ИТАР-ТАСС/Михаил Климентьев
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Пүрэв гаригт /2015.12.17/ 11 дэх удаагаа жилийн тайлангаа тавилаа. Уламжлал болсон энэ арга хэмжээ Москвагийн Олон улсын худалдааны төвд болсон бөгөөд гадаад, дотоодын 1390 сэтгүүлч оролцсон нь өмнө байгаагүй олон сэтгүүлч оролцжээ. 2001 онд болсон анхны хэвлэлийн хуралд 500 сэтгүүлч оролцож байжээ.
Өмнөх 10 хэвлэлийн бага хурлаар Путин нийтдээ 500 гаруй асуултад хариулжээ
“Нийт 1393 хүн зөвшөөрөл хүссэн ч зарим сэтгүүлч шалгуурыг давсангүй” гэсэн тайлбарыг ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков тайлбарлав. Харин хэнд татгалзсаныг тэр хэлсэнгүй, “тэр нь боловсон биш хэрэг” гэжээ.
Кремлийн сайтад нийтлэгдсэн жагсаалтаас харвал тэнд өнгөрсөн жилийн хэвлэлийн бага хурлын үеэр Путинтэй маргаан өрнүүлсэн “Дождь” (“Бороо”) телевизийн Ксения Собчакийн нэр байв. Мөн ерөнхийлөгчтэй элдэв асуудлаар чөлөөтэй ярьдаг гэх Алс Дорнодын сэтгүүлч эмэгтэй Мария Соловьенко мөн уг жагсаалтад багтжээ. Өмнөх жилүүдэд анхны асуултыг Владимир Путинд тавьж ирсэн Андрей Туманов харин энэ удаа оролцсонгүй.
Түүх өгүүлбэл..
Хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах уламжлалыг Путин 2001 онд эхлүүлжээ. Тэр үед Кремлийн хэвлэлийн албанд ерөнхийлөгчөөс ярилцлага авах хүсэлт ихээр ирдэг байлаа. Эдгээр хүсэлтэд нэгмөсөн хариу өгөх аргыг бодож олсон нь энэ байв. 2001 оны анхны хэвлэлийн бага хурлаа дуусгаад энэ уулзалтыг үргэлжлүүлнэ гэдгээ Путин амалсан юм. Түүнээс хойш 2008-2012 онд буюу Путин Ерөнхий сайдаар ажиллах үед энэ арга хэмжээ тасарчээ. Харин тэрээр 2012 онд зургаан жилийн хугацаагаар төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа энэ арга хэмжээг сэргээсэн юм. Түүний эхний долоон бага хурал нь Кремлийн 14-р байранд болж байсан бөгөөд энэ байр хаагдсаны дараа Путин Краснопресненскийн эрэг дэх Олон улсын худалдааны төвд уг арга хэмжээг хийдэг болжээ.
Цаг хязгаарлахгүй
Хэвлэлийнхэнтэй хийх Путины уулзалт Москвагийн цагаар үд дунд эхлээд хэдэн цаг үргэлжилдэг учраас энэ арга хэмжээг “том” хэмээн тодотгох болжээ.
Яриагаа хэзээ дуусгахыг Путин өөрөө шийддэг. 2001 оны уулзалт нэг цаг 33 минут үргэлжилсэн нь хамгийн бага байв. Хамгийн урт нь 2008 оных байсан бөгөөд тэгэхэд Путин дөрвөн цаг 40 минут асуултад хариулжээ. Өнгөрсөн оны уулзалт нь 3 цаг 30 минут үргэлжилсэн юм.
Путин асуултын сэдвийг урьдчилан өгдөггүй. Төрөл бүрийн салбарын шинжээчидтэй зөвлөлдөн хэвлэлийн бага хуралд бэлддэг байна.
Тогтсон уламжлалын дагуу Путин эхлээд өнгөрч буй оны товч тайлангаа тавьдаг. Дараа нь түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков асуулт тавих хүнийг цохон танилцуулна. Гэхдээ удалгүй тэр ажлыг нь Путин өөртөө авсан байдаг. Зарим туршлагатай сэтгүүлч Путины анхаарлыг татахаар эртнээс зөөлөн тоглоом элдэв зурагт хуудас зэргийг бэлтгэсэн байдаг. Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдэд хавтас, тэмдэглэлийн дэвтэр, үзэг харандаа, шинэ оны хуанли зэргийг дурсгал болгон гардуулдаг.
Кадрын цаана юу үлддэг вэ?
Путины ярилцлагыг "Россия 1", "Россия 24", "Первый канал" сувгууд шууд дамжуулна. Мөн "Маяк", "Вести ФМ", "Радио России" радиогоор ярилцлага шууд явагдана. Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба сэтгүүлчдийг Москвагийн цагаар 8.30 цагаас эхлэн цугларахыг хүсч, уулзалт эхлэхээс цагийн өмнө танхимын хаалгыг барьдаг. Хэвлэлийн бага хурлыг англи, франц, герман хэл рүү орчуулна. Сэтгүүлчид буфетээр үйлчлүүлж, интернэтэд чөлөөтэй нэвтрэх эрхтэй.
Уг арга хэмжээнд бэлтгэх ажил сарын өмнөөс эхлэх бөгөөд хэвлэлийн бага хуралд зориулан 35 тонн тоног төхөөрөмж, хэрэгслийг олон хүн тав хоногийн турш угсардаг.
Оросын эдийн засаг уналтынхаа эцсийн цэгээс гарч чадсан
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа хийв. 11 дэх удаагаа хийж байгаа энэ удаагийн хэвлэлийн хуралд хамгийн олон буюу 1390 сэтгүүлч оролцсоноороо үнэхээр нүсэр боллоо. Уламжлал ёсоор Путин хэвлэлийн бага хурлыг өнгөрч буй онд хийсэн ажлаа тайлагнаж эхэлдэг бол энэ удаа шууд асуулт хариулт руугаа орсон.
Энэ удаагийн хэвлэлийн бага хурал бараг л өнгөрсөн жилийнх шиг гурван цаг 08 минут үргэлжиллээ. Энэ хугацаанд нийт 32 сэтгүүлч асуулт тавин хариулт авчээ. Путины хариултуудыг сонирхвол,
Севастополийг зөвхөн усан цэргийн бааз гэж хөгжүүлэхгүй. ОХУ цаашид тэнгисийн цэргийн флотын стратегийн хүчийг нэмэгдүүлнэ.
Дуулиантай хэргүүдийн мөрдөн байцаалтыг дуусгах нь улс орны улс төрийн системийн тогтвортой байдалд тустай. Немцовын аллагын хэргийн мөрдөн байцаалтын талаар Чеченийн тэргүүн Рамзан Кадыровтой ярилцаагүй гэж мэдэгдээд Борис Немцовыг хөнөөсөн хэргийн үнэнийг заавал тогтоох шаардлагатай гэж Путин мэдэгдэв.
Гадаадын иргэдэд орос хүүхдийг үрчлүүлэхийг хориглосон шийдвэрээ цуцлахыг яарахгүй.
Улсын батлан хамгаалах захиалгын хүрээнд тавигдсан бүх зорилго хэрэгжих ёстой. Гэсэн ч нефтийн үнийн уналтын улмаас батлан хамгаалах салбарын зарим төслийг эхлүүлээгүй, харин эхэлсэнийгээ дуусгах нь дээр гэж тэр онцлов.
Ямар ч албан тушаалтан хуулийн хариуцлагаас мултрахгүй.
Сирийн асуудлаар ОХУ Саудын Арабтай санал зөрөлдөөнтэй ч ижил байр суурь бас бий гэж Путин тэмдэглэв. Исламын улс бүлэглэлийн эсрэг шинэ эвсэл байгуулахыг Путин "нэг сайн ойлгохгүй байна". Исламын улс бүлэглэлийн эсрэг эвсэлд Турк орж байгаа ч тэр нь ОХУ-ын эсрэг чиглээгүй гэж Путин үзжээ.
ОХУ-аас Египет руу нисэх нислэгийг зогсоосон нь тус улсын удирдлагад итгэл алдсаных биш зөвхөн аюулгүйн шаардлага юм гэв.
Украин руу гарч байгаа байгалийн хийн транзитийг таслах хэрэгтэй гэдэгт эргэлзэж буйгаа хэлэв.
Европын холбооны "Туркийн урсгал" төсөл нь Турк Европын холбооны баталгааг авч чадсан нөхцөлд хэрэгжинэ гэж Путин үзлээ.
Байгалийн хийн “Өмнөдийн урсгал” хоолойн хувьд өөрсдийн сонирхолд нийцэхгүй явуургүй бодлого гаргасан Болгарын удирдлагын талаар гайхаж буйгаа хэлэв.
Туркийн “Аккхя” атомын цахилгаан станцад 3,5 тэрбум ам.доллар оруулсан гэдгийг үгүйсгэлээ.
ПД-14 шинэ хөдөлгүүрийг бүтээсэн нь эх орны онгоцны үйлдвэрлэлийн чухал үйл явдал гэж тэр нэрлэв.
Нисэхийн зохион бүтээгчдийг гадаад зах зээлд гаргах ёстой, дотоодын шугамуудыг өөрийн онгоцоор хангах шаардлагатайг тэр хэллээ.
Нефтийн салбарын татварыг нэмэх шийдвэр гаргахдаа Засгийн газар нь алтан өндөг гаргадаг тахиагаа цаазлах ёсгүй гэж Путин сануулав.
Үндэсний хангалуун амьжиргааны сангийн мөнгийг эдийн засгийн хөгжлийн нөхцөлийг бүрдүүлэх төслүүдэд оруулах хэрэгтэйг хэлэв.
Улсын компаниудын удирдлага хувийн орлогоосоо буяны үйлст илүү өгч байхыг санал болгов.
Түүний охидын нэг нь Москвагийн Их сургуулийн дэргэдэх санг удирддаг гэдгийг Путин үгүйсгэлээ. Охидууд нь хувь заяагаа өөрсдөө шийдэх эрхтэйг тэр сануулжээ. Мөн охидууд нь гадаадад амьдрахаар яваагүй, Орост сургуулиа дүүргэсэн гэв. Охид нь гадаад гурван хэлээр чөлөөтэй ярьж, ажилдаа ашиглаж байгаад нь бахархдаг гэж Путин хэлэв.
Хэзээ нэгэн цагт тэтгэврийн насыг нэмэх шаардлагатай болно гэж хүлээн зөвшөөрлөө. Тэтгэврийн системийг сүйрүүлэхгүйн үүднээс түүнийг 10-15 жилийн дараа хийх нь зөв гэж тэр мэдэгджээ. Хэдийгээр шинжээчид эсрэг байгаа ч тэтгэврийг нэмэх цаг болсон гэв.
Хөдөө аж ахуйн салбарын гурван хувийн өсөлт нь зах зээлийг өөрийн үйлдвэрлэгч нарт чөлөөлж өгсөн явдал гэж тэр хэлэв.
Бизнесээ эхэлж байгаа хүмүүсийг татвараас чөлөөлөх шийдвэр гаргахыг тэрээр бүс нутгийн удирдлагад уриалав.
Хөлбөмбөгийг хөгжүүлэх гэж FIFA Орост ДАШТ-ийг явуулах эрх өгсөнийг тэмдэглэв. FIFA-гийн ерөнхийлөгч Йозеф Блаттерийг дэлхийн хөлбөмбөгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан хүндэтгэх хүн гэж Путин үздэг. Тэрээр Блаттер Нобелийн шагнал авах ёстой хүний нэг гэж мэдэгдлээ.
Давамгайлах гэлгүйгээр авлигатай тэмцэхэд бүгдтэй нь шударга, нээлттэй ажиллах саналыг Путин АНУ-д тавилаа. ОХУ АНУ-тай ерөнхийлөгч нь хэн байсан ч харилцаагаа хөгжүүлэхийг хүсч байна.
"Роснефть", "Аэрофлот" зэрэг компанийг хувьчилж болно гэхдээ тэр нь зах зээлийн өрсөлдөөнөөс хамаарна. “Нөөцөө цацахгүйн” тулд Засгийн газар том компаниудыг хувьчлах ажилд ирэх жилд орж магадгүй гэв.
Зарим бүс нутгийг санхүүжүүлэх талаар шаардлагатай шийдвэрийг гаргана. 2016 онд энэ зорилгоор 310 тэрбум рублийг төлөвлөсөн байгаа.
ОХУ Гүржтэй визийн дэглэмээ цуцлахад бэлэн байна. Гүржийн өнөөгийн удирдлагаас нааштай дохиог Орос хүлээж байна. Гүрж улс нь Өмнөд Осети, Абхазтай хамтран гаргах ямар ч шийдвэрийг Орос зөвшөөрнө. Гүржтэй харилцаагаа сэргээхэд бэлэн гэж Оросын лидер мэдэгдэв. Саакашвилийг Украинд албан тушаалд томилсон нь Украины ард түмний нүүр лүү нулимсан хэрэг гэж Путин үзлээ. Гүржийн задран бутарсан түүх нь тэр улсын удирдагч байсан алдар нэр хөөгчидтэй холбоотой гэж мэдэгдэв.
"Платон" системийн хөрөнгө оруулагчид 29 тэрбум рублийг эдийн засагт оруулсныг ерөнхийлөгч анхаарууллаа. Засвар, хөгжлийн "Платон" системд төсвөөс 10 тэрбумыг оруулж байгаа ба түүнийг бүрэн шалгаж болно гэв. "Платон" системийн цугларсан бүх хөрөнгө хувь хүний халаасснд ороогүй, ОХУ-ын Замын санд орж байна гэж тэр онцлов.
Том хотуудад төлбөртэй зогсоолгүйгээр тээврийн асуудлыг шийдэх боломжгүй гэхдээ үнийг нь бодит байдалд тулгуурлан тогтоох шаардлагатай.
Ерөнхий прокурор Юрий Чайкагийн үйлдэлд дүгнэлт хийхээсээ өмнө үйлдэлд нь ашиг сонирхолын зөрчил байгаа эсэхийг тогтоохыг Путин санал болгов.
Эдийн засагтаа төсвийн хэмнэлт хийх хэрэгтэйг Орос мэдэж байна.
Цэргийн хээрийн сургуулийн зардлын хэсгийг Сири дэр Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд хандуулсан байгаа. “Тэр нь төсөвт ноцтой дарамт авчраагүй. Цэргийн сургуульд төлөвлөсөн зардлынхаа хэсгийг бид Сири дэх Агаар, сансарын хүчний ажиллагаанд дайчилсан “ хэмээн Путин тайлбарлав. ОХУ Сирид дайныг эхлээгүй, тусгай ажиллагааг явуулж байгаа ба тэр нь төсөвт ноцтой дарамтгүй гэж Путин мэдэгдлээ.
Минскийн хэлэлцээрийг биелүүлэх талаар Украины хийж байгаа үйлдлийг урвалж шарвалт гэж нэрлэв. Орос сөргөлдөөний хурцатгах сонирхолгүй. Гэхдээ сөргөлдөөнт байдлыг Украины зүүн өмнөд нутгийн иргэдийг устгах замаар шийдэж болохгүй гэж тэр онцоллоо. Орос Украинд ямар нэгэн хориг тавихгүй. Харин зүгээр л Украины эдэлж байсан хөнгөлөлт, урамшуулал үгүй болно. Баривчлагдсан хүмүүсийг солилцох нь Украины талын яриа хэлэлцээрийн зүйл бөгөөд солилцоо бүрэн дүүрэн хийгдэх ёстой. “Бүгдийг бүгдээр” гэсэн зарчмаар явагдах шаардлагатай. Орос энэ асуудлаар Донбассыг дэмжинэ гэлээ.
Сирид Оросын байнгын цэргийн бааз хэрэгтэй гэдэгт Путин эргэлзэж байна. Орос агаарын довтолгооны ажиллагаагаа үргэлжлүүлж, Сирийн армийн давшилтыг дэмжинэ. Мөн алан хядагчидтай тэмцэж байгаа Сирийн сөрөг хүчинтэй холбогдохыг хичээх болно гэж тэр мэдэгдлээ. Сирийн асуудлыг улс төрөөр шийдэхээс өөр замгүй гэдэг Оросын төлөвлөгөө АНУ-ынхтай бараг таарч байгаа. Сирийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлэн тогтоол гаргуулах АНУ-ын санаачлагыг Орос ерөнхийдөө зөвшөөрч байна. Тэр нь Сирийн удирдлагад тохирно гэж найдаж буйгаа Путин хэлэв. Сирийг хэн удирдахыг гаднаас тулгахыг Орос хэзээ ч зөвшөөрөхгүй.
Турк дэх мөлхөө исламизаци нь Оросын аюулгүй байдалд нөлөөлж байна. Тэнд исламын дайчид нь бүгж, эмчлүүлж байна гэж Путин онцлов. Туркийн ард түмэн манай түнш байсан, байх ч болно, харин өнөөгийн Туркийн удирдлагатай тохиролцох боломж гэж бараг үгүй.
Исламын улс бүлэглэл нь бүс нутгийн гурав дахь хүчний хууль бус наймаа болон эдийн засгийн сонирхлыг хамгаалж байна гэж Путин мэдэгдлээ.
Туркэд сүйрсэн онгоцны хэрэг нь “Туркийн удирдлагууд америкчуудын нэг газрыг долоохоор “шийдсэний үр дүн байж болно” хэмээн Путин хэлэв. Энэ хэргийн дараа бүс нутгийг орхих орон бол Орос биш гэж тэр онцлов. Онгоцны хэргийн шалтгааныг тодруулахын оронд Туркийн эрх баригчид гомдлоо гаргахаар НАТО руу гүйсэнд нь Путин дургүйцэв. Оросын онгоцны эсрэг Туркийн эрх баригчдын үйлдэл бол дайсагнал.
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохгүй гэлээ. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах Төв банк ба Засгийн газрын бодлогыг Путин дэмжиж байна. ТБ-ны бодлогын хүүг захиргааны аргаар буулгаж болохгүй гэдэгт тэр итгэлтэй байгаагаа хэлэв. Үнэ буурсан ч бараа эргэлт өслөө. Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 2016 онд 0,7%, 2017 онд 1,9%, 2018 онд 2,4% болно гэж тооцож байна. Төсвийн тооцоо хийхийг засгийн газар яарахгүй, гэхдээ хэрэг явдлын ямар ч өрнөлтөд бэлэн байгааг тэр хэллээ. Төсвийн алдагдал нь ДНБ-ий 2,8-2,9% хувь байгаа нь муугүй үзүүлэлт гэж ерөнхийлөгч үзлээ.
ОХУ-ын гадаад өрийн бууралт нь барууны хоригийн сайн тал юм хэмээн тэр үзэв.
ОХУ-ын валютын нөөц хангалтай гэв.
Оросын эдийн засаг уналтынхаа эцсийн цэгээс гарч чадсан гэж Путин хэллээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР