Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн үеэс шилжилт хийхгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн үеэс шилжилт хийхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна. Тухайлбал, сонгогч оршин суугаа газрынхаа харьяа хэсгийн хороонд очиж саналаа өгнө. Хэрвээ хүндэтгэх шалтгаанаар харьяа газартаа санал өгөх боломжгүй болбол шилжилт хөдөлгөөн хийлгүүлэх хүсэлтээ хэсгийн хороондоо гаргана. Гэхдээ сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн байвал шилжилт хөдөлгөөн хийхийг хуулиар хориглож байна. Хэрэв албан тушаалтан энэхүү хуулийг зөрчин шилжилт хөдөлгөөн хийсэн байвал хариуцлага тооцох болж байна. Энэ саналыг гишүүд гар өргөн дэмжлээ. Хариуцлага тооцохдоо 200-300 мянган төгрөгөөр торгох юм.

Шилжилт хөдөлгөөнийг ийн хязгаарлах болсон нь санал хураах хугацаа дөхчихсөн үед иргэд дүүргээс дүүрэг рүү, эс бөгөөс хотоос хөдөө рүү гэх мэтээр зогсолтгүй шилжилт хөдөлгөөн хийлгэх шатанд будилаан маргаан гардаг учраас энэхүү шинэчилсэн найруулгад зориудаар ийм заалт оруулж өгчээ.

Мөн нэр дэвшигчийн шадар туслагч 500 сонгогч тутамд нэгээс, ухуулагч 200 тутамд нэгээс илүүгүй байхаар хязгаарласныг гишүүдийн олонхи дэмжив. Ийм тоо тавьснаар сонгуулийн сурталчилгааг хуулийн дагуу явуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдүүлнэ гэж үзэж байна.

Түүнчлэн сонгуульд нэр дэвших эрхмүүдийн асуудлыг дараах байдлаар томъёолсныг гишүүд дэмжлээ. Тухайлбал, төсөлд улстөрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирал УИХ-ын гишүүнд нэр дэвшихээр бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа болон төрийн албанаас чөлөөлөгдсөн байх нь зүйтэй гэж үзсэн юм. Уг нь ажлын хэсгийн төвшинд энэ асуудлыг хэлэлцэх шатанд гишүүдээс “Жилийн өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой” гэсэн санал гарч байсан ч, ингэж хатуурхаж болохгүй,  сонгууль болох тухайн оны эхний нэгдүгээр сарын 1-ний өдрөөс албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр  тусгах нь зүйтэй гэж үзсэн юм байна.

Мөн нэг мандаттай тойрогт нэр дэвшигчийн баримт бичгийг тойргийн хороонд хүргүүлэхээс өмнө УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлсэн шийдвэр нийт нэр дэвшигчийн жагсаалт, нэр дэвшүүлсэн хуралдааны тэмдэглэлийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна гэсэн санал оруулж ирснийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдээс дэмжлэг хүлээлээ. Нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ ажлын гурван өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ гэснийг бас дэмжлээ.

Түүнчлэн энэ төсөлд тусгасан хамгийн анхаарал татахуйц асуудал нь санал хураалтыг 20.00 цагт дуусгавар болгохоор заагаад байна. Өмнөх сонгуулийн үед санал хураалтыг 22.00 цагт дуусгаж, хаалгаа түгжиж, саналын хуудсыг тоолох ажиллагааг эхлүүлэдг байсан бол шинэчилсэн төсөлд 2 цагаар урагш татаж, 20.00 цаг болгож танасан нь сонгуулийн санал хураалтын дүнд будилаан орохоос сэргийлсэн арга хэмжээ аж. Гэхдээ энэ заалттай санал нийлэхгүй байгаагаа УИХ-ын гишүүн Су.Батболд илэрхийлж, анхаарч үзэхийг хүсэв. Тэрбээр “Тогтсон уламжлалыг эвдэж санал хураалтыг 20.00 цаг болгож урагшлуулснаар сонгуулийн дүнд нөлөөлж болзошгүй тул үүнийг анхаарч хуучин цагаар нь хэвээр үлдээх ёстой” гэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарын хариултаар бол дэлхий дээр Монгол Улс л ганцаараа 22.00 цагт санал хураалтыг дуусгадаг. Тэгтэл ОХУ 20.00 цагт санал хураалтыг дуусгаж, хаалгаа барьдаг. Мөн бусад орнуудын хувьд 17,00, 18.00, 19.00 цагт тус бүр санал хураалтыг дуусгадаг байх жишээтэй. Санал хураалтыг ингэж эрт дуусгаснаар дүн нь тухайн өдөртөө багтан эхнээсээ гардаг. Монгол Улсын хувьд маргааш өдрөөс нь санал хураалтын дүнг сонсдог. Энэ нь ч санал шүүмжлэлд дагуулдаг байна. “Монголоос хүн амын хувьд хэдэн саяар илүү, олон сая сонгогчтой оронд санал хураалтын дүн өдөртөө гарч болоод байхад 2.7 сая иргэнээс ердөө нэг сая сонгогч санал хураалтад оролцсон байхад өдөр дамнан дүн гардаг нь будилаан үүсэхэд нөлөөлж байна” гэсэн хардлага ч төрүүлдэг тул энэ бүхэнд цэг тавихаар шийджээ. Энэ санал хуралдаанд оролцсон гишүүдээс дэмжлэг хүлээлээ.

Г. Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж