Исламын улс /ИУ/ бүлгийн удирдлага гадаадын хуурамч мөнгөний үйлдвэрлэлийг бий болгож чадсан гэнэ. Үйлдвэрлэсэн хуурамч мөнгөө өөрсдийн хянаж буй нутгийн хөрш орнууд, цаашлаад гадаад орнуудад гаргаж байна хэмээн Сирийн өмгөөлөгчдийн холбооны коллегийн дарга Низар Али ас-Сакиф мэдэгдлээ. Дейр-эз-Зор мужид тэд хуурамч мөнгөний үйлдвэрийг тэд байгуулсан, мөн тэд өндөр чанартай техник ашиглаж байгаа хэмээн өмгөөлөгч хэлжээ.
Ливаны шинжээч Рид Савай хэлснээр, ИУ бүлэглэл нь Сицилийн мафийн "Коза ностра" маягийн зохион байгуулалттай гэнэ. Өөрийн Халифын улсыг байгуулахын тулд тэд юу ч хийхээс буцахгүй байгаа аж. Савайн тооцоогоор зөвхөн мансууруулах бодисын наймаа нь тэдэнд нэг тэрбум ам.долларын орлого оруулж байгаа ба тэд хар тамхийг Африкийн сувгаар Европ руу зөөдөг ажээ.
ИУ бүлэглэлийг АНУ, Канад, Их Британи, Австрали, Турк, Египет, АНЭ, Энэтхэг, Индонези, ОХУ зэрэгт террорист байгууллага гэж үзэн хориглосон байгаа.
Ашиг нь буурахгүй байна
Шинжээчийн хэлснээр, хэрэв "Аль-Каида" том биш бие даасан бүлэглэл байсан бол ИУ нь нийтийг тангараг өргүүлэх зарчмаар төвлөрсөн улсыг байгуулж байна. Мафийн энэ машин нь байгалийн баялаг, үр тариа, хөвөнг худалдаж байгаа бөгөөд тэдний хяналтад одоо Ирак, Сирийн хүн амын тал хувь байгаа юм. Үр тарианы наймаа нь тэдэнд жилдээ 200 сая ам.долларын ашиг оруулдаг гэнэ.
Алан хядагчдын толгойлогч Абу Бакр аль-Багдадийг дэмжигчид гадаадад хангалттай байгаа гэж тэр ярив. 2013-2014 онд дэмжигчид нь 40 сая ам.долларын хандив цуглуулжээ.
Археологийн үнэт зүйлээс ИУ хичнээн орлого олж байгаа нь тодорхойгүй. Иракаас 1,2 тэрбум ам.долларын урлаг соёлын үнэт бүтээлүүдийг зөөсөн гэж Иракийн парламентын комисс тооцжээ.
Номын сан, музейн ховор ном судрын нууц худалдаа нь тэдэнд орлого оруулж эхэлсэн гэнэ. Үүнийг орлого гэж ойлгохын өмнө тэд 10 мянгаад ховор дурсгалыг устгаж амжжээ.
ИУ-ын эмирүүд нь хяналтад байгаа нутгийнхаа хүн амыг бараг боолчилжээ. Амьдарч байгаа газраасаа явахад нэг хүн 1000 ам.доллар төлөх ёстой бөгөөд ингэхдээ зөвхөн хоёр долоо хоногийн хугацаатай л явах эрхтэй. Боловсролтой чинээлэг хүмүүсийг ядуустай адилхан болгож, “баялгийг нь хуваадаг” боллоо гэж Савай тайлбарлав.
Түүний яриагаар, ИУ нь техникийн мэргэжилтнүүд, нефтийн инженерүүд, эрчим хүчний ба компьютерийн мэргэжилтнүүд, эмч, эмнэлгийн ажилтнуудыг өөрсдийн мэдэлд байлгах сонирхолтой гэнэ. Тэдэнд Сирийн хувьд өндөр болох сарын 1,5 мянган ам.долларын цалин өгч байгаа гэнэ. Гэтэл дайчдын хээрийн дарга нь 3000 ам.доллар, ердийн цэрэг нь 400-500 долларын цалинтай гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Холбоотой мэдээ