Эхлээд ажлын хэсгийн ахлагч эрхэм гишүүн Су.Батболд мэдээлэл хийсэн юм. Төр, төсвийн байгууллага, төрийн оролцоотой байгууллагын үйл ажиллагааг ил тод байлгах, иргэн, хуулийн этгээд эрж хайсан мэдээллээ авах эрхийг хангахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулах юм байна. Нийт дөрвөн төрлийн мэдээллийг хуулиар ил тод болгожээ. Төр, төсвийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, төсөв санхүү, төр, орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах, тендэр шалгаруулахтай холбоотой мэдээлэл үүнд хамрагдах ажээ. Хуулийг батлахад нууцуудтай холбоой хуулиуд нэлээд саад тээг болсон аж. Төрийн болон хувь хүний нууцтай холбоотой асуудлыг энэ хуулиар хөндөхгүй, харин байгууллагын нууцтай холбоотой асуудал төрийн нууцтай харшлахгүй бол нийтэд мэдээлж болох ажээ. Төр, төсвийн байгууллагууд хэрэгцээт мэдээллийг цахим хуудсанд байрлуулах үүрэгтэй болж байна. Архиваас ч олон зүйл гаргахаар болсон байна.
Э.Бат-Үүл гишүүн энэ хууль цагаа олж батлагдлаа хэмээсэн юм. “Төрийн үйл ажиллагаа, төрийн оролцоотой бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын мэдээллийг ил тод болгох нь олон нийтийн дунд хурцаар тавигдаж байгаа асуудал. Хэрэв албан тушаалтан мэдээллийг ил болгох үргээ биелүүлэхгүй бол хариуцлага хүлээлгэнэ. Төр өнөөдөр том хөрөнгө оруулагч, том бараа худалдан авагч боллоо. Хуулийн төслийг хэдэн жилийн өмнө өргөн барих үед төр ийм байдалд хүрнэ гэж саначлагчид мэдээгүй байсан. Өнөөдөр төр хамгийн том компани болсон үед хууль цагаа олж гарлаа” гэлээ.
Хэрэв дээд албан тушаалтан доод тушаалтандаа мэдээ мэдээлэл тараахыг хоригловол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин өсгөсөн хэмжээгээр торгож давтан тийм байдал гаргавал ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар хуульд тусгажээ.
Иргэдийн хүссэн мэдээлэлд тухайн байгууллага ажлын долоон өдөрт багтаан мэдээлэл өгөх аж. Хэрэв багтахгүй бол дахин нэг удаа долоо хоногоор сунгаж болох юм байна. Төр, төсвийн байгууллагууд ч ашгийн байгууллага учраас өрсөлдөгчтэй. Тиймд тухайн байгууллагын судалгаа шинжилгээ, төсөл, технологийн нууцтай холбоотой, төрийн нууцтай холбоотой мэдээллийг задруулахыг хоригложээ.
Хуулийг өнөөдрөөс мөрдөх бөгөөд цөөн заалтыг 2011 оны арванхоёрдугаар сарын 1-нээс мөрдөхөөр болсон байна.