэлээд туршлага
хуримтлуулаад байгаа.  Удаан хугацаагаар “хадгалахад” гол нь тухайн
ЦАТ-ний онцлогт тохирсон технологи болон “хадгалах” газрыг зөв олж
тогтоох явдал юм.
   Харин өндөр түвшний ЦАТ /high enriched uranium – HEU/-ын
хувьд  аюулгүй шийдлийн талаар онолын хэд хэдэн “гарц” байх  боловч яг
практик шийдлээ олоогүй. Энэ төрлийн ЦАТ цөмийн цахилгаан станцын
реакторт дунджаар таван жилийн хугацаанд буй болдог. Түүнийг ашигласны
дараа реактороос гарган авч тусгай усан бассейнд 2-5 жил хадгалж
хөргөөд,  дараа нь 60-100 жилийн хугацаанд “завсрын” газарт хадгалж,
дараа нь газрын гүнд булж “байнга” хадгалах учиртай гэдэг. Энэ талаар
нарийн мэргэжлийн хүмүүс илүү тодорхой ярьж хэлж чадна. АНУ-д бол зарим
эрдэмтэн “завсрын” хадгалалтын хугацааг 300 жил хүртэл сунгаж болно гэж
үздэг. ЦАТ-ийг газарт булж хадгалахад түүний химийн бүтцийн онцлог, мөн
газрын хөрсний гео-химийн болон гео-физик бүтэц, онцлог, хөрсний усны
байршил, чичирхийллийн хувьд тогтвортой аюулгүй байдал зэргийг харгалзах
учиртай. Удаан хугацаагаар хадгалах тохиолдолд ямар ч чийгшил байх
ёсгүй, өөрөөр хэлбэл ЦАТ-ийг агуулж байгаа сав нь зэвэнд идэгдэхгүй
баталгаатай байх ёстой гэдэг.
   Цөмийн шаар хаягдлын гол аюул нь гамма цацраг туяа болон байгалийн
бус аргаар бий болсон Менделеевийн элементүүдын үелэх системд 89-103-ын
хооронд байдаг хүнд элементүүд  юм. Гамма цацраг туяа нь дунджаар 500
орчим жил байдаг бол радио идэвхит хүнд элементүүд нь альфа идэвхтэй
элемент учраас  олон мянган жилийн “настай”, хүний бие махбодид агаар
буюу усаар нэвтэрч хорт хавдар, хөгжлийн бусад гажгийг үүсгэдгээрээ
аюултай.      
   ЦАТ-ийг аж ахуйн эргэлтэд оруулж,  дахин ашиглах гарцыг эрдэмтэд
хайсаар байгаа. Өнөөдрийн байдлаар гол найдвар цөмийн хурдан реакторт
байгаа гэдэг. Ийм маягийн реактороор ЦАТ-ийг дахин боловсруулж хаягдлаас
плутоний, уран, цацраг идэвхт хүнд элементүүд, хуваагдлын бусад
бүтээгдэхүүнийг салган авч дахин ашигладаг болж байгаа. Тийм төрлийн
реактор хуруу дарам цөөн тооны оронд /ОХУ, Япон, АНУ, Хятад, Энэтхэгт/
бий. Цаашид хурдан нейтроноор ажиллах реакторын тоо нэмэгдэх байх.
ЦАТ-ийг ашиглахад цөмийн зэвсэг хийхэд ашиглаж болох түүхий эд болох
плутонийг гаргаж авч болох учраас ийм технологийг олон улсын нарийн
хяналтад байлгах учиртай.

  Уранаа юу юугүй ашиглах нь оновчгүй алхам

   Их өндөр өртөг зардал бүхий ийм реакторыг одоогоор зөвхөн том гүрнүүд
л хийж,  ажиллуулах боломжтой. Гэхдээ цаашид 40-60 жилийн дараа уг
реакторын технологи улам боловсронгуй болж,  тоо нь нэмэгдэхийн хэрээр
ЦАТ-ний асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж чадах болов уу гэж бодож
байна. Зарим эрдэмтэн, судлаачдын үзэж байгаагаар 50-60 жилийн дараа 
шинэ үеийн хурдан реакторын эрчим хүч үйлдвэрлэх боломж, өөрөөр хэлбэл
нэг тонн цөмийн түлшээр цахилгаан эрчим хүч гаргах боломж бараг 60 дахин
нэмэгдэнэ гэдэг. Тиймээс бид цөмийн цахилгаан станц барих, уранаа юу
юугүй их хэмжээгээр ашиглах нь хэр оновчтой бол гэж болгоомжилдог.
Түүний оронд ойрын үед Цөмийн судалгааны реактор барьж, энэ чиглэлээр
нарийн мэргэжлийн  боловсон хүчнээ бэлтгэж, мөн хөгжиж байгаа бусад орны
боловсон хүчнийг тодорхой зардлаар сургавал ямар вэ гэж хувь хүнийхээ
хувьд боддог, ийм санаа бодлоо Ерөнхий сайдад бичиж байсан.
Манай улс нэг хэсэгтээ байгалийн бусад ашигт малтмалаа ашиглаж болох юм.
Нүүрс, байгалийн хийн дэлхийн нөөц багасах тусам үнэ нь ойрын 40 жилд
өснө. Нөгөөтэйгүүр, хэрэв эрчим хүчний цоо шинэ төрлийн эх үүсвэр гарч
ирэхгүй бол энэ зууны хоёрдугаар хагасаас уран болон сэргээгдэх эрчим
хүчний эрэлт хэрэглээ аяндаа ихэснэ. Тэр үед ураны үнэ дээд цэгтээ хүрнэ
гэж таамаглаж байна. Энэ мэтийг бодолцвол, мөн цаашид техник технологи
аюулгүй байдлын хувьд улам баталгаатай болох хүртэл бид уранаа одоо их
хэмжээгээр ашиглахгүй байж болох юм.  

   Оросын хурдан реакторууд хаана байрладаг вэ?

   Оросын Маяк, Челябинскт байдаг, тэнд ЦАТ-ийг дахин боловсруулдаг гэсэн. Мөн Томскт дахин боловсруулах юм гэсэн.

   Манай хойд хилийн ойролцоох Ангарск хотод ийм реактор бий юу?

   Ангарскт  реактор байхгүй. Тэнд ураныг баяжуулдаг, харин ЦАТ-ийг дахин боловсруулдаггүй юм гэсэн.   
     

Фүкүшимагийн талаарх санал дүгнэлтийг танилцуулна

 

   Японд болсон газар хөдлөлтийн улмаас Фүкүшима АЦС-д осол гарсан.
Энэ үйл явдал нь олон улс дахь “энхийн атом”-ын талаарх бодлыг ихээхэн
өөрчилсөн. Улс орнууд цөмийн энергийн салбар дахь бодлогоо эргэн  хянаж,
зарим нь
АЦС-уудаа хаахад хүрээд буй. ОУАЭА цаашид ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?

   Олон улсын хамтын нийгэмлэг ихэд цочролд орсон нь үнэн. Энэ талаар
сүүлийн гурван сар гаруйн хугацаанд маш их материал нийтлэгдэж, ширүүн
яриа маргаан ч гарсан. Европын тун цөөн тооны улс цөмийн энергийн
бодлогоо эргэж харж байгаа нь үнэн. Гэхдээ дийлэнх нь цөмийн хөтөлбөрөө
үргэжлүүлэн хэрэгжүүлэх бодолтой байгаа нь ч ажиглагдсан. Гол нь улс
орнууд цөмийн байгууламжийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд
урьдынхаасаа илүү анхаарах болж байгаа.
   Агентлагийн хувьд, осол гарсны дараахан мэргэжилтнүүд нь Японд
томилолтоор ажиллан мэргэжлийн зөвлөгөө өгч, зарим газар цацрагийн
тархалтын чиг, хэмжээний хэмжилт хийж мэдэгдэж байсан. Мөн Ерөнхий
захирал Ю. Амано өөрөө Японд очсоноос гадна Агентлагийн санаачилгаар
нөхцөл байдалтай нь газар дээр нь очиж танилцах олон улсын төлөөлөгчдийн
хэсэг ажиллалаад саявтар урьдчилсан дүгнэлтээ гаргаад байна. Тэд энэ
сарын 20-24-нд цөмийн аюулгүй байдлын асуудлаар Сайд нарын хэмжээнд
болох Олон улсын бага хуралд өөрийн  санал дүгнэлтийг танилцуулна. Энэ
бага хурлаас Фүкүшимагийн ослын талаар дүгнэн хэлэлцэж, цөмийн аюулгүй
байдлыг цаашид хэрхэн бэхжүүлэх тухай 20 гаруй зүйл бүхий олон улсын
Тунхаглал гарна.
   Тунхаглалын төслийг одоогоор эцэслээгүй байна. Энэ чухал хурлын явц,
дүнгийн талаар Mongolian Mining Journal сэтгүүл уншигчдадаа дэлгэрэнгүй
мэдээлбэл тун чухал бөгөөд улс оронд маань хэрэгтэй. Бага хурлын
материал, Тунхаглалын агуулгыг Агентлагийн Захирагчдын зөвлөлөөр болон
тус байгууллагын дээд байгууллага болох Ерөнхий бага хурлаар хэлэлцэж,
аваар ослын мөрөөр авах арга хэмжээ болон ер нь цөмийн аюулгүй байдлыг
цаашид бэхжүүлэх талаар үйл ажиллагааны Хөтөлбөр гарна. Хөтөлбөрийн
хэрэгжилтийн явцыг үе үе хэлэлцэж, дүгнэлт хийхээр тохирч байгаа.  

Ураны улаан номноос Монголын тухай…

   Дэлхийн улс орнуудын сонирхол анхаарлыг манай улс руу төвлөрүүлээд
байгаа зүйл нь мэдээж  ураны нөөц юм. Уран олборлолтоор дэлхийд
тэргүүлэгч томоохон компаниудын дийлэнх нь Монгол улсад ороод
ирлээ.Тэгвэл Монгол улс тэдгээр компанитай ямар бодлого баримталж
хамтарч ажиллах ёстой гэж Та боддог вэ?

   Би энэ талаар маш ерөнхий зүйлийг л хэлж чадна. Дээр хэлсэнчлэн ураны
эрэлт хэрэгцээ цаашид нэмэгдэнэ. Ураны талаарх бүрэн мэдээллийг хоёр
жил тутам хэвлэгддэг Улаан номноос авч болдог. 2011 оны холбогдолтой
мэдээллийг 2012 оны 6-7 сард гарах дугаараас авч болно байх. Тэрхүү
дугаарт нь манай ураны тухай тодорхой мэдээлэл орж байгаа. Номны бүтэц,
агуулгын талаар одоо Агентлагийн хэмжээнд ярилцаж байна. Ер нь ураны
талаар Агентлагаас маш олон тооны судалгаа, мэдээлэл авч болно. Ураны
салбарыг хөгжүүлж эхэлж байгаа улс орнуудад зориулсан олон тооны заавар,
гарын авлага бий. Хамгийн их эрэлт хэрэгцээтэй нь бараг 20 жилийн өмнө
гаргасан Уран олборлож, хүдрийг нь боловсруулах төслүүдийг хэрэгжүүлэх 160 гаруй хуудас бүхий гарын авлага байдаг. Тэр авлагыг уншихад ямар арга хэмжээг, ямар дэс дараалалтай авах, чухам юунд анхаарах талаар тодорхой бичсэн байдаг.
   Ураны том компаниудтай хамтарч ажиллахад анхаарах зүйл гэвэл олон
улсын практикаас харж байхад юуны өмнө тодорхой, сайн хууль тогтоомжтой
байх хэрэгтэй юм. Тэгээд хуулиа, мөн нэгдэж орсон Олон улсын гэрээ
конвенцийн заалтуудаа нарийн чанд мөрдөх нь чухал. Гэвч манай хуульд
олон улсын хэмжээнд баримталбал зохих зарим нэг заалт сайн тусгалаа
олоогүй. Түүнийг манай Цөмийн энергийн газар ч сайн мэдэж байгаа.
Байгаль орчны хувьд уран олборлолт бол тун “бохир” бизнес юм. Иймд бусад
улсын туршлагыг харгалзан, том компаниудтай гэрээ хэлцэл байгуулахынхаа
өмнө олборлолт явуулах газар, тэр орчныхоо талаар, түүний дотор хөрсний
гео-химийн бүтэц, тэр хавийн хөрсөн дор байгаа усны дээжийг авч тухайн
компанид албан ёсоор мэдэгдсэн байх хэрэгтэй. Тэгвэл хожим янз бүрийн
яриа, хэрүүл маргаан гарах нь бага. Энэ мэтийн жижиг юм шиг боловч хожим
нь хүндрэл учруулж болохуйц асуудлын талаар тодорхой тохиролцоонд хүрч,
хариуцлагын талаар ч мөн урьдчилан тодорхой тохирсон байх хэрэгтэй.
   Ураны чиглэлээр миний л мэдэж буйгаар Агентлагаас хоёр ч удаа /2008,
2009 онд/ нарийн мэргэжлийн хүмүүс Монголд очиж байдалтай газар дээр нь
танилцаж тодорхой санал зөвлөгөө өгсөн. Харин хэрэгжилт нь ямар байгааг
мэдэхгүй юм. Энэ талаар Агентлагийн мэргэжлийн хүмүүстэй намраас уулзаж
ярилцах бодолтой байгаа.

   Монгол улсын Цөмийн энергийн тухай хууль нь гадны хөрөнгө
оруулагчдад хүлээлт үүсгээд байгаа. Хуулийг засч, өөрчлөх хэрэгтэй гэж
үзэх мэргэжилтнүүд ч бий. Энэ талаар Та ямар бодолтой байдаг вэ? Манай
улсын Цөмийн энергийн тухай хууль олон улсын хэм хэмжээнд хэр нийцдэг
вэ?     
 

   Манай хууль ерөнхийдөө дажгүй хууль болсон гэж бодож байна. Гэхдээ
олон улсын хэмжээнд тогтож байгаа зарим зарчим, хэм хэмжээнд хүрэхгүй
заалт орсныг Агентлаг төдийгүй манай УИХ-ын гишүүд ч мэдэж байгаа. Иймд
бид хуулийнхаа англи орчуулгыг чанартай хийгээд,  агуулгынх нь талаар
Агентлагаас зөвлөгөө авч хуулиа цогц төдийгүй мөн төгөлдөр, олон улсын
жишигт нийцсэн болгох хэрэгтэй гэж боддог.

   Цөмийн салбарт хөл тавьж байгаа манай улс цөмийн аюулгүй байдлын талаар ямар бодлого баримтлах ёстой вэ?

   Өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатарт Геополитикийн хүрээлэн Гадаад
харилцааны яамтай хамтран геополитикийн шинэ нөхцөл байдлын асуудлаар
эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Би “Эрчим хүчний аюулгүй байдал: ОУАЭА-тай хамтран ажиллах нь” гэсэн сэдвээр илтгэл тавьж, тэр чиглэлээр манай талаас авбал зохих 11 зүйл бүхий санал тавьсан байгаа.

   Манай улсын цөмийн зэвсэггүй статусын асуудал Агентлагийн хэмжээнд
яригддаг уу? Энэхүү статусын үндэсний зохицуулагчийн хувьд Та юу хэлэх
вэ?

   Энэ асуудал нь цөмийн энхийн ажиллагаатай шууд холбоогүй учраас
Агентлагийн хэмжээнд тодорхой яригддаггүй. Бид ч хэлэлцүүлэх гэж
зүтгэдэггүй. Гэхдээ Агентлагийн гурван гол чиг үүргийн нэг нь цөмийн эд
материалыг цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглуулахгүй байх, түүнд хараа
хяналт тавих явдал юм. Энэ чиглэлээр Иран, Сири болон БНАСАУ-ын цөмийн
хөтөлбөрийн асуудлыг хэлэлцдэг.
   Монголын статусын асуудлын гол нь түүнийг олон улсын хэмжээнд хүлээн
зөвшөөрүүлж,  цөмийн зэвсэгтэй таван гүрнээр аюулгүй байдлын баталгаа
гаргуулж авах явдал юм. Тэр утгаараа цөмийн зэвсэггүй бүсүүдийн асуудлыг
хэлэлцвэл манай асуудлыг хэлэлцэж болох талтай. Гэхдээ бид Агентлагт
энэ асуудлыг тавьдаггүй. Харин цөмийн зэвсгийг хураах асуудлаар ярилцаж
зөвлөлдөхөд бид бүсийн сэдвийг хөндөж ярьдаг. Тийм яриа хэлэлцээг Венад
бид хоёр ч удаа санаачлан зохион байгуулаад байгаа. Манай цөмийн
зэвсэггүй бүсийн статусын асуудлын талаар цөмийн зэвсэгтэй таван гүрэн
одоо өөр хоорондоо ярилцаж байгаа, дараа нь бидэнтэй тусгайлан ярилцана.

   Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

    MMJ сэтгүүлийн сурвалжлагч Э. Оджаргал нь энэ сарын 20-24-ний 
өдрүүдэд  Вена хотод болох Цөмийн энергийн аюулгүй байдлын бодлогыг
тодрхойлох  олон улсын форумын үйл ажиллагааг сурвалжлан, Монголын
уншигчдадаа хүргэнэ.  Фүкүшимагийн ослын дараа дэлхий дахинаа цөмийн
эрчмийг ашиглах шинэ хандлага хэрхэн түгэж буй талаар сонирхолтой байр
сууриуд, арга туршлага, түүнчлэн эсрэг тэсрэг үзэл бодлыг манай
сурвалжлагаас Та уншаарай. Олон улсын атомын энергийн агентлагиийн дарга
ноён Аманотай ярилцлага хийсэн Монголын сэтгүүлч Э. Оджаргалын цуврал
www. news.mn болон MMJ сэтгүүлд хэвлэгдэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж