ЕАШТ-ийг Франц гурав дахь удаагаа хүлээн авч байна

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

ЕАШТ-ийг Франц гурав дахь удаагаа хүлээн авч байна

2016 оны Европийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтуудын сугалааны ёслол өнгөрсөн бямба гаригт Франц улсын нийслэл Парис хотын Их хурлуудын ордонд болж өнгөрсөн.

“Евро -2016” тэмцээнд оролцож байгаа 24 багуудаас Исланд, Умард Ирланд, Уэльс, Албани, Словак зэрэг 5 орны баг Европийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтонд анх удаа шалгарч тивийн хөлбөмбөгийн спортын түүхийг бас нэг шинэ хуудсаар баяжуулж байна.

Тэмцээний 6 хэсэг бүрт багтсан багууд хоорондоо тойргийн журмаар тоглолт хийж эхний байранд орсон 2 баг, тэрчлэн хэсэг бүрт гуравдугаар байранд орсон 6 багаас хамгийн олон оноо цуглуулсан 4 баг наймны нэгд шалгарч цааш хасагдах журмаар өрсөлдөнө.

“Евро -2016” тэмцээн 2016 оны зургаадугаар сарын 10-долоодугаар 10-ны өдрүүдэд Франц улсын Парис, Сен-Дени, Марсель, Лион, Бордо, Сент- Этьен, Тулуз, Ланс, Лилль и Ницце хотуудад болно. Хэсгийн тоглолтууд 2016 оны зургаадугаар сарын 10-22, наймны нэгийн тоглолтууд зургаадугаар сарын 25-27, дөрөвний нэгийн тоглолтууд зургаадугаар сарын 30-долоодугаар сарын 3, хагас шигшээ тоглолтууд долоодугаар сарын 6-7, алтан медалийн төлөө тоглолт долоодугаар сарын 10-ны өдөр болно.

“Евро – 2016” тэмцээн нь Парис хотын дагуул хот болох Сен-Дени хотод “Stade de France" цэнгэлдэх хүрээлэнд “А” хэсгийн франц, румыний багуудын тоглолтоор эхэлж долоодугаар сарын 10-ны өдөр мөн цэнгэлдэх хүрээлэнд болох шувтаргын тоглолтоор өндөрлөнө.

Европийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг 1960 онд Франц улс зохион байгуулж тоглолтууд Парис, Марсель хотуудад тоглолтууд болж тус тэмцээний шигшээ тоглолтонд ЗХУ, Чехословак, Франц, Югославын 4 баг өрсөлдөж ЗХУ-ын баг нэмэлт хугацаанд довтлогч Виктор Понедельникийн Югославын багийн хаалганд хийсэн гоолын ачаар 2:1 онооны харьцаагаар ялж европийн анхны аварга болж байжээ. Франц улс нь Европийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг дараа нь 1984 онд мөн нутагтаа зохион байгуулж байжээ.

ХБНГУ-ын баг нь европийн аварга шалгаруулах тэмцээнд 12 удаа оролцсон амжилтаар, францийн довтлогч Мишель Платини 9 гоол хийсэн амжилтаар тэргүүлж байна. М.Платинийн тогтоосон амжилтыг давах боломж тус бүр 6 гоол хийгээд байгаад шведийн тоглогч Златан Ибрагимович, португалийн тоглогч Криштиан Роналду хоёрт байна.

Европийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Испанийн баг 1964, 2008, 2012 онуудад, ХБНГУ-ын баг 1972, 1980, 1996 онуудад тус бүр 3 удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлж байна. Францийн баг 1984, 2000 онуудад 2 удаа, ЗХУ-ын баг 1960, Италийн баг 1968, Чехословакийн баг 1976, Голландын баг 1988, Даниын баг 1992, Грекийн баг 2004 онд тус бүр 1 удаа түрүүлж байжээ.

Европийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтонд 1980 оноос 8 баг, 1996 оноос 16 баг, 2016 оноос 24 баг оролцдог болжээ.

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж