Гэрэл зургийг: Merlin Meuris / Global Look
Исламын улс бүлгийнхэн “Халифатын дуу хоолой” (Voice of the Caliphate) радиостанцыг Афганистаны зүүн хэсгийн Нангархар мужид ажиллуулж эхэлсэн тухай “The International Business Times” сонин мэдээлэв.
Хэвлэлийн мэдээгээр, хэт даврагчид эфиртээ Засгийн газрын эсрэг мэдэгдэл хийж, залуучуудыг байгууллагадаа элсэхийг уриалсан байлаа. Нэвтрүүлгийг FM долгионоор цацдаг бөгөөд түүнийг мужийн бүх нутагт сонсож болох гэнэ. “Халифатын дуу хоолой” нь залуу хүмүүсийг идэвхтэй элсүүлэхэд нь том нэмэр болж байна гэж Афганы орон нутгийн захиргаа хэлж байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Исламын улс бүлгийн хэт даврагчид “аль-Байан” интернэт радиогоор мэдээгээ англи хэлээр явуулж эхэлжээ. Эхний нэвтрүүлэгт нь исламын дайчдын Сири, Ливи, Ирак дахь үйл ажиллагааны тухай дамжуулсан байлаа.
Үүний хажуугаар, тэд “Dabiq” гэсэн нэртэй онлайн сэтгүүл гарган түүндээ шашны тухай, хэт даврагчдын үзэл бодлыг тайлбарладаг ажээ.
Исламын улс бүлэгт үнэнчийн тангаргаа өргөсөн 1,6 мянган исламын дайчин Афганистаны зүүн дөрвөн мужийн нутгаас эзлэн авсан нь арванхоёрдугаар сарын 6-нд тодорхой болсон юм. Алан хядагчдын энэ түрэмгийллийн зорилго нь Пакистантай хил залгаа нутагт Халифийн улсынхаа шинэ мужийг байгуулахыг эрмэлзэж байгааг харуулж байна. Исламын улс Афганистанд амжилттай давшсан нь Их Британи, АНУ-ын цэргийнхнийг тус орноос эргүүлэн татсан мөн “Талибан” хөдөлгөөн дотор хагаралтай байгаа явдлаас үүдэлтэй гэж шинжээчид үзэж байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР