Тираннозаврын гавалыг Монголд буцаан өгөхөөр шүүхэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Тираннозаврын гавалыг Монголд буцаан өгөхөөр шүүхэд ханджээ

 

2007 онд дуудлага худалдаагаар 276 мянган ам.доллараар зарагдсан тираннозаврын гавалыг Монголд буцаан өгөхөөр АНУ-ын прокурорууд шүүхэд зарга үүсгэжээ. Монголоос хууль бусаар хил давуулсан тираннозаврын 813 мм урт гавалыг Калифорнийн худалдан авагчаас буцаан авахаар Манхэттен дүүргийн шүүхэд зарга үүсгэсэн аж. Хэдийгээр худалдан авагч махчин үлэг гүрвэлийн гавалыг буцаан өгөхийг зөвшөөрсөн боловч хуулийн дагуу шүүхээр шийдэх ёстой юм.

 

АНУ-ын хууль хяналтынхан 2012 оноос хойш Монголоос хууль бусаар хил давж, дуудлагаар худалдагдсан олон тооны үлэг гүрвэлийн арга ясыг буцаан өгөөд байгаа юм. Тухайлбал, динозаврын чулуужсан өндөгтэй үүр, олон тооны жижиг үлдэгдэл, гүрвэл, яст мэлхий зэргийг Монголд буцаан өгчээ.

 

“Эдгээр чулуужсан үлдэгдлүүд нь соёл, шинжлэх ухааны чухал ач холбогдолтой.  Энэхүү үнэлшгүй ховор үзмэрүүд хэн нэгэн хувийн цуглуулагчид бэлэг дурсгалын зүйл мэт зарагдах ёсгүй” гэж АНУ-ын хууль хяналтынхан ярьсан байна.

 

Тираннозаврын гавалыг 2006 оны зургадугаар сард Монголын хилээр хууль бусаар гаргасан аж. Улмаар Японоос АНУ-ын Флорида хотод авчирсан бөгөөд 2007 оны гуравдугаар сард дуудлагаар худалджээ.

 

Цэрдийн галавын сүүлч үеийн тираннозаврын гавал нь маш ховор олдвор юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж