-Олборлолт буурч байхад хэрэглээ өндөр хэвээр байгаа нь өөдрөг дүгнэлт хийхэд нөлөөлж байна-
Ашигт малтмалын үнэ дэлхий даяараа уналтын үедээ байна. Нэн ялангуяа газрын тосны үнэ таамаглаж болох доод хэмжээндээ хүрээд байгаа ч, энэ үнээс дахин буурах төлөв байгаа нь олборлогчдыг айлгаж байна.
Газрын тосны олборлогчдыг нэгтгэдэг ОПЕК ойрын үед ээлжит бус уулзалт хийж магадгүй байна. Түүхий нефтийн үнэ бирж дээр нэг баррель нь 35-38 ам.доллар байгаа нь сүүлийн долоон жилийн доод үнэ юм.
ОПЕК-ийн ерөнхийлөгч байгаад өнгөрсөн долоо хоногт ажлаа өгсөн Нигерийн Газрын тосны сайд Эммануэль Качикву ирэх оны хоёрдугаар сар гэхэд зах зээлийн үнэ тогтворжино гэж саяхан мэдэгдсэн. “Хэрвээ түүхий нефтийн үнэ ойрын үед өсөхгүй бол бид яаралтай цуглаж, асуудлыг ярилцах хэрэгтэй” гэж Эммануэль Качикву хэлсэнийг ОПЕК-ийн олон гишүүн дэмжиж байгаа. Үнэ ийнхүү унасаар байхад гол олборлогчийн нэг Саудын Араб зах зээлийг ханатал нефть олборлосоор байгаа нь байдлыг улам муутгаж байгаа юм.
ОПЕК-ийн сүүлийн уулзалт энэ сарын эхээр болсон бөгөөд уулзалтад оролцсон гишүүн орнууд зөрчилдсөн байр суурьтай байсан байна. Нефтийн үнэ Lehman Brothers-аас үүдэлтэй 2008 оны хямралын үеийн түвшинд одоо очоод байгаа юм. Сайн чанарын, тухайлбал, WTI маркийн газрын тосны 34-35 орчим ам.доллар байгаа бол үүнээс чанарын хувьд муу нефтийн үнэ 30 ам.доллараас доошоо ороод байна. Иракийн Басра хавиас олборлодог нефтийн нэг баррель нь Азийн зах зээлд 26 ам.доллар, баруун Канадаас олборлодог муу чанарын нефть 22 ам.доллар байгаа бол Ираны Форузанаас олборлож байгаа сайн чанарын нефть 31 ам.доллар байна.
Харин АНУ-ын Төв банкны үзэж байгаагаар ОПЕК ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа, яагаад гэвэл ОПЕК дотроо нөлөө бүхий Саудын Араб өөрийн заналт дайсан Ираны эсрэг зориуд ийм бодлого барьж байгаа гэнэ. Энэ дайсагналд нь ОПЕК-ийн блокод хамаардаггүй Оросын нөхцөл байдал улам нэрмээс болж байгаа аж. Энэ сарын эхээр болсон ОПЕК-ийн уулзалтын үеэр Саудын Араб хэрвээ ОХУ болон Ирак тэдэнтэй санал нэгдэх юм бол өдөрт олборлох нефтээ нэг сая баррелиар багасгаж болно гэсэн нөхцөл тулгасан нь зөвхөн татктикийн заль байсан, учир нь, ОХУ, Ирак энэ нөхцөлийг хүлээн авахгүй нь тодорхой байсан хэмээн ажиглагчид үзэж байна.
Газрын тосны үнэ ийнхүү шалдаа бууж байгаа жинхэнэ шалтгааныг тайлбарлах бодитой үндэслэл бараг алга. Газрын тосны томоохон экспортлогч Орос үүнээс илүү муу нөхцөл байдалд бэлэн байна хэмээн тус улсын Сангийн сайд Антон Силуанов мэдэгдсэн. “ОПЕК-ийн зүгээс тодорхой бодлого байхгүй байна. Тоглогч бүр өөрийн дураар хөдөлж байна. Өөрсдөө зах зээлээ бий болгож байгаа нь газрын тосыг улам үнэгүйдүүлж байна. Ирэх 2016 онд үнэ улам унана гэж зарим нь ярьж байна. 30 ам.доллараас ч бууж магадгүй л юм. Хэрвээ жилийн өмнө бидэнд нэг баррель нефтийн үнэ 40 ам.доллараас доош бууна гэж хэн нэгэн хэлсэн бол бид инээлдэх байсан. Тиймээс муу бүхэнд бэлэн байх хэрэгтэй” хэмээн тэрбээр ярьжээ. Барууны орнуудын зүгээс тавьсан хоригийн улмаас эдийн засаг нь тэртэй тэргүй сайнгүй байхад экспортын гол бүтээгдэхүүний үнэ унасан учраас оросууд одоо үнэхээр хүнд байдалд байгаа юм. ОХУ-ын Төв банкны ерөнхийлөгч хатагтай Эльвира Набиуллина нефтийн үнийг 35 ам.доллар гэж тооцон ирэх оны төсөөллөө хийж байгаагаа ярьжээ.
Харин АНУ-ын Төв банкны үзэж байгаагаар ОПЕК ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа, яагаад гэвэл ОПЕК дотроо нөлөө бүхий Саудын Араб өөрийн заналт дайсан Ираны эсрэг зориуд ийм бодлого барьж байгаа гэнэ. Энэ дайсагналд нь ОПЕК-ийн блокод хамаардаггүй Оросын нөхцөл байдал улам нэрмээс болж байгаа аж. Энэ сарын эхээр болсон ОПЕК-ийн уулзалтын үеэр Саудын Араб хэрвээ ОХУ болон Ирак тэдэнтэй санал нэгдэх юм бол өдөрт олборлох нефтээ нэг сая баррелиар багасгаж болно гэсэн нөхцөл тулгасан нь зөвхөн татктикийн заль байсан, учир нь, ОХУ, Ирак энэ нөхцөлийг хүлээн авахгүй нь тодорхой байсан хэмээн ажиглагчид үзэж байна.
Уг нь ОПЕК-ийн дараагийн уулзалт ирэх оны зургадугаар сар хавьцаа болох учиртай. Гэсэн ч тэрнээс өмнө ОПЕК-ийн гишүүд санхүүгийн хүндрэлд орох нь бараг тодорхой байгаа учраас ээлжит бус уулзалт зайлшгүй. Саудын Араб хүртэл төсвийн алдагдлаа багасгахын тулд төрийн худалдан авалтад зарцуулах хөрөнгөө бууруулахаар шийджээ. Саудын Арабын төсвийн алдагдал ДНБ-ий 20 хувьд хүрээд байгаа юм.
Нефтийн үнэ ийнхүү унах нь хэрэглэгч орнуудын хувьд харин хөрөнгөө өсгөх боломж, яагаад гэвэл ОПЕК-ийн орнуудын алдагдсан орлого, импортлогч орнуудад хөрөнгө болон үлдэж байгаа юм. Тухайлбал, 2012 оны байдлаар ОПЕК-ийн орнуудын орлого 1.2 их наяд ам.доллар байсан бол нефтийн үнэ энэ түвшиндээ байх аваас ирэх онд 400 тэрбум болно. JP Morgan-ий тооцоогоор нефтийн үнэ унаснаар дэлхийн эдийн засгийн өсөлт 0.3 хувиар нэмэгдэх аж.
Хэдийгээр ийм сайн мэдээ байгаа ч муу мэдээ бас байгаа нь нөөц нефтийн хэмжээ өдрийн 1.5 сая баррель байгаа явдал. 1980-аад онд энэ нөөц 10 саяд хүрч байсан юм. Энэ нь нефть олборлогч орны аль нэгэнд улс төрийн онц ноцтой өөрчлөлт гарах ч юм уу, эсвэл Персийн булангийн нефть дамжуулах хоолойг алан хядагчид дэлбэллээ гэж муугаар бодоход дэлхий нийтээрээ нефтийн шокод орно гэсэн үг юм.
Barclays-ийн Мисвин Махешийн үзэж байгаагаар нефтийн үнэ ийм доод түвшинд удаан байхгүй. Нефть экспортлогч орнуудын байдлыг ажиглан тэд ийм дүгнэлт хийж байна. Тухайлбал, Ливид улс төрийн тогтворгүй байдал хадгалагдсаар байгаа, Иран хэдийгээр нефтийн олборлолтоо нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа ч Иранд тавьсан эдийн засаг бүрэн цуцлагдаагүй байгаа, тэгээд ч Ираны нефтийн ордуудын нөөц шавхагдаж байгаа. Алжирын хувьд мөн адил, ордууд нь нөөцөө шавхаж байгаа юм байна. Махешийн тооцоогоор ирэх онд Алжир өдөртөө 100 мянган баррель, Венесуэль 80 мянга, Катар 45 мянга, Эквадор 45 мянган баррель нефть олборлохоор байгаа нь өмнөх жилүүдийнхээс бага юм. Мөн Хойд мөсөн далайгаас олборлох нефтийн хэмжээ 180 мянга, Төв Азиас 190 мянган баррель болж буурна. Харин АНУ-ын хувьд нефтийн олборлолтоос олох орлого нь буурч байгаа ч энэ алдагдлаа занарын олборлолтоор нөхөж байгаа.
Олборлолт ийн буурч байхад хэрэглээ өндөр хэвээр байгаа нь өөдрөг дүгнэлт хийхэд нөлөөлж байна. Тухайлбал, Хятадын хэрэглээ өссөөр байгаа. Barclays-гийн тооцоогоор өнгөрсөн 2014 онд Хятадын нефтийн хэрэглээ өдөрт 600 мянган баррелиар өссөн байна. Сүүлийн 12 сарын дүнгээр тус улс дахь автоамшины тоо 20 саяар нэмэгдсэн.
Бэлтгэсэн А.ШАРАВ