Хөгжлийн банк тойрсон асуудал одоо ч халуун сэдэв хэвээр байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг одоо хэр нь хуралдаж, дүгнэлтээ баталгаажуулаагүй байгаа. Гэвч ажлын хэсгийн ахлагч Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдээлэлтэй холбогдуулж, Ёс зүйн хороонд хандан “Энержи ресурс”-ыг шалгуулаагүй гэх хэл аманд өртөөд буй аж. Учир нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хувьцаа эзэмшдэг компаниудаа Хөгжлийн банкны санхүүжилтээр дэмжсэн гэх мэдээлэл өнгөрсөн хавар цацагдаж, энэ асуудлыг шалгуулахаар өөрөө Авлигатай тэмцэх газарт хандсан юм. Тус газраас ирүүлсэн албан бичигт энэ асуудлыг УИХ-ын Ёс зүйн хороогоор хэлэлцэх ёстой гэсэн хариуг өгч байжээ.
Онцлоход, Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсэг энэ ондоо багтаан мэдээллээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хороонд тайлагнах боломжгүй болж буй аж. Учир нь ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан орон нутагт ажиллаж байгаад ирсэн ч ажлын хэсэг хуралдаж чадаагүй юм байна.
Мөн ажлын хэсэг өмнө гаргасан дүгнэлтээ баталгаажуулж чадах уу гэдэг ч анхаарал татах асуудал болж хувирч буй. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар энэ асуудлаар мэдээлэл хийхдээ шалгалт хийх явцад Хөгжлийн банкнаас 5.4 тэрбум төгрөг дутлаа хэмээн мэдэгдсэн. Харин Хөгжлийн банкны зүгээс ташаа мэдээлэл хэмээн үгүйсгэж, шүүхэд хандаад байгаа.
Д.БОРХҮҮ