Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнийг сонгохдоо Баянзүрх, Хан-Уул дүүргийн Ардчилсан залуучуудын холбооны төлөөллийг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь эдүгээ маргаан дэгдээгээд буй билээ. Тиймээс өнгөрсөн мягмар гаригт дээрх хоёр дүүргийн Ардчилсан залуучуудын холбооныхон Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор нарт хандан мэдэгдэл хүргүүлсэн юм. Мэдэгдлийнхээ хариуг тэд өнөөдөр Ш.Түвдэндорж даргаас авчээ. Ш.Түвдэндорж дарга “Хуралдааныг дахин зарлах боломжтой, гэхдээ энэ сарын 3-нд болсон хуралдааны хариуцлагыг үүрэхгүй, Нийслэлийн Ардчилсан намын хувьд тус хуралдаанд зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, бусад асуудлыг Ардчилсан залуучуудын холбоо хариуцсан” гэсэн хариу өгсөн байна. Тиймээс дээрх залуус Гадаад харилцааны яаманд очиж, Б.Болор сайдтай уулзах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй байна. Иймд Баянзүрх, Хан-Уул дүүргийн Ардчилсан залуучуудын холбооны залуучууд энэ сарын 20-нд Гадаад харилцааны яамны гадаа жагсахаар болжээ.
Г.Дарь