Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улс нүүрснээс татгалзах бодлогыг баримтлах тухай ярьж байхад Азийн хамгийн хөгжингүй орнууд болох Япон, Өмнөд Солонгос улс шинээр 61 нүүрсний станц барихаар төлөвлөж байна. Өмнөд Солонгос улс 2021 оныг хүртэл 20 шинэ нүүрсний станц барихаар төлөвлөжээ. Өмнөд Солонгосын эрчим хүчний корпорацийн (KEPCO) мэдээлснээр нүүрсний станцууд хүчин чадлынхаа 80 хувийг, хийн үйлдвэрүүд 35-40 хувийг ашигладаг аж.
Харин Япон улс ирэх 10 жилийн хугацаанд 41 нүүрсний станц барих төлөвлөгөөтэй гэнэ. Гэтэл Япон улс 1990-2030 оныг хүртэл хүлэмжийн хий ялгарлыг 18 хувиар багасгах зорилт дэвшүүлсэн байдаг ч 2011 оны Фукушима АЦС-ын цөмийн ослоос хойш энэ төлөвлөгөө эргэлзээтэй болж ирсэн аж.
Дэлхий дахин хүн ам олонтой, бохирдол ихтэй Хятад, Энэтхэгт анхаарлаа хэт хандуулснаас Япон, Өмнөд Солонгос улсууд орхигдсон хэмээн ажиглагчид шүүмжилжээ. Энэ хоёр орон Парист болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хурлын үеэр танилцуулсан хэмжээнээс илүү хорт ялгарлыг багасгах боломжтой гэж үзэж байгаа аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS