Ходоод боловсруулж дийлэхгүй хоол хүнсийг ихээр хэрэглэх нь өвчний эх үүсвэр болдог хэмээн хоол хүнс судлаач Н.Энхцогт та бүхэнд зөвлөж байна.
Боловсрогдож чадаагүй илүүдэл хоол хүнс ээлжээ хүлээн ходоод, гэдсэнд хэвтэж байдаг. Зүгээр ч хэвтэхгүй муу дээрээ улам ялзраад, нян бактери үүсгээд эд эрхтнийг дотроос нь өвчлүүлээд байж байдаг. Хүн биеэ өвдөхөөр тэр вирус, энэ халдвар, энэ агаар, энэ уснаас боллоо гэх биш өөрөөсөө шалтаг шалтгааныг нь хайх хэрэгтэй. Хэт ихээр замбараагүй идсэн хоол хүнс гадагшилж чадахгүй байгаагаас бүдүүн гэдсэнд өтгөний ялзрал бий болж нянгууд үржиж өвчний эх үүсвэрийг бий болгож байна гэж ойлгох ёстой. Тиймээс л бүх өвчин бүдүүн гэдсэнд эхлэнэ гэж анхааруулаад байгаа юм.
Хүний гэдсэнд 2-4 кг хүртэл өтгөн хадгалагддаг
Ихэнх хүмүүс 2-4 бүр 7-10 хоног хүндэрдэггүй гэж ярьдаг. Энэ бол үнэхээр аймшигтай. Ингэж удаан өтгөнөө хадгалдаг хүмүүс ихэнхдээ бүдүүн бэлхүүстэй байдаг. Яагаад өтгөн хатаж, их хэмжээний илүүдэл өтгөнийг гэдсэндээ хадгалаад байна вэ? Өтгөн хатаж, тэр ихээхэн хэмжээний илүүдэл өтгөнийг гэдсэндээ хадгалаад байгаагийн гол шалтгаан нь цавуулаг ихтэй урсдаггүй, наалдамхай шинжтэй будаа, цагаан гурил, генийн өөрчлөлттэй хүнс байнга хэрэглэх, сахар ихээр агуулсан чихэрлэг хүнсний замбараагүй хэрэглээ зэрэг юм. Мөн ходоод, гэдэсний хавдар үүсэх шалтгаанд мах их идэх, цардуул ихтэй хүнсийг өөх тостой хольж тогмол хэрэглэх /хуушуур, бууз, цуйван гэх мэт/, хөдөлгөөний дутагдал, сэтгэлийн хямрал зэрэг хамаарна. Ийм хоол хүнс хэрэглэдэг хүмүүсийн бүдүүн гэдэсний хана цардагдан шархны тав мэт наалдацтай болж, хоол боловсруулалт алдагдана. Жишээ нь хүний идсэн хоол 24-48 цагийн дотор биеэс бүрэн гадагшилсан байх ёстой байтал үүнээс илүү хугацаанд биед байх өтгөний хуримтлал нь гэдэсний халуун орчинд илүү ихээр ялзарч, илүү хоруу чанартай болсноор наад зах нь элэг, цөс, өндгөвч, бөөр гэх мэт дотор эрхтний өвчлөл үүсгэхээс гадна бүр 10-15 жилийн дараа бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог.
Өтгөн хатдаг бол ямар хоол идэх вэ?
Таны толгой байн байн өвдөж, дотор чинь муухайрч, хоолны дуршил муудаж, нүүрэн хэсгийн арьсны гоо сайхан чинь алдагдаж байгаа бол та бүдүүн гэдсэндээ ихээхэн хэмжээний хор хуримтлуулаад байгаагийн нэг илрэл. Нарийхан бэлхүүстэйгээр эрүүл амьдрахыг хүсвэл махыг зохистой иддэг болохын зэрэгцээ эслэг ихтэй хүнс сайн хэрэглэж, эрүүл аж төрөх сонголтыг хий!
- Эслэг ихтэй байгалийн гарлаараа байгаа бүтэн үр тариа, бүтэн будаа, төрөл бүрийн бүдүүн гурил, хүнсний хивэг, соёолж хальстайгаа, үртэйгээ жимс, ногоог түлхүү идэх хэрэгтэй. Эслэг хэмээх зүйл нь хүний бүдүүн гэдсийг гүрвэлзүүлж хоолны үлдэгдлийг гадагшлуулж өгдөг. Харин эсрэгээрээ эслэггүй болон цардуул ихтэй хоол хүнс ходоодны хананд наалдаж гүрвэлзэх хөдөлгөөнд саад учруулдаг.
- Зөв бүтэцтэй (шүлтлэг) биологийн идэвхитэй усыг өдөрт хоёр литрийг зөв цагт ууж хэвших. Өглөөнөөс их үд хүртэл түлхүү уугаад оройн цагаар багасгах.
- Мөн улаан буудайн хоёрдугаар гурилыг, арвайн гурилтай хольж, бага зэрэг хүнсний хивэг нэмж хөөлгөөд мантуу хийж, монгол байцаа, шар лууван, улаан манжингаар зууш бэлтгэж, зөөхийгөөр амтлаад, үхрийн жигнэсэн гүзээтэй идвэл зардал чирэгдэл багатай үдийн хоолны нэг хувилбар болно. Ийм хоол хийж идвэл таны өтгөн лав хатахгүй.
Өтгөн хатдаг хүмүүст өгөх зөвлөгөө
Орчин үед хүмүүс амьдрахын тулд идээд байна уу идэхийн тулд амьдарч байна уу гэдгээ мэдэхээ байтлаа иддэг болжээ. Бие организмаа хайрлахгүйгээр буруу хүнсийг хэт ихээр хэрэглэж байна. Эрт дээр үед манай монголчууд ямар хүнсийг хэзээ идэх үү гэдгээ мэддэг, хэрэгцээтэй хүнсийг шилж сонгож иддэг байж. Хүнс гэдэг үг маань өөрөө хүн+эс буюу хүн биедээ байгаа эсээ хооллох гэсэн утгатай. Эсийг дан ганц хоолоор бус нарны гэрэл, цэвэр агаар, шингэн ус гэх мэт бүхий л зүйлээр хооллоно гэсэн үг.
- Манайхны нэг буруу зуршил бол хоолоо яарч сандарч хурдан иддэг (халуунаар), идэж буй хоолоо бараг зажлахгүй шахуу залгиад байдаг. Амны хөндийд хоол боловсруулалтын ихэнх хэсэг явагддаг. Тиймээс ходоод шүдгүй гэдгийг байнга санаж, сайн зажилж, удаан идвэл төдий чинээ ходоодныхоо ачааллыг хөнгөлж байна гэсэн үг. Сайн зажлагдсан, шүлсээр сайтар дэвтээгдсэн хоол ходоодонд хурдан боловсрогдож, илүүдэл өтгөн нь хурдан гадагшлана гэсэн үг. Тиймээс хоолоо маш сайн зажилж ид.
- Хурдан боловсордог хөнгөн төрлийн хүнсийг түрүүлж ид! Хүмүүс хоолны дараа хоолоо шингээхийн тулд шинэ ногооны салат, жимс идээд байдаг. Энэ буруу! Ойлгомжтойгоор тайлбарлавал эхний хүнд хоолыг боловсруулахын тулд ходоод урт хугацаагаар ажиллах шаардлагатай болвол сүүлд идсэн жимс, ногооны салат, хөнгөн чанарын хоол хурдан муудаж ялзрана гэсэн үг.
- Хэрвээ өчигдөр идсэн хоолоо өнөөдөр гадагшуулж чадаагүй байгаа бол дээрээс нь нэмж хүнд, мах ихтэй хоол хүнс идээд хэрэггүй. Аль болох хөнгөн, эслэг ихтэй, өтгөнөө гадагшлуулах төрлийн хоол хүнс идэж хэвших хэрэгтэй.
