Монголын үндэсний олон нийтийн телевиз өнгөрсөн жил “Хэцүү анги” нэртэй 60 ангит кино бүтээн үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Киноны зохиолыг бичсэн зохиолч А.Амарсайхан кино зохиолоо роман болгон хэвлүүллээ. Тэрбээр кино зохиолыг роман болгон дахин бичих ажилдаа хоёр он дамнан сууж, чамгүй их хөдөлмөр зарцуулжээ. Кино үзэх, ном унших хоёр өөр. Роман уншиж буй хүн зүрх сэтгэлдээ өөрийн гэх Сүнжид багшийг, Тэмүүнийг, Билгүүнийг, Сувдыг бий болгодог. Кинонд дүрүүдийн харилцан яриа голчлон өрнөж, үзэгч үүгээр дамжуулан дүрүүдээ ойлгож, уг баатрын зан чанарын тухай мэддэг бол романд дүрүүдийн дотоод сэтгэл, бодлууд түлхүү орж, үүний зэрэгцээ зохиогчийн өгүүлэмж нь дүрүүдээ улам тодорхой нарийн зурж гаргаж ирсэн байдгаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл “Хэцүү анги” романыг уншсанаараа дүрүүдийг улам илүү сайн ойлгож авна гэсэн үг.
Романыг МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Галаарид редакторлаж өмнөх үгийг бичжээ. Зохиолч номынхоо төгсгөлд “Хэцүү анги”-ийн уран бүтээлчид, жүжигчдийн тухай өгүүлж, мөн цуврал киноны нээлтийн ёслол, зураг авалтын агшнуудыг харуулсан гэрэл зургуудыг оруулж өгсөн байна. Бас нэг сонирхолтой зүйл нь зохиогч вэб сайтад гарсан үзэгчдийн сэтгэгдлээс номондоо оруулсан байна. “Гоо марал” шагналт “Хэцүү анги” кино зохиол ийнхүү роман болж уншигчдын гар дээр очлоо. Цэнхэр дэлгэцээр л учирч байсан “Хэцүү анги”-ийнхан ийнхүү ширээн дээр, номын шүүгээнд, эсвэл цүнх үүргэвчинд тань үргэлж байх боломжтой боллоо.
Г.Даша