Шелдон Р. Северингхаус
Монголын ардчиллын анхны дэмжигч, зөвлөгчдийн нэг Др. Шелдон Р. Северингхаус 2015 оны 12-р сарын 15-нд таалал төгслөө.
1990-ээд оныхон Азийн Сангийн Сэвэрингхаус буюу Шелдоржийг андахгүй. Тэрээр ардчиллын суурийг Монголд тавьсан ихэнх хүмүүсийн “номын” зөвлөгч, тууштай дэмжигч, дотны нөхөр нь байв. Гавъяат хуульч Чимид гуай түүнийг “Өрнөдийн цамхаг” гэж дуудахдаа өндөрийг нь биш, цамхаг шиг түшигтэй, мэдлэгтэй, найдвартайг нь хэлж байсан байх.
Шелдон Р. Северингхаус 1977 онд АНУ-ын Корнеллийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалаад, Тайваны цэргийн дэглэмийг ардчиллах үйл явцад дэмжлэг үзүүлэх Азийн сангийн хөтөлбөрийг хариуцан ажиллаж байсан. 1990 оноос тэрээр Монголын ардчиллыг дэмжих хөтөлбөрийг эхлүүлж, өөрөө удирдан хэрэгжүүлэхдээ Улсын Бага Хурлаас шинэ Үндсэн хуулийг боловсруулах, цаашлаад ардчилсан тогтолцооны тулгуур болох хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал, түүнчлэн дөрөвдөгч засаглал болох хэвлэл мэдээлэл ба иргэний нийгмийн үндэс, хүрээ, хариуцлагын хуваарилалт, харилцааг тодорхойлоход цаг үеэ олсон, амин чухал дэмжлэг үзүүлж байсан. Монголын ардчиллын амжилт Др. Шелдон Р. Северингхаусын сэтгэл зүтгэл, мэдлэг, чадвартай нягт холбоотой юм. Түүнийг 1996 онд Найрамдлын медаль, 2003 онд Монголын Ардчилсан Холбооны Мөнгөн Од одон, 2009 онд Алтан Гадас одонгоор тус тус шагнасан байна.
Шелдон хамтран ажилладаг хүн бүрээ гүн гүнзгий ойлгож, эрмэлзэл ундрааж, тэмүүллийг нь ахиулж, арга барилыг нь уран, оновчтой болгож, ямагт хүндэлж, дэмжиж явсан.
Ардчилал, ардчилсан үнэлэмжийн биет загвар болж байсан тэрээр түвэгтэй, эргэлзээтэй цагт ч Монголын ирээдүйг дандаа өөдрөгөөр харж, монголчуудад ямагт итгэж, урам хайрладаг байсан. Ийм чанараараа Шелдон бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлдэнэ.
Монгол анд найз нар