- Бүдүүн гэдсээ тогтмол хугацаанд цэвэрлэж байх! Бүдүүн гэдэс цэвэрлэгээний олон аргууд байдаг. Аль өөрт тохиромжтой аргыг сонгож сард 1 удаа эсвэл улирал бүр тогтмол цэвэрлэж байх нь бие эрхтний өвчлөлөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй урт наслах эх үндэс болно.
Эрүүл хүн урд өдөр идсэн зүйлээс хамаарч өдөр бүр хүндэрч, идсэн хоолныхоо шингээгүй үлдэгдэл, бас бус хаягдлаасаа тогтмол салж, бүдүүн гэдсээ цэвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Ийм хүмүүс таарсан мах мариатай, сайхан биетэй, нарийн бэлхүүс, сайхан үстэй, сэргэлэн байдаг.
Бүдүүн гэдэс цэвэрлэх аргууд
1. Эм, ургамлын бэлдмэл, цай
Давс хужиртай ус, гүйлгэдэг эм, халуун чанартай ургамлын цай уух зэрэг аргыг ашиглан ходоод бүдүүн гэдсээ цочроож бохирдлоо гаргадаг хүмүүст зөвлөхөд энэ аргыг төдий л олон удаа битгий хэрэглээрэй. Гүйлгэх замаар шингэнийг их хэмжээгээр алдаж өтгөнөө гадагшлуулж байгаа учраас зөрүүлээд маш их хэмжээний шингэн зүйл уухгүй бол шингэний болон эрдсийн дутагдалд ордог. Хэт ихээр шингэний дутагдалд орсон хүн дараагийн удаа өөрөөрөө өтгөнөө гадагшлуулж чадахгүйд хүрдэг тул эргээд л нөгөө эм, бэлдмэлийнхээ хамааралд ордог сөрөг талтай.
2. Клизм тавих
1,5 литр усаар эмнэлгийн болон гэрийн нөхцөлд клизм тавих. Хэрвээ таны өтгөн байнга хатдаг, олон хоногоор гадагшилдаггүй бол гэрийн нөхцөлд өөрөө өөртөө клизм тавьж сурах л хэрэгтэй. Гэхдээ клизм нь бүдүүн гэдэсний үзүүр хэсэгт (15-20см) бөглөрөөд байгаа өтгөнийг л гадагшлуулахаас биш бүхэлд нь (150-180см) цэвэрлэдэггүй.
3. Аппаратаар цэвэрлэх
Аппаратаар цэвэрлэх арга нь бусад аргаас илүү үр дүнтэй байдаг. Цэвэршүүлсэн усыг бүдүүн гэдэс рүү зөөлөн даралтаар шахан үзүүр хэсгээс мухар хүртэл нь бүтэн цэвэрлэдэг сайн талтай. Гэхдээ олон жил цардуултай хүнс, махан хоол хэрэглэж байсан, архаг өтгөн хаталттай бол өмнө тайлбарласанчлан таны гэдэсний хананд печень шиг дагтаршсан, зузаан давхарга бүхий өтгөн нэг удаагийн угаалтаар бүрэн цэвэрлэгдэхгүй. 7 хоногийн зайтай 2-3 орох тохиолдол гарч болно. Улиралд 1 удаа тогтмол орж байвал илүү үр дүнтэй байдаг. Хүмүүс гэдэсний хэрэгтэй бактер байхгүй болно гэсэн ойлголттой байдаг. 7 хоногийн зайтай 1-3 удаа ороход ямар ч асуудалгүй бөгөөд хүн өдөр тутамдаа хэрэглэж байгаа хоол, хүнсний ногоо, тараг зэргээр бактерийн тэнцвэртэй байдлаа хангаж байдаг.
Эцэст нь сануулахад бүдүүн гэдсээ цэвэрлүүлчихээр одоо болоо гэж бодож болохгүй, хамгийн чухал зөв хооллолт, хөдөлгөөн гэдгийг санаж байгаарай!
Хоол хүнс судлаач Н.ЭНХЦОГТ